Хөгжлийн банкны бонд ба Монголын ирээдүй
Монгол улсын Засгийн газрын нэрээр анх удаа олон улсын зах зээл дээрээс босгосон Хөгжлийн банкны бондыг 2017 оны гуравдугаар сарын 21–ний өдөр хэрхэн төлөх вэ гэдэг асуудал олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.
Энэхүү бондыг МУХБ 2012 онд 5 жилийн хугацаатай, 580 сая ам.доллар, 5.75 хувийн купонтой буюу жилд 2 удаа хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр гаргажээ. Өнөөгийн байдлаар бондын үнэ бага зэрэг буурч, хямдруулж авах өгөөжийн хувь 30% орчим хувьд хүрсэн байдалтай байгаа нь нэг талаас бондын төлөлт хийгдэх хугацаа ойртсон, нөгөө талаас бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй, ямар нэгэн шийдэл гараагүй байгаатай холбоотой байна.
БОНДЫН ӨРИЙГ ЗААВАЛ ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ. ЯАГААД?
Хөгжлийн банкны бондыг эргүүлж төлөх асуудлыг зөвхөн зээл төлж буй талаас харж, төлөхгүй хаяж болдог, дахин хэлэлцээр хийх замаар хугацааг нь сунгачих боломжтой зэрэг өнгөц, амар хялбар талаас харж болох ч энэ нь мөн чанартаа эдийн засгийн ирээдүйн өсөлтийг зогсоох, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрмөсөн хөсөрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үгүй хийх зэрэг уршигт үр дагавартай. Учир нь:
Монголын олон улсад зээлжих зэрэглэл одоогоор “Саа1” буюу маш эрсдэлтэй зэрэглэлд байгаа. Хэрэв бондоо төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл “D” буюу “дампуурсан” зэрэглэлд орох магадлал маш өндөр. Ингэснээр МУ улс дахин гадаадын зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй болно гэсэн үг. Босгосон ч асар өндөр зардал үүрнэ. Мөн дотоодын арилжааны бүх банкууд автоматаар “D” үнэлгээ хүртэх бөгөөд үр дүнд нь банкуудын гаднаас авсан бүх зээл, зээлийн шугамууд гэрээний дагуу буцаан дуудагдаж, асар их хэмжээний валют нэмж гадагшлах эрсдэлтэй.
Ерөнхий сайд, Сангийн сайд, МУХБ-ны гүйцэтгэх захирал зэрэг бодлого тодорхойлж буй томоохон эрх баригчид бүгд бондын төлбөрийг амжилттай төлнө гэдгээ мэдэгдээд буй. Энэ нь гадаадын зах зээлд эерэг мэдээлэл өгч буй хэрэг боловч байдал эсрэгээр эргэвэл хөрөнгө оруулагчдын МУ-д итгэх итгэл бүрмөсөн үгүй болно. Ойрын 5-10 жилдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хүлээгээд хэрэггүй болно гэсэн үг.
БОНДЫН ӨРИЙГ ЯАЖ БАРАГДУУЛАХ ВЭ?
ОУВС-ТАЙ ХАМТРАХ
Одоогоор яригдаж буй зарчмаар Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх. Ингэснээр гадаадын зах зээлд арилжаалагдаж буй МУ-ын бондуудын өгөөж буурч, шинээр хямд зардалтай бонд босгох боломж бүрдэнэ. Уг шинэ эх үүсвэрээр Хөгжлийн банкны бондын өрийг дарах, МУ-ын валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийн хэлбэлзлийг бууруулах зэрэг боломж бүрдэнэ. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг бусад олон улсын байгууллагуудаас санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой талаар мэдэгдээд буй.
ДОТООДЫН НӨӨЦ БОЛОЦООГОО АШИГЛАХ
МУ-ын валютын нөөцөөр бондын төлбөрөө барагдуулах боломжтой гэсэн өөр нэг хувилбар явж байгаа боловч энэ нь эргээд нөөцийн хомсдол үүсгэж төгрөгийн ханш огцом унахад хүргэх эрсдэлтэй.. Иймд энэ хувилбар нь түр зуурын гал унтраах, цаашид валютын нөөцөө ямар нэгэн эх сурвалжаар буцаан нөхөх шаардлагатай зэрэг сул талуудыг агуулж буй юм. Магадгүй хятадад урт хугацаанд хямд үнээр нүүрс нийлүүлэх ганц сонголт үлдэж ч болох юм.
Иймд одоогоор бидэнд буй хамгийн ашигтай хувилбар нь ОУВС-тай хийх хэлэлцээр болж таарч байна. Хэлэлцээр үргэлжилж буй мэдээлэл гарсаар байгаа ч үр дүнг нь ирэх 7 долоо хоног хүртэл хүлээх л үлдлээ.
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ