ОУВС-гийн хөтөлбөрийн эерэг, сөрөг үр дагавар
Монгол Улс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай яриа хоёр ч Засгийн газар дамнан яригдаж, эдүгээ шийдвэрлэх үедээ ирээд байгаа билээ.
Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд ийнхүү хүсэлтээ тавиад буй. Гэхдээ ОУВС-тай хийсэн сүүлийн уулзалтын үр дүнд анх яригдаж байснаасаа эрс өөрчлөгдөж, “Стэнд бай” бус, хэмжээ, нөхцөл шаардлагын хувьд өөр “Extended fund facility’’-д хамрагдах шаардлага үүссэн бололтой.
“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцөлийг хангах ёстой болдог байх жишээтэй.
Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.
Хугацааны хувьд гурван жил буюу 36 cap, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.
Жишээ нь, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй.
ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. Тэрбум ам.доллар батлагдлаа гэхэд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 300-400 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй.
Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа “Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна.
Дахиад Украины жишээ. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Түүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох гэсэн шаардлагыг нэмж оруулжээ.
Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. “Их ажилласан нь ихийг хүргэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг “оновчтой” болгоно гэдэг нь “нэмнэ” гэсэн үг.
ОУВС зээлдүүлэгч учраас мөнгөө буцааж авахын тулд эдийн засгийн тогтолцоог нь аль болох эрүүлжүүлэхийг хичээх нь мэдээж. Гэвч энэ нь цаанаа эерэг, сөрөг хоёр талтай байдаг.
Манай улс нэгэнт зээлийг авахгүй байх боломжгүй болсон учраас “авна” гэж тооцоод ойрын 3-4 жилд эдийн засагт явагдах өөрчлөлт ямар үр дүн авчирч болохыг таамаглах гээд үзье.
СӨРӨГ ҮР ДАГАВАР
Эдийн засаг агшина. Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг. ОУВС-гийн хөтөлбөр нь яг л үүн шиг, төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.
Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. “Extended fond facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг.
Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ.
Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм.
Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. “Extended fond facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг.
Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг.
Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.
Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө “Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ “хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж “Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь “ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.
ОУВС-тай хамтарсан газарт аж үйлдвэрийн салбар сүйрдэг гэсэн яриа бий. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар доройтон аж үйлдвэрийн салбар доройтоход хүрдэг байна.
Соц орнуудаас хөгжлөөрөө онцгойрч асан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон аймшигт иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны эхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авснаас болсон хэрэг.
Руандагийн жишээ ч Югославтай адил. Тэд ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан юм. Давчихвал олон улсад экспортлох боломжтой болно гэж тархийг нь угаасан хэрэг.
Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл яаж тийм хатуу стандарт давах вэ, дотооддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгэнгүүт нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөөд л “будаа”. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хугу, тутси омгийнхны хооронд хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигт иргэний дайн дэгдсэн.
Манайх нэг үндэстний улс учраас арай ч дайн дажинд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хувиараа жаал жуул юм хийж амьдардаг иргэд жижиг бизнесүүд элгээрээ мөлхөх нь дамжиггүй.
1980-аад оны Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд “явдаг” болсон. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт нь хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон.
Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг. Тийм ч учраас улс орнууд ОУВС-тай зууралдахыг хүсдэггүй. Хөтөлбөрт нь хамрагдаж гэмээ нь сөрөг “пи ар” болдог.
Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт болсон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж.
ЭЕРЭГ ҮР ДАГАВАР
“Bloomberg” агентлаг саяхан Монголтой холбоотой боломжийн эерэг мэдээлэл цацсан. Түүнд хэрвээ Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн байсан. Япон тэргүүтэй улсууд бондынхоо эргэн төлөх хуваарийг эргэж харах, олгох зээлийнхээ хүүг буулгах боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Энэ бол хөтөлбөрийг дагаж ирэх эерэг үр дагаврын нэг мөн.
Монгол Улс ийнхүү ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй “EFF” хөтөлбөрт нь хамрагдах магадлал өндөр боллоо. Өмнө нь арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байв.
Хэзээ: 1991 он
Зээлийн хэмжээ: 13.75 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн уналт 1991 онд 9.2 хувь, 1992 онд 9.5 хувьд хүрч байсан нь хамгийн их уналтын жилүүд байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд 1998 онд л 1990 оныхоо төвшинд хүрч очжээ. Өөрөөр хэлбэл, уналтын байдлаас өсөлтийн цэг хүргэл найман жилийг зарцуулсан байдаг.
Хэзээ: 2009 он
Зээлийн хэмжээ: 229.2 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан. Хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байв.
Эх сурвалж: Ардын эрх Х.Батсайхан
URL: