Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал хоёроо эхлээд ялга, гишүүд ээ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Цахим орчинд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төрийг гутаах, доромжлох, гүтгэх асуудал их гарах боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид мөнгө төгрөгтэй холбогдсон, худалдагдах гэх мэтээр дандаа захиалгаар хийдэг боллоо.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гарамжав гишүүнтэй санал нэг байна. Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох асуудлыг давхар хөндсөн тохиолдолд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.
Энэ яриа өнгөрсөн мягмар гарагт Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр болсон. Тэгвэл Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос “Зөвшөөрөлгүй зураг авахыг хориглоно. Зөвшөөрөлгүй авсан зургаа нийтэд түгээн дэлгэрүүлсэн бол хариуцлага тооцно. Хувь иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно” гэсэн заалт оруулах гэж яригдаж байгааг дурдаад хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийг зөрчихийн эсрэг гэдгээ мэдэгдсэн. Бусдын өрөөний зургийг дэлгэсэн асуудал мэргэжлийн гэрэл зурагчидтай холбоогүйг онцлоод ёсзүйг сахин ажилладагаа илэрхийлжээ.
Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мөн л Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай сөхөгдсөн.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар хэвлэлийг нэлээд буруутгасан байна. Манай улстөрчид сэтгүүл зүй, сошиал хоёроо ялгах хэрэгтэй. Маш том андуурал явж байна. Сошиалд яригдсан зүйлийг сэтгүүл зүй гэж ойлгоод байна. Аливаа асуудлыг нийтэд нялзааж ойлгох буруу. Энэ байдлаар МАН-ын 65 гишүүн хэвлэлийн эсрэг байгаа мэт харагдуулж байна.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Сонгуулийн үед яригдах асуудал. Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан өмнөх хуулиар нэг сараас нэг жилийн хугацаагаар хорих ял байсныг хөнгөрүүлж оруулж ирсэн.
Тодруулбал, Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараавал эрүүгийн хариуцлага хүлээж, бусад нөхцөлд Зөрчлийн хуулиар авч үзэх гэнэ. Гэхдээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх тухай “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээснийг одоогийн өөрчлөлтөөр хассан байна. Ингэхээр сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага тооцож болно гэж үзэх нөхцөл бүрдэнэ. Хэт өрөөсгөл энэ заалтаар бол хэн нэгэн ялангуяа улстөрчид сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хуулиар далайлгах эрсдэл бий болно гэсэн үг.
Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн сүлжээтэй андуурч, цахим орчинд иргэн хүний нийтэлсэн зураг, үзэл бодлоо бичсэнийг сэтгүүлчдийн үйл ажиллагаатай хутгаж ойлгох УИХ-ын гишүүд байна. Хамгийн наад зах нь улстөрчдийн биеэ авч явах соёл, ёсзүйн алдааг нийтэлсэн иргэний хувийн фэйсбүүк, твиттерт мэдээлснийг хэвлэлийнхэн, сэтгүүлчид гүтгэлээ, доромжиллоо хэмээн андуурч байгаа нь харамсалтай. Хэт эмзэг байдлаа баталгаажуулахын тулд Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хэлэлцэж, түүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хумих, айлган сүрдүүлэх утга бүхий заалт тусгах гэж байна. Хууль батлах зарчмын анхан шатны мэдэгдэхүүн шинэ гишүүдэд олгохоос гадна юун түрүүнд биеэ зөв авч явах, зохисгүй үйлдэл гаргахгүй, хариуцлагатай байхад сургах ёстой. Уг нь одоогийн парламентад сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан цөөнгүй хүн бий.
Эх сурвалж: www.assa.mn
URL: