“УИД” ХК 841.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ

201500-09022017-1486617402-8842651-bloom“Номин холдинг”-ийн худалдаа үйлчилгээний таван салбар охин компанийн нэг болох “УИД” хувьцаат компани сүүлийн нэг жилийн хугацаанд 5.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх жилийн түвшинд хадгалагдсан үзүүлэлт юм. “УИД” ХК нь хөрөнгө  болох худалдааны зориулалттай долоон давхар байшин буюу бидний нэрлэж заншсанаар Улсын Их Дэлгүүрийг 2002 оноос хойш “Номин Холдинг” болон түүний охин компаниуд болох “Номин Реалтор”, “Номин Тав”-д түрээслүүлдэг тогтмол гэж хэлж болох үндсэн үйл ажиллагаатай компани юм.

Хэдий тийм боловч үйл ажиллагаатай холбоотой хамгийн том зардлын нэг нь валютын ханшийн өсөлттэй холбоотой байжээ. Гадаад валютын ханшийн зөрүүнээс 2015 онд 312.5 сая орчим төгрөг алдаж байсан бол энэ гарз 2016 онд 1.2 тэрбум төгрөг давж, дөрөв дахин нэмэгдсэн байна. Жилийн эцсийн тайлангаар “УИД” ХК нь 841.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тиймээс тус компани ногдол ашиг тараахгүй байх төлөв ажиглагдаж байна. “УИД” ХК нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан аж. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй байдаг.

Дашрамд дурдахад, Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2017 он гарснаар өгсөн хугацаат даалгавраар өмнөх жилүүдэд ногдол ашгийг компани дээрээ олгодог байсан бол хуваарилсан ногдол ашгийн тооцоог бүрэн гаргаж ирүүлэхийг үүрэг болгосон байна. “УИД” ХК нь нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай, нэгдүгээр сарын үнэт цаасны төвлөрлийн судалгаагаар үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 61.19 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 44799 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа ажээ.

М.Дэлгэрмаа

BloombergTV.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих