Шатахууны үнийн дарамт эхэллээ

7637

Эрх баригчид улс оронд тулгараад байгаа олон асуудлыг шийдэх гэж хэрэндээ л ажиллаж байх шиг байна. Эдийн засгийн хямрал, гадаад өр гээд л асуудал юу мундах билээ. Гэтэл ядахад яр гэгчээр шатахууны үнэ бас өнөөх хэдийн нуруун дээр дарамт үүсгэж эхэллээ. Өнөөх хэдээр тогтохгүй одоо бүр ард иргэдийг хүртэл дарамталж байна.

Уг нь Засгийн газар саяхан л автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан. Нэг хэсэг дэлхийн зах зээл нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан. Тэгвэл сүүлийн үед буцаад бага сага өсөөд байгаа. Нөгөө талаар төгрөг цаас болж, ам.долларын ханш хэтэрхий их өссөн.

Энэ шалтгаан нь шатахуун импортлогчдод бензиныхээ үнийг нэмэх сайхан шалтаг болж өгсөн нь дамжиггүй. Тиймээс ч Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг дахин  бууруулсан хэрэг. Өмнө хоёр ч удаа бууруулаад байсан татвараа дахиад багасгасан. Гэхдээ бүр үлэмж хэмжээгээр. Тухайлбал,  автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянга  болгож,/ 90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга/, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга  болгон бууруулж тогтоосон. Үндсэндээ татварыг 3-5 дахин бууруулж байгаа юм.

 

 

…Шалтгаан нь шатахууны үнийн өсөлт юм байх. Уг нь өмнө нь шатахууны үнэ 1530 төгрөг байж байгаад буурч, 1480 болсон. Тэгэхэд хэн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан билээ. Ямар такси компани км тутмынхаа үнийг багасгалаа. “Ёстой тийм юм байхгүй шүү” гэдэг шиг л байсан биз дээ. Гэтэл эргээд хэдэн төгрөг нэмэгдэхтэй зэрэгцээд үнээ өсгөөд эхэллээ. Мэдээж үүнийг хянах систем гэж манайд байхгүй л дээ. Зах зээл л зохицуулах ёстой гээд орхихоос өөр яалтай…

 

 

Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаагаа ч тухайн үед хэлж байсан. Гэтэл өсөлт саармагжих нь битгий хэл эсрэгээрээ идэвхжиж эхэллээ. Хамгийн түрүүнд “Петровис” компани шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмсэн.  Одоо бараг бүх шатахуун импортлогчид үнээ дуу дуугаа авалцан нэмж байна.

 

Уг нь Засгийн газрын тогтоол гарч байхад хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосон. ШӨХТГ-ынхан шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд хэвлэлийн хурал хийж, буцааж бууруулах шаардлага хүргэж байгаа тухайгаа хэлсэн. Тогтоолыг хэрэгжүүлэх гэж үзсэн хэрэг. Гэвч тэдний хүч хүрсэнгүй бололтой. Ямар ч байсан шатахууны үнэ буцаад нэмэгдчихлээ. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа сургаар борооноор дайрдаг чоно шиг хэсэг бүлэг ч бас байна. Юуны өмнө таксинд явдаг “гар”-ууд үнээ 100 төгрөгөөр нэмээд эхэлчихлээ. Уг нь км-ыг нь 800 төгрөгөөр явдаг байтал 900, цаашлаад 1000 төгрөг нэхээд эхэллээ.

 

Шалтгаан нь шатахууны үнийн өсөлт юм байх. Уг нь өмнө нь шатахууны үнэ 1530 төгрөг байж байгаад буурч, 1480 болсон. Тэгэхэд хэн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан билээ. Ямар такси компани км тутмынхаа үнийг багасгалаа. “Ёстой тийм юм байхгүй шүү” гэдэг шиг л байсан биз дээ. Гэтэл эргээд хэдэн төгрөг нэмэгдэхтэй зэрэгцээд үнээ өсгөөд эхэллээ. Мэдээж үүнийг хянах систем гэж манайд байхгүй л дээ. Зах зээл л зохицуулах ёстой гээд орхихоос өөр яалтай.

 

Гэхдээ нэгэнт л шатахууны үнээ зохицуулах гэж янз бүрээр оролдож байгаагаас хойно уг нь энэ удаадаа нэмэгдэхгүй байх бүхий л арга хэмжээг авах ёстой байсан юм.

 

Гэвч Засгийн хийсэн ажлыг шата­хуун импортлогчид ч тоосонгүй, тогтоолын хэ­рэгжилтийг хянах ёстой хү­мүүс нь ч ажлаа илүү сайн хийж чадсангүй бололтой. Ин­гээд л ард түмний нуруун дээр илүү их дарамт ирэх нь тодор­хой болчихлоо. Уг нь шата­хуун импортлогчдын ихэнх нь МАН тодотголтой хү­мүүс байдаг санагдах юм. Дээ­рээс нь энэ намынхан эрх барьж, 65-уулаа саарал ордонд сууж байгаа. Гэтэл шатахууны үнийн асуудлаа бага ч болов тог­тоож дийлсэнгүй. Одоо яал­тай ч билээ, нуруугаа илүү бөг­тийл­гөөд, ачаагаа үүрцгээе дээ.

 

Н.Пунцагболд

Эх сурвалж: Mонголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих