Тэрэлжид нууцаар хуралдсаныг Д.Дамба-Очир гишүүн нотлов

527-14866093902-9-1_700x700МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт Тэрэлжид очиж хуралдсан тухай манай сонин өмнө нь мэдээлсэн. Үүний үргэлжлэл нь даваа гаригт Төрийн ордонд болж, Бүлгийн хуралдаанаа шөнө дөл болтол хийсэн. Мэдээж хэрэг, энэ хурлуудаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь, Тавантолгойн гэрээний талаар ярьсан байдаг.

Тэгвэл баасан гаригийн орой Тэрэлжид МАН-ын харьяалалтай УИХ, Засгийн газрын гишүүд очсон гэдгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Д.Дамба-Очир бол УИХ-д МАН-аас нэр дэвшиж Эрдэнэтээс сонгогдсон гишүүн. Өмнө нь УИХ-д сонгогдож байсан эрхэм л дээ. Бас хүмүүс түүнийг хувийн компаниараа Лүнгийн замыг хэрхэн тавиулж байснаар нь сайн мэднэ.
Тэрээр ярихдаа “…Өнгөрөгч баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүдээ хүлээж авсан нь үнэн. Гэхдээ оройн зоогийн ширээний ард суучихаад Тавантолгой, Эрдэнэт ярина гэж байхгүй. Тийм ч зүйл болоогүй. Баасан гаригт Тэрэлжийн замд байдаг тэр газар амарцгаагаад ирсэн. Тэнд ямар нэг асуудал шийдээгүй. Зохион байгуулалттай хийсэн зүйл байхгүй ээ. Сонгуулиас хойш Засгийн газар, Их хурлын гишүүд бөөндөө уулзаагүй байсан юм.
Тэр утгаараа Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүдээ оройн зоогонд урьсан хэрэг. МАН УИХ-д 65 суудалтай. Тэр утгаараа биднээс маш их зүйл шалтгаална. Тиймээс улс орны ирээдүй, Үндсэн хуулийн асуудал, Улс төрийн намуудын тухай хууль, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гээд хийх ажил их байна. Тэр утгаараа нэг удаа ингээд уулзсан нь зөв байсан” гэжээ. Д.Дамба-Очир гишүүний ярьснаас харахад МАН-ынхан Тэрэлжид очиж хуралджээ. Тэрээр “…Юун гуя” гэдэг шиг л ярьж гарсан байна. Үнэн хэрэгтээ ингэж сандрах хэрэг огтоос үгүй юм. Харин эндээс нэг зүйлийг харж болохоор байгаа юм.
Өнөөдөр Монголын эдийн засаг сайнгүй, бүр дампуурах дээрээ тулсан тухай яригдаж байна. Энд тэндээс зээл тусламж гуйгаад, бүтэлтэй мэдээ бага л сонсогдож байна. Гэтэл Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдээ Тэрэлжид байдаг дөрвөн одтой, өндөр зэрэглэлийн амралтын газарт урьж дайлсан юм байна. Тэр газрынх нь нэг өрөө 300-450 мянган төгрөг, нэг салат, хоолтой идэхэд 70-95 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Очсон гишүүн ганц таваг хоол идчихээд буцахгүй нь ойлгомжтой. Тэгээд бас 70-аад гишүүн, 20-иод сайд, нам засгийн олон хүн дагалдаж очсон гэж байгаа. Тэр зардал хаанаас гарсан бэ. Д.Дамба-Очир гишүүний нотолсноор  Тэрэлжид очиж тулгамдсан асуудлаа л ярьж, удаан уулзаагүй гишүүд, сайд нар сайхан уулзсан юм байна. Тэр ингэж нотоллоо. Бас тэнд идсэн уусан бүхний тооцоог хаанаас гаргасан бэ гэдгийг тодруулах шаардлага гарч байгаа юм. Үүнд хариулт өгөх хүн хэн бэ?
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих