Хотын удирдлага нарт хариуцлага тооцохыг сануулав

olloo_mn_1467424570_sanduiУлаанбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа. Үүний техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн талаар УИХ-ын БОХХААБ-ын хорооны хуралдаанаар хоёр дахиа хэлэлцлээ. Шинэ цэвэрлэх байгууламж яаралтай барихгүй бол Улаанбаатарын ачааллыг одоогийн Төв цэвэрлэх дийлэхгүйд хүрснээс гадна дулаарахаар бохирын үнэр дахин үнэртэнэ гэдгийг онцлов.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр БОХХААБ-ын хорооноос зөвлөмж гаргахад бүх зүйл тодорхойгүй байсан. Мэргэжлийн хүмүүс Төв цэвэрлэхийн талаар янз бүрийн юм хэлдэг. Төрийн бус байгууллагууд нь уялдаа холбоогүй байлаа. Бид асуудлыг нэгтгэж, одоогийн Төв цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлийг хэрхэн хийх техникийн шийд-лийн сонголт хийсэн” гэлээ. Мөн тэрбээр “Саарал усыг ашиглах талаар судалж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ-д саарал усыг ашиглах технологийн талаар тусгаж өгөх хэрэгтэй байна. Барилгын зураг төслийг нь гаргахдаа саарал усыг айлуудад ариун цэврийн зориулалтаар ашиглуулах зорилгоор тусгах саналтай байгаа. Цэвэрлэх бай-гууламжийг барихад улсын төсөв, зээл, тусламж, бондын хөрөнгөөр энэ төслийг санхүү-жүүлэхгүй. Өөрөө бариад, ашиглаад, шилжүүлэх учраас дотоод хөрөнгө оруулалтыг нөхөх боломжтой. Гол нь усны үнийг ярих хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Төв цэвэрлэх байгууламж руу ирж байгаа ус арай дэндүү болсон. Шаардлага хангахгүй ус ирж байгаа учраас Ус сувгийн удирдах газарт торгууль тавих ёстой. Ийм хариуцлагын механизм тогтоовол асуудал шийдэгдэнэ” хэмээсэн юм.

ТЭЗҮ шинэчлэх төсөв нэмэгджээ

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Засгийн газар 2015 онд гаргасан тогтоолдоо концессоор барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ гэж заасан. Цэвэрлэх байгууламж барих тендерт урьдчилсан байдлаар таван компани шалгарсан” гэсэн тайлбар өглөө.

Тендерт шалгарсан зарим компанийн ирүүлсэн санал, зураг төсөл шаардлагад нийцэхгүй байсан тул хариу өгөөгүй гэсэн тайлбарыг ч мэргэжилтнүүд хэлж байв.

Өнгөрсөн хугацаанд таван удаа тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Гэвч хүн амын нягтаршил, үйлдвэржилт Төв цэвэрлэх байгууламжаас гадагшлуулж буй усны бохирдол багасахгүй байгаа тул ажлаа эхлүүлмээр байна гэдгийг холбогдох яамныхан хэлж байв.

Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ, зураг төслийг 4.8 тэрбум төгрөгөөр хийсэн байна. Гэвч төдийлөн сайн болоогүй тул дахин мөнгө нэмж сайжруулах шаардлага тулгарчээ. ТЭЗҮ-ийг Францын компаниар хийлгэсэн ба барилгын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна. Гэхдээ Францын компани өөрийн технологи, бүх зүйлээ оруулж ирнэ гэж зүтгэх, Хятадын компани бас тийм шаардлага тавибал зөрчил үүсч, төсөл зогсох болзошгүй тул дахин сайн нягталж, тохиролцоо хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа БОХХААБ-ын хорооны зарим гишүүн илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тендерт шалгарсан компаниудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн ч Ажлын хэсгийнхэн тодорхой хариулт өгсөнгүй. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Төв цэвэрлэх байгууламжид мэргэжлийн ажилтан үлдээлгүй халаа сэлгээ хийсэн талаар ч дурдаж байв

МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕРГҮЙ БОЛГОСОН БАЙЖЭЭ

Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхнийг Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцахад мэргэжлийн боловсон хүчнээр хангаагүй байсан байна. Мөн Туул гол руу 70 хувийн цэвэршүүлсэн ус нийлүүлж байгаа гэсэн тайлбар өгсөн ч үнэн хэрэг дээрээ 70 хувийн бохирдолтой ус нийлүүлдэг байжээ.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Мэргэжлийн боловсон хүчин дутмаг бай-гаа нь үнэн. Төв цэвэрлэх байгууламжийн химийн цэвэрлэгээ хийдэг хэсэгт нарийн мэргэжилтэн байхгүй. Сайн инженерүүдийг ажлаас нь гаргасан байсан. 2016 оны есдүгээр сард ажил хүлээж авснаас хойш зарим мэргэжлийн инженерийг буцааж ажилд нь авсан” гэсэн тайлбар өгөв.

Одоогийн цэвэрлэх байгууламж 2030 он хүртэл ажиллана. Түүнээс цааш ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Орон сууцны нэг өрхөд хоногт 370 литр ус ногддог байсан бол 2016 оны байдлаар 90 литр болж буурчээ. Тиймээс цэвэрлэх рүү очих бохир усны хэмжээ одоогийнхоос нэмэгдэхгүй гэж үзэж байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламж барихын тулд ТЭЗҮ-д 130 гаруй сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил хийхээр тооцоолжээ. Үүнд арьс, ширний үйлдвэрийг Эмээлтрүү нүүлгэх асуудал орж байгаа. Гэвч санхүүжилтээс болж зогсонги байдалд орсон гэдгийг Ажлын хэсгийнхэн хэллээ.

АРЬС, ШИРНИЙ 26 ҮЙЛДВЭРИЙГ НҮҮЛГЭНЭ

2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, УИХ-ын тогтоолоор арьс, шир боловсруулах 26 үйлдвэрийг нүүлгэж, Эмээлтэд байгуулах үйлдвэр технологийн паркт төвлөрүүлэхээр болсныг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Мөн “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой гэсэн асуудлыг хөндөж байв. Уг нь “Харгиа” НӨҮГ-т Солонгосын хөрөнгө оруулалтаар бүрэн засвар, шинэчлэл хийхээр болсон ч одоогоор эхлээгүй байгаа аж. Учир нь ХААХҮЯ-ныхан Солонгосын “Эксим” банкнаас 20 сая ам.долларын зээл авахаар болсон ч “Харгиа”-д зарцуулах талаар ярилцаагүй гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хот асуудлаа шийдэж чадахгүй байсхийгээд л байнгын хорооны хурлаар хэлэлцүүлдэг боллоо. Улаанбаатарыг бохирын үнэрээс салгаж чадахгүй бол хотын менежер, дарга нараар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцно. Одоогийн хотын дарга ч энэ асуудал хамаатай гэдгийг хатуухан анхаарууллаа.

 

 

/ЗГМ/


URL:

Нэр: зочин Огноо: 13 February 2017

Зайсангийн орон сууцнуудыг Улсын комисс хүлээж авдаг уу? Аялал жуулчлалын зөвшөөрөлтэй газар дээр барьсан байруудыг иргэдэд зарж буй н хууль зөрчөөгүй юү?

Сэтгэгдэл бичих