Мөхөл дайрсан Монгол бөхөн
Ганцхан сарын хугацаанд 14 мянгаар тоологдох бөхөнгийн 2-3 мянга нь хорогдож байгаа нь аюулын харанга дэгдсэний дохио мөн юм. Говь талын сүрийг өдөөж, чимэг болдог цөөхөн амьтдын нэг бол монгол бөхөн. Гэтэл монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэн ховордож, мөхөх аюул тэднийг хэдийнээ нүүрлэжээ.
Дэлхийн 100 ховор амьтдын тоонд багтсан энэ амьтан өнөөдөр үхлийн өөдөө нүүр тулан тэмцэж байна. Улаан номонд бүртгэгдээд байгаа энэхүү амьтныг цаг алдалгүй хамгаалж үлдэх нь манай улсын хувьд чухал асуудал боллоо.
Улсын хэмжээнд хорогдсон бөхөнгийн 27.8 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно, үлдсэн нь янзага эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.
Бөхөнгийн тоо толгой ингэж ихээр хорогдож байгаагийн шалтгааныг бог малаас зэрлэг амьтанд шилждэг мялзан төст өвчин байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ тус халдварт өвчнийг одоогоор баттай тогтоогоогүй бөгөөд БОАЖЯ-наас бөхөнг хамгаалах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм. Халдвар авсан хэдэн бөхөнгөөс дээж авч, гадны томоохон улсын болон дотоодын мал эмнэлгийн шинжилгээнд өгсөн ч хариу нь гарах болоогүй байгаа гэнэ. Харин энэ хугацаанд бөхөнгийн тоо толгой хурдацтай буурсаар байна.
Албаныхан Говь-Алтай аймгийн Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөн, Дарви зэрэг газруудыг халдварын голомт хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Тиймээс эрүүл бөхөн байгаа газрыг хамгаалах, голомтот хэсэг рүү нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээг ажлын хэсгийнхэн аваад байгаа юм. Халдварын голомтод ажилласан хэсэг Шаргын говь, Чандмань , Манхан, Хар ус нуурын орчмын бөхөн эрүүл байгааг гаргажээ. Тэр дундаа Шаргын говь бол одоогоор хамгийн их бөхөн эрүүл байгаа газар юм.
Иймээс малчдын нүүдэл суудлыг түр хугацаагаар хойшлуулж, голомт руу орохоос сэргийлэх арга хэмжээг аваад байна. Учир нь халдвар авсан бөхөн хэт их туугдаад, хөдлөөд ирэхээр дархлаа нь хурдан мууддаг аж.
Одоо бөхөнг хамгаалах хамгийн гол зүйл нь эрүүл байгаа газруудын бөхөнг халдвар авахаас сэргийлж, байнгын ариутгал хийх явдал. Хэрвээ эрүүл байгаа цөөхөн хэсэгт халдварын голомт тархвал монгол бөхөн устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.
Ийнхүү хамгаалах арга хэмжээ эрвийх дэрвийхээрээ авч байгаа ч “мөхөх үү, эс мөхөх үү”-гийн ирмэг дээр байгаа бөхөнг устгаж, эврийг нь зарах гэж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол хууль хяналтынханд бүртгэгджээ. Устах аюулд өртөөд байгаа энэ амьтныг хамгаалахад зөвхөн нэгээхэн хэсгийн ажлын алба гэлтгүй иргэдийн оролцоо ч мөн адил чухал. Харин энэ хүнд үеийг далимдуулж ашиг хонжоо хайгсад тус болдоггүй юм аа гэхэд хороохоо больчихвол хэрэгтэй юмсан.
URL: