Шар тайлах хичээл/ Шог өгүүллэг/
Доорхи зүйлийг өчигдөр уугаад өнөөдөр шартаад хэвтэж байгаа болон өнөөдөр уугаад маргааш шартах элэгний вирус нэгтэнгүүддээ зориулав.
Өнөөдөр би “уухгүй” өнгөрчих санаатай гэрээс гаралгүй зурагтын суваг “солих” мэргэжлийн ажлаа хийгээд зөөлөн буйдан дээр өдөржин хэвтээд “шартахгүй” байх яасан сайхан юм бэ гэж өөртөө хэлдэгийн даваан дээр хадам ах шил юм өвөртөлчихсөн орж ирэв.Эхнэр өдөр орж ирэхдээ “Өнөөдөр чи нэг хүн шиг архи “амсахгүй” өнгөрөөж байх шив.Чамд ойртохоор спиртны шаарнаас ухаж гаргаж ирсэн юм шиг аягүй муухай үнэртэй” гэж ам хамраа таглан өгүүлэв.”Ус цасанд ороод найз нь шинэ төрсөн хүүхэд шиг байна.Миний хайр хөгшнийхөө уруул дээр баяр хүргээд “убай” гэхгүй юм уу” гэж намайг тал засахад эхнэр намжиртай харцаар тас шилбүүрдсэнээ,”Муу архичин хар юмыг би тоож үнсэх үү? Харин чи намайг үнсье гэвэл өмнө минь сөгд” гээд уур барлаа. Ганц өдөр архи уугаагүй өнжиж,сүүлийн таван жилд тогтоогоогүй “рекорд” амжилт тогтоож байхад энэний байж байгаа царайг. Дургүй хүрээд өглөөнөөс хойш уух уу байх уу гэж өөрөөсөө зуу асуугаад эцэст нь “рекорд” тогтоохоор шийдэн, нэг гараа нөгөө гараараа барьж,өөрийнхөө хувьд “аугаа их тэмцэл” хийж ялаад, гар хүрээгүй байсан хөргөгчний халаасанд байгаа гурван зуун гучин граммын “өмнөд”-ийн лаазтай шар айргийг шүүрч аваад залгих гэснээ тэсэв.”Их л даруухан санагдана даа бодогдоно доо” гэж дуу аялан “хошгирч”, эхнэрийнхээ улаан лоолийн амтат шүүснээс дутуугүй улаан уруулыг озлоо. Эхнэр маань их л дуртай байгаа бололтой тааламжтай инээх нь нуруугаа илүүлсэн муур шиг санагдав.
Бодоод байсан чинь үргэлж “согтуу” байдаг би ноднин жил мартын наймнаар эхнэрээ үнссэнээс хойш дахиж “хүрээгүй” бололтой…Эхнэр ажилдаа явахадаа хаалга үүдээ хүнд онгойлгож өгөхгүй гүрийгээд ганц өдрийг давбал шөнө орондоо “саатах”-ыг зөвшөөрнө гээд явлаа. Мөнхийн согтуу амьтан эхнэртэйгээ хамгийн сүүлд эр хүний “ажил” хийснээ санах юм алга. Зурагтаар суваг солин үзэж хэвттэл тас.”Тас” гэдэг чинь одоо миний байнга хэлдэг үг.Өөрийгөө “Тас” компаний “захирал” гэж бодсоор байгаад “тас” гэдэг үг тархинд шингэжээ.Юм л бол “тас” шүү дээ. Гадаа гарлаа тас.Хүнтэй уулзлаа тас.Дэлгүүрт орлоо тас…Эрхэлдэг “алба” маань арьс ширний “чэйнж” гэдэг нэртэй.Өглөө гараад орой ирнэ.Наймаа сайн хийлээ гэж найз нөхөд хөөргөсөөр орой болгон гэртээ “тасарчихсан” ирнэ.Ажил төрөл базаахгүй бол сэтгэлээ “засах” гэж “зуу”-дана.Өвлийн хүйтэнд бол ажил албаны “онцлог”-оос болоод үстэй дээл,эсгий гутал өмссөн ч гэсэн хамраа тасрахаас хамгаалж “зуу” татсаар байгаад өөрөө “тас” явдаг үйлтэй амьтан л даа.Өчигдөр уусан боловч өнөөдөр шараа тайлаагүй “өнжсөн”.Ажил тарахын даваан дээр танил нөхөр Финээс ирсэн дүү нь өгсөн гээд хоёр лонх юм гаргаж,түүнийг нь хувааж хүртсэн хирнээ огт “шартаагүй” байсан юм.”Аав шөл уудаг” ч билүү үсгээр нь хэлвэл “А.Б.С.О.Л.У.Т” гэсэн санагдана.
Ямар “архи” уусан юм бол доо хөөрхий амьдралдаа анх удаагаа шартаагүй өнгөрч,Гиннесийн номонд бичүүлэхээ дөхөж байтал хадам ах “Төрийн албан хаагчдын цалин нэмсэн” гээд шил юмтай “Шивээ Хиагт”-ыг аялаад ороод ирлээ.Уухгүй гэж мянга хэлсэн ч нэмэр алга.” Чамайг шартсан бол уу гэж сайхан сэтгэл гаргаад ганц юм аваад ирсэн нь буруудлаа.Очиж очиж дүү охин минь хорвоогийн хамгийн “хөлдүүс”-тэй гэрлэх гэж.Хүргэн минь намайг хүндлэхгүй бол амиа хорлоно” гээд халааснаасаа гар буу гаргаж ирээд цохондоо тулгалаа.”Би амьд байсан бол нэг хоёр жилийн дараа салбарынхаа сайд болох ирээдүйтэй хүн.Одоо яахав ах дүүсээ хүндэлдэггүй амиа бодсон чам шиг таар шуудайнаас болж,алтан амиа үрэх болж дээ.Чи над шиг хадам ахаар дутахгүй байж болно. Шилдэг боловсон хүчнээ алдаж байгаа Монгол улс л хайран байна…”Ийн өгүүлээд нүднээс нь тэмээний доз-оор бөөн нулимс бөнжигнөн унав.”Авгай хүүхдүүдийг минь асарч,харж яваарай.Миний ломбардад тавьсан аавын манан хөөргийг хүүд минь авч өгөөрэй.Төрсөн дүүгий минь хөөж явуулаад мисс охин авч суугаад сайхан жаргаарай” Би тэссэнгүй түүнд “бууж” өглөө.Тэгээд хадам ахтайгаа “ажлаа” хийлээ.Чапаев,Петька хоёрынхоор бол “ном” уншлаа.Халуурлаа.Гадагшаа гарч хоёр “ном” нэмж “уншив”.Нэг мэдтэл гэрийнхээ тавчиктай Чингис зочид буудлын ресторанд сууж байв.Гоё гоё залуухан хатагтай нар өмнө хойгуур гүйлдээд,хадам ах нэг залуухан бүсгүй өвөр дээрээ суулгачихсан “халамжилж” байхыг харлаа.Сүүлдээ би ч “тас”.Хадам ахын өвөр дээр байсан бүсгүй миний өвөр дээр ч “гүйж” явах шиг.
Тасрахаар нэг хүн хоёр гурав болж харагдах юу ч биш.Нэг удаа би эхнэрээ андуураад хөрш бэлэвсэн хүүхнийд хонож, хоолны шанагаар эхнэртээ эрүүгээ хугартал цохиулсан юм.Тэр олон бүсгүйчүүд байхад ганц бүсгүйг хадам ахтайгаа “хуваалцаад” байх шиг. Мэдэх юм алга…Нэг сэрэхэд хадам ахын найз “гишүүн”-ийд унтаж байлаа.Хэдэн “ном” уншсаныг бүү мэд.Өглөө сэрэхэд хадам ахын найз “гишүүн”-ий туслах охин хонины сүүлээр амталсан үхрийн хар махтай бантан айргийн хулаар хийгээд өмнө минь тавина.Амталсан халуун ногоо төрөл төрлөөрөө ширээ дүүрэн өрөөстэй.Хадам ах ус гүйлэгнэсэн улаан нүдээр “гишүүн” найз руугаа харж,
-Шартаж үхлээ.Шил юм байвал гаргаач гэж тэсгэл алдан хэлнэ.”Гишүүн” литрийн шилтэй хунгийн зурагтай гадаад цагаан архи гаргаж ирэв.Хадам ахын гар хуруу нь салгалаад бөглөөгий нь авах гэж тэвдэв.”Гишүүн” алив би онгойлгоё гэж шилтэйг аваад сурамгай гэгч нь суга татан бөглөөг аваад гурван жүнзэнд мэлтэлзүүлэн хийлээ.Хадам ах “үхлээ үхлээ”.Жүнзтэй архийг шүүрч аваад “гишүүн”-ийг үг хэлэхийн завдалгүй,
-Сайхан шараа тайлахын төлөө гэж хэлээд нэг амьсгаагаар гулгуулав.Би ч тэр “гишүүн” ч тэр өмнөхөө татлаа.Хадам ах “гишүүн”-тэй нэг ангийн багийн найзууд гэнэ.Нэг нь парлемантад сууна.Нөгөө нь нэг яамны хэлтсийн даргын суудалд сууна.Тэдний дэргэд би бол дэндүү жулданаа.Өдөржин гадаа зогсоно.Хааяа суух хэрэг гарвал ганц юм “нухах”-аар хэн нэгний машинд ч юмуу,захын шороон дээр арьс дэвсээд сууна.Тэгээд ч тэд миний “жоохон хүүхэд” гэдгийг гэнэт санасан уу,надаар сөн түшүүллээ.
Үл ялиг хамар нь улайсан “гишүүн” хадам ахад хандан,
-Өнөөдөр амралтын өдөр таарлаа.Хэдүүлээ шараа сайхан тайлж,амарч зугаалъя.Тарвагатай газар очиж,хулгар шарын махаар боодог хийж,манай адуучныд очиж намрын шүд ташсан сайхан айраг уух уу?Эсвэл хөвч хангай бараадаж,зэрлэг бодон унаган,хүрэн шарзаар шараа тайлж жаахан хөгжилдөх үү?Чамтай ойрд уулзсангүй.Миний сонгуулийн компанит ажилд морь нохой мэт зүтгэсэнийг чинь би мартаагүй шүү.Чи саналаа хэл.Бодон унагаана гэвэл нисдэг тэрэг захиалаадахъя гэж их мэдэлтэй төрийн хар хүний дуугаар асуув.Хадам ах яах вэ гэх шиг над руу харсанаа,
-Хөвчид очиж ангуучилъя даа.Салхинд гарч хийморио сэргээе гэж бахдалтай дуугарав.Би ч тэдний дэргэд “жул” гэдгээ хэдийн ухамсарлан ойлгосон болохоор тэр хоёрын амыг Богдын “зарц” шиг харж байлаа.”Гишүүн” ч хадам ах бид хоёрт “шар тайлах” хичээл заахаар нисдэг тэрэг дуудав.Гурван давхар гантиган өргөөний хажууд тэгшхэн зассан теннисны талбайд нисдэг тэрэг ирж буусанаар бидний “аялал” эхэлсэн юм.Бие хамгаалагч нь Афганистаны дайнд явах гэж байгаа мэт дурантай дурангүй урт буунууд,хутга шөвөг,дайзтай сум,хоол хүнсийг бүгдийг бэлтгэн нисдэг тэргэнд оруулав.Хүсвэл эднийд танк эсэргүүцэгч ч байгаа даг аа…Хөвч уулын царман дээр нисдэг тэрэг буулаа.”Гишүүн” хаана юу байдагыг ч андахгүй юм.Энэ дор хадан хамраар уруудаад явахад зэрлэг гахай ихтэй гээд биднийг замчлан алхав.Алаг өнгийн анч нохой нь мөр олсон бололтой өвсөнд хошуугаа шургуулан түрүүлэн давхина…Үнэхээр “аугаа” юм аа,гишүүний хэлсэнээр хадтай хамрыг ороох үед сүрэг зэрлэг гахай асганы ёроолоор сонгино ухан бэлчиж яваа харагдав.Тэгэхэд би гэдэг нусгай Богд ууланд хаана нь зараа байдагыг ч мэдэхгүй шүү дээ.Буун дуу анир гүм байсан хөвчийн уулыг сэргээж,үргэсэн цагаан толгойт тас хадат оройн сэрвэгэр модон дундуур шунган алга болно.”Гишүүн” санасандаа хүрч,ангийн хишгээр буугаа мялаалаа.
Санасаныг бодоход нас бие гүйцсэн бодон гахай Зүүнхараагийн тэжээмэл гахайнаас жижиг харагдав.Туслахууд гал түлж,шорлогийн хурц үнэр шорлог болоогүй дутааж одсон бусад зэрлэг гахайнуудад ч үнэртэхээр содон байв.Шартсан элгэнд сайн гээд “гишүүн” галд өөхтэй шарсан шүүрхий элгийг зэрлэг сонгины хамт мөөгний давсалсан дарштай холиод “шартагсад”-ыг дайлна.Том шилтэй хүрэн шарзаар дүүргэсэн төмөр аягаа барьсаар хадам ах “гишүүн” найзаасаа сөөм ч холдохгүй дагаж далдагнана.Өнөөдөртөө бол хадам ах хүргэнээ мартжээ.Дараа шар тайлах гээд ороод ирэхэд чинь гар бууны дуу сонстол “гүрийнэ” дээ гэж бодов…Тэгэхдээ сайхан байнаа.Жинхэнэ ёсоор “шар тайлдаг” зан үйлийг үзэж байгаадаа захын муу чэйнж банди баярлахгүй гээд яах вэ.Маргааш би шараа тайлах гэж гэртээ халуун ногоотой гоймон усанд чанаж идээд,бурхныхаа өмнөхөөс сэмхэн зуу татчихаад болоод явчихна.Хадам ах ч яам тамга хавиараа шараа тайлчихна.Гишүүн харин хаана шараа тайлах болох бол?…Элэгний вирус нэгтнүүддээ дахин хэлэхэд та нар намайг архины гүн хордлогонд ороод цагаан солио тусаж гэж бүү бодоорой.Согтуудаа зүүдэлсэн ч юм биш,үнэхээр би нэг удаа “сайдын” чансаатай хадам ахынхаа буянаар “шар тайлах хичээл” заалгасан хүн шүү.
Бичсэн Erka
URL: