НУЛИМСТАЙ БӨХӨН

15966643_738832329605568_1345760201_o(1)Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа Баян-Уул сумын нутагт устгалын нэг цэг бий. Энэ нуггаас түүх бөхөнгийн сэг зэмд 2.5 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй ухсан нүх багадах магадлалтай учраас нэмж цэг гаргахаар болов. Өөрөөр хэлбэл, Хөхморьт сумын дараа орох хамгийн олон бөхөнгөө алдсан говийн бударганат нутаг бол энэ. Хүйтэн хавсарга нь энэлэн шаналах мэт тачигнах энэ ээрэм хөндийт талд 18 хүн дөрвөн машин, хоёр мотоцикльтой үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үхсэн бөхөнгийн сэг зэм түүж байна. Сэг бөөн бөөнөөрөө нэг дор бус дандаа ганц ганцаараа л олдоно. Энэ нь бөхөнгийн сүрэг амьтны хуулиар өвчтэйгөө орхиод цааш явсныг, өвдөж зовсон бөхөн бусдынхаа хөлийг гүйцэхгүй хоцорч үлдээд үхсэнийг гэрчилнэ. Гэвч цааш явсан сүрэгийн нэг нэгээр хорогдсоор хэчнээн олон сүрэг энэ их талын энд тэнд бие бие рүүгээ тэмүүлсээр үхэцгээснийг таах аргагүй юм.

Устгалын цэг байгуулах газрын байршлыг тогтоох, усны эх, сан, үерийн амнаас хол мөргөцөг бүхий газар зааварлахаар Усны сав газрын мэргэжилтнүүд болон бидний ирэх замд үхсэн байсан хоёр тас шувуунаас дээж авахаар аймгийн мал эмнэлгийн эмч нарын хамт хөдөллөө. Мялзан төст өвчнөөр ихэвчлэн 1-4 насны нялх, залуугаас гадна хэржин буюу эм бөхөн илүүтэй халдварлаж, үхэж байгааг малын эмч ярьж явав. Сая хөдөлсөн устгалын цэгээс даруй арав гаруй километрийн зайд үлдсэн тас шувууны зэмээс дээж авч, Улсын төв лаборатори руу шинжлүүлэхээр явуулахад бэлэн болголоо. Шувууны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу 7-10 хоногийн дараа гарах боломжтой гэж байв.

Харин хажууханд нь хөсрий хэвтэх бөхөнгийн сэг зэмийг малыг эмч “Энэ ч мялзангаар үхсэн нь тодорхой юм байна. Нуухандаа баригдаж, чацга алдсан нь илт байна. Мялзан бол тухайн амьтны дархлааг сулруулж, дарангуйлдаг халдварын нэг төрөл” гээд шуудайд хийн ачигч машины ар руу шидэв. Ингээд усны газрын мэргэжилтнүүд сансрын зураг ашиглан сэг зэм булах газрыг тогтоох зуурт нутгийн малчин Б.Готов биднийг зорин ирлээ. Тэрбээр Цагаан ташаагийн нуруу гэх газарт арваад бөхөн үхсэн байсныг нэг дор цуглуулсан гэнэ. Тэдгээр бөхөнгийн 5-6 нь уул руу, үлдсэн нь айлын өвөлжөө газар руу дөхөж үхсэн нь аль болох нөмөр дулаан газар бараадсаных бололтой гэв. Гэхдээ энэ нь малчдад, малд өвчин халдварлуулах эрсдэлтэй байж мэдэх юм. Тиймээс эрэл хийж байгаа хүмүүсийг эхлээд уулын ам, өвөлжөө бүхий газраар явбал зүгээр хэмээн хашир малчин мэдээлэл хүргэж яваа нь энэ.

“МЯЛЗАНТАЙ БОГ МАЛААС АЮУЛТАЙ ГЭЧИХЭЭД БӨХӨН ЗҮГЭЭР ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА”

Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд “Би Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн намар явж байхдаа мялзан тусаад үхэж байгаа ямаа харсан. Хар ногоон чацга алдаж, дагжин чичиртлээ халуурч байгаад үхдэг юм билээ. Гэхдээ нүд нь нуухтаж, нулимс нь урсаж байсныг санахгүй байна. Тэр үед уг нь Мал эмнэлгийн газар, Онцгой байдал гээд холбогдох бүх байгууллагаас мялзангийн улмаас үхсэн малын сэг зэмийг заавал газарт бул, булсан газраа ариутгалын бодисоор маш сайн халдваргүйжүүл. Хүнд халдахгүй ч ариун цэвэр маш сайн сахь. Үхсэн малын сэг зэмийг авахдаа арьс, үсийг нь үлдээж болохгүй” гэж сануулж, байнга зөвлөгөө өгч байсан. Гэтэл бөхөнгийн мялзанг хөрс, ус, малын бэлчээрт сөрөг нөлөөгүй. Сэг зэмийг нь устгахгүй байсан ч болно. Халдвар авсан амьтан үхсэн л бол вирус нь устана. Халдваргүйжүүлэг, ариутгалын бодисоор булсан газрыг ариутгаад байх шаардлагагүй гэж зөвлөж байна. Ийм зөрүүтэй хамгаалалт, зөвлөмж байж болох уу. Энэ бол удирдах албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй байгаагийн илрэл. Ийм зөрүүтэй мэдээллээс болж малчид, бусад ан амьтан хохирвол яах вэ” гэж байсан юм. Түүнчлэн тэрбээр “Манай Говь-Алтай аймаг 1950-иад оны эхээр бөхөнгүй болж, 1982 оноос буцаад бөхөнтэй болсон гэдэг юм. Алтай нутгийн хүүхэд багачууд, хүн зоны бахархалын нэг нь яах аргагүй бөхөн. Энэ их говийн бударганат талыг бөхөн, хар сүүлт, цагаан зээргүйгээр туулж барах юм биш. Бөхөн их үргэмтгий, сонсгол сайтай. Баян-Уул, Хөхморьтын нутагт хамгийн багадаа 15 түүнээс 50-60 хүртэл тоогоор сүрэглэнэ. Говь учраас урин цагт зэрэглээтнэ. Гэнэт л уул босоод ирэв үү гэмээр тоос баганадаад намдана. Бөхөн, зээр тэргүүт тонгочиж байгаа нь тэр. Ховд, Говь-Алтайнханд байдаг л нэг бөхөн болохоос биш дэлхийд нэн ховор, хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийг хүссэн олон улс орон байдаг биз. Нутгийн малчдын сэтгэлийг эмзэглүүлж байгаа нэг зүйл байна.

Бөхөнгийн ороо орох үеэр энэ халдвар идэвхжиж, үхэж эхэлсэн байдаг. Одоо зургадугаар сард төллөх учиртай. Гэтэл ихэвчлэн бага залуу бөгөөд эм нь халдвараар үхэж байна. Тэгэхээр энэ жил төл бараг авахгүй гэсэн үг. Мялзан тусахгүй цөөн тоогоор үлдлээ ч тоо толгой нь эрс цөөрөх нь” гэв. Түүнээс “Бөхөнг шувуу, үнэг зэрэг амьтан шоглох нь  их байдаг тухай домог яриа цөөнгүй. Бас хүйтэнд чөмөг нь тас хөлдөөд үхчихдэг тухай ч яриа байдаг. Энэ үнэн үү” гэхэд “Говьд нэг хүйтэрвэл их хэцүү. Нөмөрлөөд хэвтэх хад асга, мод, бут байхгүй. Хавсарга, шороогоор нэвт шуурсан тал л ёнгиноно. 2000 оны зуднаар цөөнгүй нь хөлдөж үхсэн байсан. Би хүүхдүүдээ тосохоор гарч яваад Дөргөний хүрэн талын урдханд нэг жижигхээн загийг нөмөрлөсөн бололтой янзагаа бөөрөндөө наагаад нөмөрлөсөн чигээрээ хөлдсөн шаргачинтай таарч байсан. Хөл нь их турь муутай. Хамгийн түрүүнд чөмөг нь хөлддөг юм гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг. Тэгээд л явж чадахгүй тэр чигтээ хөлддөг бололтой юм билээ, хөөрхий. Шувуу, махчид шоглохын хувьд гоочилно. Төллөх үеэр нь тас шувуу сүргийг байнга дагана. Чухам тэнд юу болдгийг би сонирхож, ажиглаж байсангүй” гэсэн юм.

“СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ ХҮН ХҮЧ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА”

Харин Баян-Уул сумын Устгалын есдүгээр цэгийг ахалж буй Б.Ганбаатар “Бөхөнгийн сэг зэм хайх ажил явагдаж байгаа ч хүн хүч арай л цөөдөж байна. Өдөрт төдөн литр шатахуунаар эрэл хийнэ гэсэн нормтой ч бөхөнгийнхөө эрэлд яваад, түүхээр түүнээсээ дандаа хэтэрчихээд байна. Бид энэ их тал нутгийг эхнээс нь самнах байддаар явж, сэг зэмээ цуглуулж байна. Түүнээс биш тал тал тийшээ давхивал бүтэхгүй. Дээр нь бөхөн нэг дороо бус энд тэнд ганц нэгээрээ бас олонх нь нохой, шувууны хоол болсон байдалтай олдож байна. Мөн эврийг нь авсан хэд хэдэн бөхөн байсан. Ихэнх нь нялх, залуу бөхөн байгаа нь үнэн. Бид өглөөд цайгаа ууж, хоолоо сайн идчихээд орой болтол явж байна. Өдөр машиндаа хоол, хүнсээ аваад явж болох ч халдварын голомтод ажиллаж байгаа болохоор идэж, ууж болохгүй байна. Ийм байдлаар ногдсон газраа устгалын цэгийнхэн 25 хоногт дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бидний явах замд халдвар авсан нь тодорхой, явж чадахаа байсан бөхөн таарвал хүзүүг нь мушгиад уутлахыг зөвлөсөн. Ийм маягаар хэд хэдийг шинжилгээ авч байгаа эмч нарт өгсөн. Эрүүл нь бол хүний бараанаар давхиад алга болж байгаа юм” гэсэн юм.

“ЗАСГИЙН ГАЗАР МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ЗАСАГ ДАРГА НАР ӨРӨНД УНААД ҮЛДЭХ ВИЙ”

Харин тус сумын Засаг дарга “Эрүүл бөхөнгөө халдвартайгаас нь тусгаарлахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа эргүүлийнхэн өдөр нь өөрсдийн ногдсон талбайг байнга дурандаж, эргүүл хийж, голомттой бүсээс зрүүл рүү бөхөнгийн сүрэг дөхвөл мотоцикльтой очиж буцааж байна. Хар сүүлт, бөхөн, цагаан зээр хөөж, үргээх гэхээр заавал зам амдаж тосож буцдаг. Тиймээс алсуураа холоос хөөх, үргээх маягаар ажиллаж байна. Зарим эргүүлийнхэн гэрийнхээ хажууд өөрсдөө алсыг дурандаж болох өндөр тавцан авчирч тавьсан байгаа. Шөнө нь гар чийдэнтэй ойр хавиа бас шалгаж байна. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл байна. Бид аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын тушаалаар Засгийн газрын нөөц сангаас манай аймагт хуваарилагдсан мөнгийг орж ирнэ гээд сум орон нутгиин худалдаа, үйлчилгээний байгууллага, шатахуун түгээх станц, мод, нүүрс борлуулдаг хүмүүстэй гэрээ байгуулж, эргүүл болон устгалын цэгүүдэд шаардлагатай зүйлсийг зээлээр авч хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өгнө гээд зээлээд байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоол гарснаас хойш 20 орчим хонож байхад нэг ч төгрөг шийдэгдээгүй байна. Сумдын Засаг дарга нар “Ингэж байтал Засгаас мөнгө нь орж ирэхгүй бид өч төчнөөн төгрөгийн өрөнд унах вий” гэж ярилцаж байгаа. Үнэндээ айж байна. Мөнгө өгөхийг шийдвэрлэсэн атлаа яагаад шийлжүүлэхгүй байна вэ. Сумын худалдаа, үйлчилгээний газрууд бага мөнгө эргэлдүүлдэг. Гэтэл түүнийг нь Засгийн газраас мөнгө өгөхөөр өгнө гээд бид түгжчихээд байж байна. Үүнийг л даруй шийдүүлмээр байна” гэв. Мөн “Биднийг ийн өр зээл тавьж байгаагийн дээр бас нэг хүндрэлтэй асуудал тулгарч байна. Тэр нь өнөөх зээлсэн юмнууд, ажиллуулж байгаа хүмүүсийнхээ бүртгэл мэдээлэл, бүгдийг долоо долоо хоногоор Сангийн яам руу аймгийн хэмжээнд нэгтгээд явуул гэсэн гэнэ. Тэгээд мөнгө нь долоо долоо хоногоор зарлагадсан хэмжээгээр орох гэнэ. Ингэхдээ Сангийн яаман дээр бас хянаад, заримыг нь хасаж танах сураг дуулдлаа. Хэрвээ бид баахан өр зээл тавиад авчихсан байхад хасаад, танаад мөнгийг нь шилжүүлэхгүй бол Засаг дарга нь гуйж, гэрээ байгуулснаараа өрөнд орох болж таарч байх шиг байна. Ийм байж болох уу. Үүний үнэн мөнийг асууж, тодруулаад нийтлээд өгөөрэй” гэсэн юм. Эндээс бид Говь-Алтай аймгийн зүгт хөдөлсөн юм.

ШАРГЫН ГОВИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ЭРГҮҮЛИЙНХНИЙ ГАРТ МОНГОЛ БӨХӨНГИЙН ХУВЬ ЗАЯА БИЙ

Хангайн хүн надад жилийн дөрвөн улиралдаа налайж байдаг хэмээн төсөөлөгддөг говь нутаг хүйтэн хахир хийгээд дүнсгэр, уйтай байлаа. Арга ч үгүй биз дээ. Говийн гайхамшиг бөхөн уйлсаар үхэж байхад. Энэ өдрүүдэд бараг тэн хагас нь үрэгдээ биз ээ. Мялзан төст өвчний улмаас хэмээн одоохондоо оношилж буй ч зарим эх сурвалж хоёр жилийн өмнө Казахстаны соргог бөхөнгийн сүрэгт тохиож байсан цусан халдвар байхыг ч үгүйсгэх аргагүй гэж буй юм. Түүнээс бага зэрэг ялгаатай нь монгол бөхөнгийн нүд нуухтаж, нулимс нь тасралтгүй урсаж байгаа аж. Ийм байдлаар 6-10 хоногийн дараа үхэж байгааг нь тогтоогоод буй.

Гэхдээ бидэнд үхэхийг нь хүлээж, үхэхгүйн төлөө тийчлэн тэмцэж буйг нь харж суухаас өөр арга байхгүйг бүх талын мэргэжилтэн хийгээд гаднын зөвлөгч, эрдэмтэд хэлж буй.

Зарим нь “Ийм өвчин өмнө нь тэр дундаа бөхөнд гарч байгаагүй болохоор үнэндээ яах учраа олохгүй” байна хэмээн үнэнээ өчиж байна. Өөр хэсэг нь “Нийт бөхөнгийн 80 хувь нь үхнэ. Үлдсэн нь энэ өвчний дархлаатай болоод үлдэнэ” хэмээн зөөлрүүлэн ярьж сууна. Өөрөөр хэлбэл, бөхөнгийн сүйрэлд дасан зохицож, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шат шатны байгууллагаас анхааруулж, урьдчилан бэлтгэж буй хэрэг. Хийж буй ажил нь үхсэний дараа сэг зэмийг нь цуглуулж, булж, шатаах. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Казахстанд соргог бөхөн цусан халдвар гэх өвчний улмаас үй олноороо үхэхэд тэндэхийнхэн бас одоогийн манайхтай адил учраа олохгүй сандралдаж, сүүлдээ хэд нь үлдэхийг харж, хүлээхээс өөр сонголтгүй гэж байсан билээ. Үүнтэй ижил хувь заяа монгол бөхөнд ирснийг, Монголын аль ч шатны байгууллага, эрдэмтэн судлаач энэ их хорогдлыг зогсоож чадахгүй хэмээж буйг энд ондлох нь зүйтэй.

Энд мөн Мал эмнэлгийн төв лаборатори болон мэргэжлийн байгууллагууд үхсэн болоод халдвар авсан бөхөн, сэг зэм нь байсан газар, хөрснөөс дээж, шинжилгээ авч уг халдвар ганцхан амьсгалын замаар халдварлаж байгаа эсэх болоод хөрс, ус, бэлчээрээр бусдад халдварлахгүй байх магадлалтай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Зөвхөн амьдаас амьдад амьсгалын замаар л халдварлаж байвал нэг талаар зол. Шинжилгээгээр дээр дурдсан бүх замаар халдвар тархана гэж гарвал зөвхөн Говь-Алтай, Ховд ч бус Завхан, Баянхонгор цаашлаад бусад аймагт ч энэ өвчлөлт бог мал, бэлчээр ус, хөрсөөр дамжин тархах аюултай. Энэхүү хариуцлагатай ажлыг Мал эмнэлгийн төв лаборатори болоод бусад хүрээлэнгийнхэн өдгөө хийж, дахин дахин дээж, шинжилгээ авч буй. Баттай бөгөөд эцсийн хариу ирэх долоо хоногт гарах байх гэж Мал эмнэлгийн төв лабораторийн эмч н.Батзориг хэлсэн.

Үүнээс гадна Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагчид, иргэдийн Хүйсийн говиос Шаргын говь руу бөхөн бэлчээрлэн нүүдэллэдэг хоёр хоолойд гаргасан есөн гэр постод эрүүл үлдсэн гэгдэж буй 5000 гаруй бөхөнгийнхөө заяаг даатгахаас өөр арга алга. Хэрвээ тэдний хамгаалалт сайн байж чадвал мялзан төст өвчний халдвар Шаргын говьд эрүүл саруул бэлчиж, идээшилж буй бөхөнд хүрч амжилгүй дарагдах магадлалтай. Эс чадвал бүгд хиарна. Дээр нь ганцхан бөхөн ч бус бор гөрөөс, хүдэр, аргал, янгир, хар сүүлт цаашлаад вакцинжуулж амжаагүй бог малд мялзан өвчин халдварлах эрсдэл өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, мялзан төст өвчний гай, хор уршиг дэлхийд нэн ховордсон, улаан номд багтсан монгол бөхөнгөөр дуусахааргүй байгааг сануулах нь зүйтэй. Бас энэ их гай гамшиг хэзээ дуусахыг шийдвэр гаргагч, судалж, шинжилдэг эмч, эрдэмтэн судлаачдын хамт харж, хүлээх л зам бидэнд бий.

Эцэст нь, Засгийн газар, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын ахалж буй ажлын хэсгийнхнээс сүр дуулиан болж, хэвлэлийнхнийг цуглуулан байж зарласан монгол бөхөнг аврах, хамгаалах, халдвартай бөхөнгийн сэг зэмийг устгахад төсөвлөсөн 433 сая төгрөгийн санхүүжилтээ орон нутагт нь даруй шийдэж өгөхийг хүсье. Халдвартай бөхөнг эрүүл бүс рүү оруулчихгүйн төлөө тэнд арван постын 40 хүн дулаалгагүй, дан, шалгүй гэрт хивсэнцэр дэвсээд 20-30 километрийн цаанаас ундны усаа дайж, үстэй дээлээ тайлахгүй хонож, өдөржин, шөнөжин эргүүлд гарч байна. Устгалын цэгт ажиллагсад ч тэднээс ялгарах юмгүй нөхцөлд ажиллаж байна. Чадвал 5000-ууланг нь аваад үлдчих гээд, цаашлаад учирч болох бүх аюулаас цаг алдалгүй хамгаалах гэж тэд хичээж байгааг онцлох ёстой.

 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих