Лам, бөө хоёр хариуцлага хүлээдэггүй буюу ламба гуайн иллэг

7582

Танил маань хорт хавдраар оношлогджээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай мэс засалд орох шаардлагатай гээд мэс засал төлөвлөж, эмч нарын хяналтад орлоо. Гэтэл яг мэс засал болохоос 2 хоногийн өмнө нөгөө танил маань гэнэт мэс засалд орохоо больсон тухай сонслоо. Яагаад тийм шийдвэр гаргасныг лавлавал, хагалгаанд орохын өмнө эмч нар хагалгааны үеэр болон дараа үүсч болох хүндрэл, гарч болох эрсдэлийн талаар маш дэлгэрэнгүй тайлбар 2 цагийн турш хийжээ. Хэрвээ хавдар нэгэнт эцсийн шатандаа орсон, бусад эрхтэн рүү хорт хавдрын эс нэгэнт үсэрхийлсэн байвал хагалгаагаа зогсоож болох хувилбар ч байхыг үгүйсгэхгүй талаар тайлбарлажээ. Энэ бүх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байж хагалгаанд орно гэснээс болж хагалгаанд орох шийдвэрээ түдгэлзүүлжээ.

Тийм их эрсдэл үүрч хагалгаанд орсноос лам эсвэл бөө дээр оч гэсэн хамаатнуудын шахалтаар эмнэлгээс гараад л хоёр лам нэг бөө дээр шууд очиж өвчнийхөө талаар лавлажээ. Хоёр ламын нэг нь маш прагматикаар

"Өө энэ хагалгаа чинь гайгүй ш дээ, ор"

гэж айлдсан бол үлдсэн нэг лам, нэг бөө нь шууд л хагалгаагүйгээр эдгэх боломжтой юм байна гээд хийдэд очиж уншуулах ном, Нарантуул зах дээрээс худалдаж авах бөөгийн хэрэгслийн жагсаалт өгсөн байна.

Интернет, соошил медиа их хэрэглэдэг танилын маань нэг найз интернетээр хайж байгаад бүх төрлийн хорт хавдар, элэгний вирус, ер нь л монголчуудын их өртдөг бүх өвчнийг анагаах шидтэй нэгэн бэлдмэлийг Хөвсгөлөөс захиж авчруулснаа танилд маань өгсөн бол, хорт хавдрыг агшаадаг гэх сүлжээний бэлдмэлийг өөр нэгэн найз нь санал болгожээ. Интернетээр хайгаад үзвэл тиймэрхүү “эм” олноороо гарж ирэх аж. Хагалгаанд орох хэрэг ер нь байна уу?

Хорт хавдар гэдэг мэдээж аюултай. Гэвч хавдар эхэн үедээ байвал хагалгаа хийлгэх замаар хавдараас бүрэн ангижрах боломжтой талаар танилдаа тайлбарлаж, өөр нэг эмнэлэг дээр оношоо баталгаажуулахаар дахин очив. Дахин хийсэн шинжилгээгээр мөн л хорт хавдар болох нь батлагдсан тул тус эмнэлгийн мэс заслын эмчтэй цаг авч уулзлаа. Эмч бээр мөн л мэс засал хийхээс өөр арга байхгүй талаар учирлаж,

“Мэдээж тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Эрсдэл ярьдаггүй хүн энэ хорвоо дээр лам, бөө хоёроос өөр байхгүй. Яагаад гэвэл лам бөө хоёр хариуцлага хүлээдэггүй юм шүү дээ”

хэмээн сануулав. Танил маань ч эмчийн ярианд нааштай хандаж, мэс засалд орохоор шийдлээ.

Мэс засал болохоос нэг хоногийн өмнө мэс заслын эмчтэй уулзах үеэр, эмч маань нэг л гундуу харагдана. Учрыг лавлахад тухайн өдөр гурван хагалгаа төлөвлөгдөж байсан ч хагалгаанд орох байсан нэг хөхний хавдартай өвчтөн ламынхаа зөвлөснөөр хавдараа ламаар илүүлэх замаар “эмчлэхээр” болсон талаар учирлаж, төлөвлөгдсөн мэс заслаа цуцалжээ. Тэр хүний хувь тавилангийн талаар санаа зовсондоо эмч маань тийн дуугаа хураасан байж. Энэ мэтийг ажиглах зуур хэлэхгүй байж тэвчишгүй хэдэн асуудал толгойд эргэлдсэнийг бичье.

АСУУДАЛ 1: Оройтож оношлох

Хорт хавдар гэдэг хэцүү өвчин. Гэвч хавдрын эхэн шатанд оношилж чадвал ихэнх тохиолдолд бүрэн эдгэх боломжтой өвчин юм. Ихэнх тохиолдолд хавдрыг 1-4 шатанд хуваасан байдаг бөгөөд, 1-2 шатанд байгаа хавдрыг оношилж чадвал ихэнхдээ бүрэн эдгэдэг ажээ. Харамсалтай нь Монголд хорт хавдраар жил бүр 5000 хүн оношлогддог ч, тэдний 70-80 гаруй хувь нь нэгэнт хожуу үедээ орсон байдаг гэж Хавдар Судлалын Үндэсний Төвөөс (ХСҮТ) мэдээлжээ.

Нөгөө талаас бодъё, яг энэ хэвээрээ явбал 2020 онд мөн 5000 хүн хавдраар оношлогдоно. Харамсалтай нь тэдний 4000 орчим нь аль хэдий хавдрын сүүлийн шатандаа орчихсон байна. Гэтэл яг одоо 2017 онд эдгээр 4000 хүн бүрэн эмчлэгдэх боломжтой хавдрын эхэн шатандаа байна гэсэн үг. Та, би, бидний хэн маань ч энэ 4000 хүний аль нэг нь байхыг үгүйсгэхгүй. Энэ 4000 хүнийг бид яг одоо илрүүлбэл, төдий чинээ хүний амь насыг аврах боломжтой гэсэн үг.

Тиймээс 40-с дээш насны хүн бүр жилд ядаж нэг удаа шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй гэж ХСҮТ-н захирал Ж.Чинбүрэн хэлж байна. Солонгос улсад гэхэд л ходоодны хорт хавдрын өвчлөл манайхаас дутахааргүй байдаг ч, эхэн үеийн оношилгоо сайн байдаг тул, хорт хавдраар нас баралт харьцангуй бага байдаг гэнэ.

АСУУДАЛ 2: Буруу мэдээлэл

Хавдраар оношлогдсон боловч, зохих эмчилгээнд хамрагдалгүй танил тал, “сайн санаат” хүмүүс, лам, бөө нарын зөвлөснөөр илүүлэх, Сибирийн хар хорхой идэх, Хөвсгөлийн бүхнийг анагаагч бэлдмэл хэргэлэх, сахиусаа дуудуулах, бөө болох гэх мэт арга хэрэглэж явсаар өвчнөө улам хүндрүүлж, эмчлэгдэх аргагүй эцсийн шатанд хүргэчихээд эмчид хандах тохиолдол харамсалтай нь их байдаг гэнэ. Ялангуяа Фэйсбүүк гэх мэт соошил медиагаар иймэрхүү мэдээлэл их тардаг. Гэтэл иймэрхүү БУРУУ МЭДЭЭЛЭЛ түгээгчидэд оногдуулах арга хэмжээ одоо хүртэл манайд байхгүй байгаа нь асуудлын бас нэг шалтгаан. Нөгөө талаас, өвчний болон эмчилгээ оношилгооны талаар энгийн ойлгомжтой үнэн зөв мэдээллийг хүргэх найдвартай эх сурвалж манайд хомс байгаа нь олон нийт БУРУУ МЭДЭЭЛЭЛД хөтлөгдөх нэгэн шалтгаан болж байна. Хавдар болон эмчилгээний талаар цэгцтэй мэдээлэл монгол хэлээр хайж үзээд Интермэд эмнэлгийн вэб сайтаас л зарим нэг мэдээллийг олж чадлаа.

Нэгэнт хавдар нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүд хэвтэж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөдөг Хөнгөвчлөх тасагт нэг хэсэг лам нар өвчтөний болон ар гэрийхний сэтгэлийг засахаар ном унших атал, нөгөө хэсэг лам нар хавдартай өвчтөний хавдрыг эдгээж чадна хэмээн хүний хувь тавилангаар тоглоно гэдэг зөөлнөөр хэлэхэд ШОГЛООМ мэт санагдана.

АСУУДАЛ 3: Эмнэлгийн байгууллагын хүртээмжгүй байдал

Өнөөдөр манай эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, өвчтөнөө гэх сэтгэл хаана ч гологдохооргүй сайн болсныг биеэрээ мэдэрснээ нуух юун. Харамсалтай нь ХСҮТ гэхэд л маш их ачаалалтай, яаралтай хагалгаанд орох байсан ч 1-2 сар хүлээх шаардлагатай болдог гэх мэт дэд бүтэц, багаж төхөөрөмжийн дутагдалтай байдал том асуудал болсоор байна.

АСУУДАЛ 4: Ядуурал

Хэдийгээр хорт хавдрын эмчилгээг улсаас үнэгүй хийх хуультай ч энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Компьютер томографын оношилгоо гэхэд л 300-400 мянган төгрөг болж байгаа нь мөнгөтэй нэгний хувьд карманы мөнгө төдий боловч, ард иргэдийн олонхид бол их мөнгө. Дээрээс нь хагалгаанд орох тохиолдолд хагалгааны төлбөр гэж авдаггүй боловч, хагалгаанд хэрэглэгдэх төхөөрөмжийг өвчтөн өөрөө авах шаардлага олон эмнэлэг тавьдаг нь нууц биш. Ийм байхад арай хямд арга чарга санал болгож байгаа лам бөө хоёр руу явах хүн гарч байгаа нь аргагүй мэт.

Танил маань яасан гэж үү, “бурхны авралаар”, биш ээ, эмчийн авралаар мэс засал амжилттай болсон. Том хэмжээний хагалгаа тул буцаж хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай гэнэ. Золоор хавдар эхэн үедээ байсан учраас цаашид химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэнэ. Бие нь тэнхрэхээр удахгүй ажилдаа орно. Эмч нарын ачаар шүү. Гэхдээ танил маань хавдрын эхэн үедээ оношлогдож чадсан цөөхөн хэдэн хүний нэг гэдгийг мартаж болохгүй.

Л.Мөнхбаатар

http://www.trends.mn/n/6141


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих