Нэг хүнээс болж нийтийн тээврийн салбарын нэр хүнд унахыг хүлээн зөвшөөрөхгүй

16559088_1532819436735811_1807971634_nНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтийн нэг нь нийтийн тээврийн үйлчилгээний үнэлэмжийг тодорхойлох юм. Энэхүү  хөтөлбөрт Нийтийн тээврийг шинэ шатанд гаргах талаар тодорхой зорилтууд дэвшүүлснийг нийтийн тээврийн салбарынхан талархаж хүлээж аваад буй.

Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын үр дүн тус салбарт ажиллаж байгаа тээвэрчдийн нэгдмэл зорилго харилцан ойлголцол, хамтын хүч чармайлтаас гадна салбар удирдаж буй мэргэжлийн удирдлагын багын эв нэгдэл, ажлын оновчтой бүтэц, зохион байгуулалт, хууль, дүрмийг чандлан сахих ажиллагааны эхлэлээс шууд хамаарах юм. Өнгөрсөн дөрвөн жил нийтийн тээврийн салбарт багагүй хөрөнгө, мөнгө зарцуулж шинэчлэл хийх гэж оролдсон ч эцсийн дүндээ нийгмийг бухимдуулсан, тээвэрчдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн салбарын хөгжлийг гацаанд оруулсан билээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд орчин үеийн үйлчилгээний мэдээлэл хяналт, төлбөр тооцооны шинэ систем нэвтрүүлэн технологийн шинэчлэлт хийх ажлын явцад өнгөрсөн дөрвөн жил нийслэлийг удирдаж байсан удирдлагуудын гаргасан буруу шийдвэрийн улмаас ажлын дадлага туршлагатай боловсон хүчний баг хамт олонтой, материаллаг бааз нь бүрэн хэвийн ажиллаж байгаа Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн нийтийн тээврийн газрын үндсэн үйл ажиллагаатай давхцуулан “Улаанбаатар смарт карт” компанийг шинээр байгуулан үйл ажиллагааны зардлыг нийтийн тээвэрчдийн зорчигчдод үйлчлэн борлуулсан тасалбарын үнийн дүнгийн 10 хувиар санхүүжүүлэн ажиллуулах болсноор “Улаанбаатар смарт карт” гэдэг хувийн компанийг иргэд санхүүжүүлдэг болсон.
Гэтэл үүнтэй утга нэгэн адилаар нийслэлийн өмчит нийтийн тээврийн “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр”ОНӨААТҮГ, “Автобус 3” ОНӨААТҮГ-уудыг нэгтгэн удирдлагын цомхон бүтцээр удирдан зохион байгуулж, ажил үйлчилгээг нь өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийг байгуулан ажилласан хэдий ч өнөөдөр дээрх зорилгын аль нь ч ажил хэрэг болохгүй байдал эсрэгээрээ байна. Жишээ баримтаас авч үзвэл хуучин бүтцээрээ ажиллаж байхдаа нэг компанийн жолооч, мөнгө хураагч, засварчдаас бусад /захиргааны/ нийт ажилтан албан хаагчдын тоо дунджаар 40 ажилтантай байсан бол одоо “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан албан хаагчдын тоо 160-д хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн бүтэц нь хуучнаар бол дөрвөн компанийн ажилладаг бүтэцтэй тэнцэж данхайж өргөжсөн.  Энэ байдлаар “Зорчигч тээврийн нэгтгэл” нь эдийн засгийн хувьд үргүй зардлыг бий болгохоос гадна ажил үйлчилгээний шуурхай байдал алдагдаж, аливаа асуудал шийдвэрлэх хүнд суртлын шат дамжлага нэмэгдэж, удирдлагын шийдвэр болон сэлбэг материалын хангамж хүлээсэн албан тушаалтнууд баазууд дээр цаг алдан сууж, эдгээрийн эцсийн үр дүнд засвартай тэрэг сахиж цалин хөлс, ажил амьдралаа алдаж байгаа тээвэрчдийн үүр уурхай болоод байна.
Мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа ихсэж байгаа өнөө үед байгууллагын санхүүгийн томоохон зардал болох сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авах нэрийдлээр үнийн зөрүү гаргадаг  хувийн хулгайн бизнес хийдэг байдал энд өнөөдрийг хүртэл аль ч намаас томилогдсон хийгээд ажлаа өгч буй дарга нарын хооронд ямар нэгэн асуудал маргаан дэгдэхгүйгээр байгууллагын тамга хүлээлцэх үеийн том бонус болж ирэн амь бөхтэйгөөр өв уламжлагдан дамжсаар байна.  Энэ нь өнөөдөр  нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажилтан ажилчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн чиглэлээр дотооддоо нэлээдгүй ажлыг зохион байгуулах боломжийг  шууд хязгаарлаж байгаа юм.
Гэтэл хэдхэн сарын өмнө “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ даргаар томилогдсон Г.Төмөрбаатар нь дээр дурьдсан зөрчил дутагдлыг засч, сайжруулахаас  ажлаа эхлэх байтал асуудлыг улам дэвэргэж мэргэжлийн онцгой обьектын байгууллагыг мэргэжлийн бус, ашиг сонирхлоор нэгдсэн хамаатан,садан найз нөхөд болон намын сонгуульт үүрэг хүлээсэн хүмүүсээр дүүргэх, олон жил ажилласан ажилтнуудыг сэлгэн ажиллуулах нэрээр халах, солих, үндэслэлгүйгээр ялгаварлан харилцан адилгүй тэтгэмж, тэтгэлэг олгох улмаар үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудын үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлаж, дарамт шахалт үзүүлэн ажиллах нөхцөлөөр хангаж өгөхгүй  Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хуулиудыг ноцтой зөрчих боллоо. Жишээлбэл,  20-30 жил ажилласан жирийн ажилчин өндөр насны тэтгэвэрт гарахдаа 1-5 сарын тэтгэмж болох 800.000-4.500.000 төгрөг авч байхад ердөө 3-4 жил ажилласан ерөнхий нягтланд 13.000.000 төгрөг, 1 жил ажилласан хангамжийн албаны даргад 7.800.000 төгрөг тус тус өгсөн  байна.
Иймээс Нийслэлийн Засаг даргад  хот оршин тогтнох тулгын гурван чулууны нэг болох нийтийн тээвэртээ яаралтай онцгой анхаарал хандуулж алдаатай шийдвэрийн алдаа алдаглыг улам бүр ихэсгэлгүй засаж залруулан шинэчлэн шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага байгааг мэдэгдэхийн зэрэгцээ доорх шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, “Автобуснэг”, “Цахилгаан тээвэр”, “Автобус 3” ОНӨААТҮГ-уудыг Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын сайдын 2011 оны 5 дугаар сарын 25-ны 153 тоот тушаалд нийцүүлсэн удирдлагын оновчтой цомхон бүтцээр шинээр зохион байгуулж, салбартаа ажиллаж ажлын дадлага туршлага хуримтлуулсан, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчинг удирдах ажилтнаар томилон ажиллуулах.
2. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаа Г.Төмөрбаатар нь удаа дараа ажлын байранд архидан согтуурч мөн дээр дурьдсанчлан ёс зүйн олон зөрчил гаргаж, хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар нь илт дутагдаж байгаа тул Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.1.8-д дэвшүүлсэн “Хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчин бусдад хохирол учруулсан албан тушаалтан хохирлыг өөрөө хариуцан төлж барагдуулах, өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг өөрийн зардлаар нийтэд мэдээлэх журам хэрэгжүүлнэ” зорилтын хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөх.
3. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын газрын хувьчлалын асуудлыг зогсоож цаашид 2012 онд батлагдсан байсан барилга байгууламжийн шинэчлэлийн асуудлыг сэргээх талаар холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.
4. Нийслэлийн өмчит нийтийн тээврийн аж ахуйн нэгжид он удаан жил уламжлагдан ирсэн сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал бэлтгэн нийлүүлэх ажилд үнийн зөрүү гаргаж мөнгө хөрөнгө завшдаг удирдлагуудын хувийн хулгайн бизнес байгааг  таслан зогсоолгох, мэргэжлийн агентлаг газруудын хараа хяналтыг сайжруулан  Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.5.16-д дэвшүүлсэн “Нийтийн тээврийн санхүүгийн бие даасан байдлыг хангах менежмент хэрэгжүүлнэ” зорилтын хүрээнд нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллага өнөөгийн санхүүгийн орлогыг үйлчилгээний чанар байдал, ажлын байрны орчин нөхцөл, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх болон нийгмийн халамж үйлчилгээнд бүрэн дүүрэн ашиглах боломжоор хангуулах зэрэг болно.
Эдгээр шаардлагын хариуг 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор албан ёсоор өгөхийг шаардаж байна.
Бид тодорхой хариу өгөхгүй эсвэл асуудлыг дарах аль нэг агентлагт шилжүүлэн зайлсхийх тохиолдолд УИХ-ын өргөдлийн байнгын хороо бусад дээд шатны байгууллагад хандах болно гэжээ.
НЭГДҮГЭЭР БААЗЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОРООНЫ ДАРГА  Н.ТӨРБАТ
ХОЁРДУГААР БААЗЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОРООНЫ ДАРГА  М .ГЭРЭЛЧУЛУУН
ГУРАВДУГААР БААЗЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОРООНЫ ДАРГА    П.БАТТУЛГА

URL:

Сэтгэгдэл бичих