Сүлжээний бизнест орж бүү хохироорой!

6803“Гэртээ сууж байгаад мөнгөө өсгөх боломж байна, сонирхоорой” гэсэн зар бишгүй цацагдаж, иргэд үүнд итгэн сүлжээний бизнест орж эхэлсэн. Зүгээр сууж байгаад мөнгөтэй болж болно гэж итгэсэн хүмүүс “Жи-тайм”, 62500, алтан өндөг гэхчлэн олон сүлжээний бизнест мөнгөө өгч, доороо тодорхой хэмжээний хүн элсүүлэх үүрэг авдаг. Элссэн хүн өөрийнхөө дор хүн элсүүлэх зарчмаар ажилласаар олон иргэн оруулсан мөнгөөрөө хохирч үлдэж байна.

Манай улсын хувьд 2001 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай тусгай зөвшөөрлийн хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхлэх ашиг олох үйл ажиллагааг хориглосон байдаг. Гэвч иргэд танил тал, найз нөхдийнхөө гуйлт, ятгалаг, мөн зүгээр байж байгаад мөнгө олох хялбар аргад итгэснээр энэхүү сүлжээний бизнест бэлэн мөнгөө өгдөг байна. Өнөөдрийг хүртэл иргэд сүлжээнд орсоор байна. Иргэд хохирсоор байна. Та хохирмооргүй бол сүлжээний гэх аливаа бизнест бүү ороорой.

Иргэд сүлжээний бизнест орж хохирсон ч гэлээ цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа аж. Учир нь тус сүлжээний ажилтнууд цагдаагийн байгууллагад хандана гэсэн нэгэндээ мөнгийг нь өгч, амыг нь тагладаг гэнэ. Иймд иргэд цагдаад одоог болтол хандалгүй, сүлжээнийхэн нь хүмүүсийг эгнээндээ элсүүлсээр байгаа юм. Хэрэв та сүлжээний бизнест орж мөнгөө алдсан л бол цагдаагийн байгууллагад хандаарай.

“Жи-тайм” гэх сүлжээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг барьсан асуудал ч гарсан юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү сүлжээнд ямар нэгэн байдлаар огт холбоогүй, энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй” гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн санхүүгийн пирамид бүхий сүлжээ Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо, цагдаагийн байгууллага шалгаж тогтоон иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд хэлжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс аливаа сүлжээнд итгэн мөнгөө өгч, хохирохгүй байхыг сануулсан ч, иргэд хялбар аргаар хурдан мөнгөтэй болох гэсэн сэтгэлдээ автан мөнгөө өгсөөр байгаа юм. Иймд иргэн та сүлжээний бизнест орж бүү хохироорой!

М.Болор

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих