МАН-ын улстөрчид папараци ажиллагаанд гаршсан

527-14864447643Д.Оюунхорол бол туршлагатай улстөрч, Н.Энхбаярын үед хавчигдаж явсан, гэхдээ шантраагүй хэлэхээ ч хэлдэг хийдгээ ч хийдэг л хүн. Бас туулсан амьдралын туршлагаар хашир няхуур болсон хүн юм.

Гэхдээ хүний төрөлх чанарыг юу ч далдалдаггүй, тэр дуулах учиргүй дуртай, түүндээ ч гитар тоглож сурсан, бас дуундаа автамхай санагддаг.
Өмнө тайлбарласан визний асуудлын дараа түүний дуугаа төгсгөж байгаа бололтой зургийг хэн нэг нь тараажээ. Д.Оюунхорол гишүүн хашир хүн учраас сайн танихгүй, эсбөгөөс өөр намын, санаатай санаандгүй “хүн алах” хүнтэй нийлж дуулж хуурдахгүй. Тиймээс энэ зургийг гарцаагүй “манайхан” л гаргасан байж таарах гээд байна.  Үүний цаана улстөрийн ямар зөрчил тэмцэл байгааг нарийн мэдэхгүй юм, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол сайдыг шахаж байгаа гэлцэнэ. Гэтэл хамгийн гайгүй ажиллаж байгаа нь эд нар. Сайн ажиллаж байгаагаа муу ажиллаж байгаа нь гүтгэн гүжирдэж харлуулдаг өмнөх нийгмээс улбаатай энэ муухай заншил манай намд дахин сэргэж, сэргэхдээ орчин үеийн техник технологийн ололтыг ашиглах байдлаар шинээр газар авч байгаад сэтгэл зовохоос аргагүй. Одоо зарим оронд сайд дарга нарт ухаалаг утас хориглодог туршлагын талаар ч ярьж эхэлсэн нь аргаа барсных.
Шударгаар хэлэхэд МАН-ын улстөрчид ийм ажиллагаанд гаршсан. Хэдий бид энүүхэндээ ярьдаг ч ил хэлэхээс болгоомжилдог. Ш.Сайханбамбуу гишүүний хувь хүний хувьд тоглож салаавч гаргасан зургийг ахиад гарга даа гэж байгаад утсаараа зургийг нь авсан Б.Бат-Эрдэнэ гишүүн тарааж бөөн асуудал гаргаж л байсан. Түүнийг нь АН-ынхан шүүрч аваад хов жив болгож байсныг санаж байна. Түүнээс хаширсан болов уу? гэтэл хашраагүйгээр барахгүй бүр ч илүү ихээр даамжирсан.
МАН намын гишүүд утсаар ярихдаа дэргэдэх хүмүүсээ чимээгүй болохыг гуйдаг, бичлэг хийж байж магадгүй гэж болгоомжилж үгээ цэнэж ярьдаг болсон. Нэгнийхээ үгийг утсандаа бичиж аваад дарга даамалдаа “матаас” болгож сонирхуулах нь бараг л хэвшил болоод байна.
Тэр арга ажиллагаандаа амтшиж түүгээр “улстөр хийж” оноо авах санаархал газар авснаас өнөөдөр нэгнээ хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч, нэг намын нэг зорилготой сайд дарга нар хүртэл хүн ёсоор уулзаж, ажил хэрэг явуулахад нэн хүндрэлтэй болчихоод байна. Өрөө тасалгаа, сандал суудал, ширээ тавиур дор чагнах аппараат байрлуусан байх вий гэж айдаг, өрөө тасалгаанууд байнга түгжээтэй, гарсан ч орсон ч хардлага дагаастай байх боллоо. Нэгнээ утсаа унтраалгүй бичлэг хийсэн байх гэж гарсан хойно нь шивэгнэдэг боллоо. Намын дотоод уур амьсгал эвдэрч үл итгэлцэл, дайсагнал газар авлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэр намын даргын өрөөнд хийсэн бичлэг АН-ынхны гарт орсон нь сандрал түгшүүрийг хэзээ ч байгаагүй хэмжээнд хүргэсэн.
Өөр нэг “айдас” нэрмэсэн нь өнгөрсөн сонгуулиар Д.Эрдэнэчимэг, Г.Уянга гишүүнтэй холбоотой тархсан бичлэгийн нууц учир тайлагдсны дараа болгоомжлол намын дотоодод дээд цэгтээ тулсан. Тэр бичлэгийг одоо хотын дарга хийж байгаа Су.Батболд утсандаа бичээд намынхандаа үзүүлж явсныг олон хүн мэдэж байгаа бөгөөд түүнийг “амжилттай” ашигласанд сонгуулийн ялалтын нэг нууц байгааг сонсоод баярлахаас илүүтэй айж болгоомжилж сэрдэх явдал ихэслээ.
Су.Батболд гишүүн, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм. Өнөөдөр энэ явдлаар төрийн ордон даяар бахархахаас илүүтэй зэвүүцэж байна. Дэргэд нь байсан АН-ын болон манай намын эрчүүлийн хувьд шившигтэй нь гэмгүй эмэгтэйчүүдийг хорлосон тэр хов живийн талаар нэг нь ч ам ангайхгүй байгааг зэвүүцэн шивнэлдэж байгаа ч үнэндээ бүгдээрээ дор бүрдээ амиа хоохойлж, айж байгаа учраас яалт ч байхгүй амаа хамхихдаа тулсан байна. Ингэж сануулсаар байтал Д.Оюунхорол сайдын зураг гарсан нь бүр ч эмгэнэлтэй явдал боллоо.
Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна. Чухам тийм учраас саяхан манай намын эмэгтэй гишүүдтэй холбоотой бичлэгүүд дараалан гарч, монтажлан түгээснийг санамсаргүй хэрэг явдал биш гэж үзэж УИХ-ын аппаратад буй ажилтнуудыг шалгаж, ажлаас халах хүртэл хариуцлага тооцож, дахиж ийм явдал гаргуулахгүй байх талаар хатуухан сануулга өгөхдөө тулаад байна. Миний бие өөрийнхөөрөө дүгнэхэд үргэлж эмэгтэйчүүдтэй л холбоотой ийм зураг бичлэг тараад байгаа нь манай намын төдийгүй Монголын эрчүүлийн арчаагүй өчүүхэн байдлыг илчлээд байна л гэж харж эмзэглэж байна.
Энэ орчин үеийн матаас, арчаагүй үйлдлийг хийгчид хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ гэж найдаж байна. Үнэндээ ил тод болсон ч хэн ч тэр талаар зориглон дуугарахгүй байгаад хэргийн учир бий гэж үзсэнээс би зориглон энэ талаар бичиж байна. Миний хувьд эрхэлж буй ажил төрөлтэй холбоотойгоор өөрийн нэрийг нуух гарцаагүй шаардлагатай байгааг хүндэтгэн үзнэ гэж найдаж байна. Гэхдээ би шударга үнэн явдлыг хэлсэн, тиймээс нэрээ нуусан ч үүргээ гүйцэтгэсэн гэж бодож сэтгэл тайвширч байна.
Нийгэмд төдийлөн ач холбогдолгүй зураг, бичлэгээр улс нийгмийн хөгжилд тустай, хямралтай үед авч хэрэгжүлэх шаардлагатай олон арга хэмжээг зохион байгулалттай тасалдуулснаар хэн ч хожихгүй, нийтээрээ хохирч үлддэг. Эцэстээ Засгийн газар ч УИХ ч юу ч хийхгүй байна гэж шүүмжлүүлдэг энэ байдал улстөрийн өрсөлдөгчдөд шүүрэн авах таатай боломж өгч, алсдаа намын нэр хүнд, ойртон буй болон 2020 оны сонгуульд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрснийг намын болон төр засгийн удирдлагууд анхааралдаа авна гэж найдаж үүнийг бичлээ. Ялагдсаны дараа булай булхайгаа дуудалцаж нэгнээ шившиглэж намын дотоод эв нэгдэлд хортой нөлөөлөх муу муухай заншил нэгэнт бий болоод байгааг анхааруулах нь миний үүрэг гэж бодож зориглолоо…
Ц.Хүрэлсүх

URL:

Сэтгэгдэл бичих