Зэс: 2017 оны хамгийн өсөлттэй металл
Нэгэн үе ганцхан тонн нь 10 мянган ам.долларт шүргэж байсан зэс сүүлийн хоёр жил хамгийн бууралттай металлын тоонд багтаад байсан билээ. Гэвч өнгөрсөн оны сүүлчээс ханш нь сэргэх эхний дохионууд илэрч эхэлснээр хонгилын үзүүрт гэрэл аслаа хэмээн олон шинжээч дүгнэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаар энэхүү шинэ эхлэл тавигдсан юм. Учир нь тэрээр 500 тэрбум ам.долларын зардал бүхий дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь металлын эрэлтийг саадгүй хурдлуулах шалтгаан болжээ. Түүнчлэн дэлхийн зэсийн эрэлтийн тэн хагасыг дангаараа бүрдүүлдэг. Хятадын импорт нэмэгдэхээр байгаа нь бас л сайн нөлөөг бий болгох нь. Үргэлж л дүнсгэр хариу, таамаг хэлж суудаг “Goldman Sachs” хүртэл энэхүү үйл явцын дүнд өөдрөг төсөөлөл гаргаад сууж байгаад ч гайхах зүйлгүй болов. Тус банкнаас үзэж буйгаар Хятадын эрэлт өссөнөөр металлын үнэ ханш энэ оны хагас гэхэд өсөх хандлагатай байна.
“Хүчирхэгжиж буй өнөөгийн эерэг нөлөө нь зэсийн үнэ бүрдэх өөдрөг нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээн шинжээчид үзэж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар зэсийн үнэ ирэх зургаан сарын хугацаанд нэг тонн нь 6200 ам.доллар давах бөгөөд жилийн сүүл гэхэд 5800-5800 “ногоон”-д тогтох аж. Судалгааны “BMI Research” төвийн бараа бүтээгдэхүүний шинжээч Molly Shut зэсийн үнийн ойрын төлөвт ихээхэн өөдрөг хүлээлттэй байгаа юм. Түүний үзэж буйгаар ирэх 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болох аж. Ингэснээр олборлолт өсөх хандлагатай юм. Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч Хятадын үйлдвэрлэл саарч, манай гаригийн улаан металлын хамгийн олборлогч Чилийн хүдрийн түвшин буурснаар нийлүүлэлт нь аажмаар нэмэгдэнэ гэж BMI үзэж байна. Тэгвэл Shutt-ийн хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын дэд бүтцийн төслүүдийн хүлээлт Хятадын худалдааг өргөжүүлэх хүлээлтийг бий болгоод байна.
Гэлээ ч Трампын дэд бүтцийн төслүүд хамгийн сайнаараа хэрэгжлээ ч АНУ-ын металлын өндөр эрэлт нь дэлхийн металлын зах зээлийн тэнцвэрт хамгийн багаар нөлөөлөхөөр байгаа юм. Учир нь ICSG буюу Олон улсын зэсийн судалгааны группын мэдээлснээр АНУ жилдээ дэлхийн металлын эрэлтийн дөнгөж 7.7 хувийг бүрдүүлдэг байна. Ингэснээр BMI энэ онд зэсийн үнийг нэг тонн нь 4900 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол түүнийгээ 5150 болгон өсгөсөн байна. Түүнчлэн олон шинжээч зэсийн үнэ цаашид өсөх хандлагатай байгаа хэмээн үзэж байна. Зах зээлийн шинжилгээ судалгааны тэргүүлэгч компани Metal Bulletin Research-ы суурь металлын судалгааны хэлтсийн дарга, Base Metals Forecaster хэвлэлийн эрхлэгч Andrew Cole “Энэ сарын эхээр эхний шинж тэмдгүүд илрээд эхэлсэн. Жишээ нь, хөрөнгө оруулагчид эргээд бараа бүтээгдэхүүнийг сонирхож байна” гэжээ.
Мөн тэрээр “Эдгээрээс зэс бол хамгийн өсөлт сайтай металл болж мэдэх юм. Хятадын эрэлт буурч, нийлүүлэлт ихэссэний улмаас энэ металл өнгөрсөн оны ихэнх хугацаанд бүрэн үнэ цэнэдээ хүрч чадаагүй” гэж ярьсан байна.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн ¹1 уул уурхайн компани BHP Billiton, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хүнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Caterpillar компаниуд ирэх саруудад зэсийн үнэ өснө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, дэлхийд зэсийн олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг BHP Billiton бол энэхүү улаан металлын өсөлтийг тэсэн ядан хүлээж буй нь мэдээж.
Тус компани энэ жил олборлолтын төлөвлөгөөгөө 29 хувиар өсгөж, зэс, газрын тосны орд илрүүлэх төсвөө 900 сая ам.долларт хүргэхээр зорьжээ. Зэсийг ирээдүйн өсөлтийнхөө нэг багана хэмээн тодорхойлсон энэ фирм Чили, Перу, АНУ, Канад, Өмнөд Австралид улаан металлын хайгуулаа идэвхжүүлэхээр хичээж буй.
Гэхдээ богино хугацаанд BHP тийм ч өөдрөг хүлээлт тавьж чадахгүй байгаа юм “Зардлын өсөлт, ирээдүйн хөгжлийн боломжуудын хомс байдал нь үйлдвэрлэлийн эрэлтийг хямд үнээр хангахаас аргагүйд хүргэх магадлалтай” хэмээн тус компанийн тайланд дурдсан байв. Тэгвэл хүнд тоног төхөөрөмжийн дэлхийн ¹1 үйлдвэрлэгч Caterpillar “Төмрийн хүдэр болон зэсийн уурхайн компаниуд тоног төхөөрөмжийн эрэлтийг дараагийн 3-5 жилд тэргүүлэхээр байна. Одоогоор хүнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч CAT голлох худалдаагаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн салбарт хийж байна” гэж мэдэгдсэн байна. Лондон, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Rio Tinto” групп Монгол Улсын Оюутолгой уурхайн өргөжүүлэлт хийгдэх үед буюу 2020 онд зэсийн зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй байна гэжээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: