Хаалттай хаалганы цаадах “дуусдаггүй яриа”
Өнгөрсөн баасан гаригт Тэрэлжид очиж, дөрвөн одтой зочид буудалд нууцаар хуралдсан МАН-ынхан уржигдар Төрийн ордонд үргэлжлүүлэн хуралдлаа.
Тэрэлжид очсон шалтгаан тов тодорхой. Чуулганы хуралдаан дуусахаар Тэрэлж дэх Resort World Terelj Hotel-д очих урилгыг эрхэм гишүүдэд Ерөнхий сайд тараажээ.
Ингээд Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нарын зарим гишүүнээс бусад нь Тэрэлжийг зорьсон байна. Мөн сайд нар бүгдээрээ очжээ.
Тэнд очоод УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзан, “тулж” ярилцсан гэж байна. Ингэхдээ “…Тавантолгойн асуудлаар бид нэг байр суурьтай байх хэрэгтэй байна. Сар гаруйн дараа 580 сая ам.доллар төлнө. Удахгүй дахиад өр төлнө. Ийм учраас Тавантолгойг хөдөлгөхгүйгээр энэ бүхний ард гарахгүй. Тэгэхээр одоо яригдаж байгаа ашиглуулах гэрээг бүгдээрээ дэмжээд явах хэрэгтэй байна. Нөгөө талаар, улс орны эдийн засгийг сэргээнэ гэсэн намын амлалт биелэхгүйд хүрэх гээд байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар “…Хувийн өмчид халдахгүй” гэсэн байр суурийг Засгийн газар барьж байгаа. Үүн дээр бас нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй байгаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Намын дотоодод эв нэгдэлтэй байж энэ сонгуульд амжилт гаргана. Тийм учраас дээрх хоёр том асуудалд намын гишүүд нэгдмэл байя” гэжээ. Ихэнх нь эрхэм дарга нарынхаа үгийг сонсоод “…За” гээд л гарсан байна.
Харин уржигдар болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал халуухан болжээ. Тэрэлж яваагүй гишүүд бүлгийнхээ хуралд очиж “олон юм” ярьсан бололтой юм.
Тэрэлжид аядуу намуу байсан МАН-ын гишүүд бүлгийнхээ хурал дээр байр сууриа “харамгүй” илэрхийлсэн тухай эх сурвалж хэлж байна. Зарим хэвлэлийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Л.Элдэв-Очир нар томилолтой учир бүлгийнхээ хуралд оролцоогүй гэжээ.
МАН-ын бүлэг зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” тойрсон асуудлыг таван цаг гаруй хэлэлцсэн байна.
Хурлын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Хэрэв би Ч.Сайханбилэгийн оронд байсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь дээр тийм л байр суурьтай байх байсан” гэжээ. Энэ үгний хариуд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “…Та Үндсэн хууль зөрчинө гэж байгаа юм уу. Тэгэх юм бол Засгийн газрын чинь асуудал яригдана шүү” гэсэн байна.
Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…Энэ янзаараа та нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг шийдэхгүй юм байна. Хууль, хяналтын байгууллагыг гартаа оруулчихлаа гэж битгий эрд. Би өөрт байгаа бүхнээ дуустал, амь насаа өгөөд ч хамаагүй тэмцэх болно шүү” гэсэн байна.
Энэ хуралдааны үеэр зарим гишүүний хэлсэн үг бусдынхаа дэмжлэгийг ихээр авчээ. Тухайлбал УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…АН-ын МҮДН, МАН-ын Хотын фракц хоёр нэгдлээ гэдгээ зарлачихлаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…Хэрвээ АН УИХ-д 65 суудал авч, МАН “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг бусдад өгчихсөн байсан бол өнөөдөр манайхан шоронд орчихсон байгаа шүү” гэсэн байгаа юм.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын аж ахуйн нэгж авсан талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг “…Ийм боломжийг алддаг аж ахуйн нэгж гэж байхгүй байх. Хэрвээ надад ийм боломж гарсан бол би яаж ийж мөнгө босгоод авч таарна” гэхэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “…Би бол хийхгүй. Ийм улайм цайм луйвар явж байхад хийж болохгүй. Хувьдаа банктай байлаа гээд харилцагчдын мөнгийг ийм юманд ашиглаж болохгүй. Ийм боломж байлаа гэхэд Их хуралд мэдэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “…Ер нь хувийн хэвшил рүү дайрах нь сайн зүйл биш. Хувийн өмчид халдсан хэрэг болно” гэхэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…Хувийн компани биш бүлэглэлийг хэлж байна. Бизнесмэнүүдийг дэмжээд ингэж яваад байгаа юм. Ийм орчинд бусад нь яаж бизнесээ хийх юм бэ” гэж хариу барьсан байна.
Ингэсээр МАН-ын бүлгийн гишүүд энэ талаар таван цаг гаруй ярьж, ямар нэг шийдэлд хүрээгүй байна.
Харин хурлын төгсгөлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…Хэрвээ чуулганыг 10-нд хаахаас өмнө энэ асуудлыг оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барина” гэж сүрдүүлжээ.
Энэ талаар улс төрийн хүрээнийхэн “…МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах нэрийдлээр коммунист арга барилаар ажиллаад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан популист шоу хийж байна” гэж шүүмжилж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: