Сурвалжлага: Түрээслэгчид “Well mart”-ийн цахилгаанаас болж гал гарсан байж болзошгүй гэв

1486509680589a567028852Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн эцэст байрлах “Well mart” дэлгүүрт энэ сарын 7-нд үүрээр их хэмжээний гал гарч хоёрдугаар давхар нь бүхэлдээ шатсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Галын улмаас тус худалдааны төвийн хоёрдугаар давхрын 40 орчим лангуу бүхэлдээ галд автсан бөгөөд галын шалтгаан, хохирлын хэмжээг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид болон Онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар судалж байгаа гэдгийг Онцгой байдлын албанаас мэдээлсэн.

Тодруулбал, WELL-MART худалдааны төвд гал гарсан дуудлагыг үүрээр 03.00 цагийн үед эргүүлийн цагдаа өгч Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гал унтраах дөрвөн ангийн долоо тасаг, 11 автомашин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 6-7 цагийн хугацаанд ажиллан галыг бүрэн унтраасан аж.

Гал гарсан хоёрдугаар давхарт нийт 46 түрээслэгчийн 59 лангуу гоо сайхан, гоёл чимэглэл, бэлэн хувцас, цахилгаан бараа зэрэг төрөл бүрийн бараа зардаг байжээ.

Биднийг өчигдөр буюу энэ сарын 7-ны 19.00 цагийн үед WELL-MART худалдааны төвийн гадна очиход гаднах талбайг нь тусгаарлаж цэнхэр тууз татсан байсан юм. Хаалганы үүдэнд цагдаа нар хамгаалалтад гарсан түрээслэгчдийг  хэсэг хэсгээр нь дотогшоо оруулж үүссэн нөхцөл байдлыг харуулж байлаа. Биднийг дотогшоо орохыг зөвшөөрөөгүй тул бид дотроос гарч ирсэн түрээслэгчидтэй цөөн хором ярилцсан юм.

Түрээслэгч н.БатбулганWell mart”-ийн цахилгаанаас болсон байх гэж бодож байна

-Та ямар бараа бүтээгдэхүүн зардаг байсан бэ?

-Би дотуур хувцас болон эмэгтэй бэлэн хувцас зардаг хоёр лангуу түрээсэлдэг байсан.

-Танд ойролцоогоор хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Би яг нарийн хэлж мэдэхгүй байна. Хоёр лангуу нийлээд ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийн бараа байсан байх гэж бодож байна.

-Та хар дэвтэр хөтөлдөг байсан уу?

-Хар дэвтэр байсан. Гэхдээ дэвтэр маань хамт шатчихсан.

-Тэгэхээр одоо хохирлынхоо хэмжээг яаж тодорхойлох вэ?

-Өөрөө байнга бараандаа явдаг байсан юм чинь ер нь багцаа байгаа. Тэгэхээр багцаагаар л гаргана гэж бодож байна. Ингээд шатчихна гэж хэн санах вэ дээ. Саяхан бараа таталтын хоёр том авдар хийлгэсэн. Бүгд байхгүй болчихлоо.

-Та сая дотогшоо ороод гарч ирлээ. Нөхцөл байдал ер нь хэр байна?

-Авах юм алга. Ганц хоёрхон лангуу л зарим зүйл нь шаталгүй үлдсэн харагдаж байна. Манай лангуу бол юу ч байхгүй. Бүгд үнс болчихсон байна.

- Таны лангуунд шатаагүй үлдсэн юм байна уу?

-2-3 хан дутуу шатсан тирко байна. Өөр юм алга даа.

-Та юунаас болж гал гарсан гэж бодож байна вэ?

-Би бол “Well mart”-ийн цахилгаанаас болсон байх л гэж бодож байна. Зарим түрээслэгчдийн ярьж байгаагаар гал гарахын өмнөх өдөр ус алдсан гэсэн. Тэрэнтэй холбоотой байж магадгүй гэж зарим түрээслэгчид үзэж байгаа юм байна лээ. Галын дүгнэлт гарахаар тодорхой болох байх аа.

-Түрээслэгчдийн буруугаас болж гал гарсан байх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Учир нь бид нар өдөр өдрөөрөө жижүүрлэдэг. Орой хамгийн сүүлд жижүүр нь үлдээд бол “Well mart”-ийн зохион байгуулагчтай хамт бүх юм аа шалгаад, пускатлаа буулгаад гардаг.

-“Well mart”-ийн удирдлагууд өнөөдөр ирсэн үү. Та бүхэнтэй уулзсан уу?

-Ерөөсөө ирээгүй. Тиймээс бид нар үнэхээр гомдолтой байна. Бид нартай харьцдаг зохион байгуулагч хүүхэн нь л гүйгээд байна. Удирдлагуудтай чинь уулзмаар байна дуудаад өг гэхээр “Гадуур ажилтай байгаа. Энэ асуудлаар байцаагдаад явж байгаа” гэж хэлсэн. Угаасаа түрээслэгчдээ хайхардаггүй. Муухай хариуцлагагүй газар. Удирдлагууд нь нэг ч удаа бид нартай ирж уулзаж байгаагүй. Бид нар бол одоо үнэхээр мухардалд орж байна. Цагаан сар болох гэж байгаа яг энэ үе бид нарын хамгийн чухал үе шүү дээ. Бүр хэлэх ч үг олдохгүй юм. Жаахан бие муутай хүмүүс нь даралт нь ихдээд муужраад зөндөө л асуудал гарч байна.

Түрээслэгч н.СарантуяаОйролцоогоор 11-12 сая төгрөгийн хохирол учирсан

-Та ямар бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бэ?

-Би дотуур хувцас зардаг байсан.

-Та ойролцоогоор хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-Би дотуур хувцас, өмнө нь зарж байсан солонгос барааны үлдэгдэл болон хайрцагтай гутал тавчигнууд байсан. Ойролцоогоор 11-12 сая төгрөгийн хохирол учирсан. Дотуур хувцас овор хэмжээ бага ч гэсэн мөнгө их шингэдэг бараа байдаг.

-Дотогшоо орж үзсэн үү?

-Үзлээ. Нүд халтирмаар харагдаж байна. Миний лангуунаас юу ч үлдээгүй байна Ганц хоёрхон лангуу л зарим зүйл нь шатаагүй үлдсэн харагдсан.

-Зарим зүйл нь шатаагүй үлдсэн яг хэдэн лангуу байна?

-Хамгийн захад байсан ломбард гайгүй байна. Үсчингийн өрөө рүү гал ороогүй байх шиг харагдсан. Зарим юм нь шатаагүй үлдсэн лангуу хоёр л байх шиг байсан.

-Нэг давхар руу гал орсон байна уу?

-Хүнс рүү бол гал ороогүй байсан. Гэхдээ нэлээн их ус орсон байна лээ. Зарим зүйл нь усанд автчихсан одоо нүүлгэн шилжүүлэлт хийгээд байж байна.

-Нэг давхарт байдаг Капитрон банк яасан бол?

-Тийшээ орж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Та лангуугаа шатсаныг хэзээ мэдсэн бэ?

-Үүрээр 05.00 цагийн үед манай нэг түрээслэгч над руу залгаж “Well mart” шатаж байна гэж хэлсэн.

-Та анх сонсоод яаж хүлээж авсан бэ. Танд хэр хүнд тусав?

-Арай үгүй байлгүй дээ л гэж бодсон. Бид нарын амьдралаа залгуулдаг ганц зүйл шүү дээ. Ядаж байтал яг сар шинийн өмнөхөн ийм юм болсон болохоор маш хүнд туссан.

-Та юунаас болж гал гарсан гэж бодож байна вэ?

-Галын дүгнэлт гараагүй байгаа. Гэхдээ манай түрээслэгчид “Well mart”-ийн цахилгаанаас болсон байж магадгүй гэж бодож байна.

Түрээслэгч н.нАвах юм нэг ширхэг ч үлдээгүй бүгд шатчихсан байна

-Та ямар бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бэ?

-Цахилгаан бараа зардаг байсан.

-Хохирлын хэмжээгээ тооцоод гаргачихсан уу?

-Үгүй ээ. Одоогоор хохирлынхоо хэмжээг тогтоогоогүй байна.

-Та дөнгөж сая дотогшоо орчхоод гарч ирлээ. Таны лангуунаас авах юм үлдэж үү?

-Авах юм нэг ширхэг ч үлдээгүй байна.

Т.Гэрэл

zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих