Румынчуудын жагсаал зорилгодоо хүрлээ
Бараг хагас сая хүн оролцсон жагсаал, цуглаан долоо хоног үргэлжилсний эцэст ийнхүү зорилгодоо хүрч, авлигын хэргээр шоронд ял эдэлж буй экс улстөрчдийг суллахгүй байх шийдвэрийг эрх баригчид гаргалаа.
Эрх баригч зүүний хүчний нам төрийн эрхэнд гармагцаа торны цаана сууж буй намынхаа гишүүдийг өршөөлийн хуулиар далайлган суллах гэж байсныг румынчууд олж мэдэн, Бухарест гэх мэт том таван хотдоо 7 хоногийн хугацаанд тасралтгүй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм.
Эцэст нь Ерөнхий сайд Сорин Гриндаен мэдэгдэл хийж, “Ард түмний төлөөлөл болж сонгогдсон улстөрчид нийтийн эсэргүүцлийг хүлээн авч, зөв шийдвэр гаргахыг уриалж байна” гэжээ. Улмаар удахгүй батлагдах өршөөлийн хуульд авлига, хээл хахуулийн хэргээр ял эдэлж буй иргэдийг суллахгүй байх заалт оруулахаар болжээ.
Румын улсын ард иргэд удахгүй шоронгоос суллагдаж магадгүй дөрвөн этгээдийн зургийг хэвлэж, шоронгийн хувцас өмсүүлэн гудамж талбайд гарч жагссан юм. Дээрх дөрвөн улстөрч, төрийн эрхэнд байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, өөрсдийн бизнест ашигтай хууль батлахаар оролдож байгаад хуулийн хариуцлагат татагдсан байдаг аж.
Т.Бат
URL: