С.Эрдэнэ АН-ын “гал тогоо”-г хэнд атгуулах вэ
УИХ-ын сонгуульд намаа ялагдалд хүргэсэн АН-ын дарга З.Энхболд, тус намын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд зургаан хоногийн хугацаа үлдлээ. АН-ын дарга З.Энхболд сонгуулийн дараахан намын даргын суудлаа өгөх хүсэлтээ хүргүүлсэн ч Зургадугаар их хурлаараа намын даргаа бүх гишүүдийн санал хураалтаар сонгохоор болж, З.Энхболдын өргөдлийг түр хойшлуулсан. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд болсон АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулж, намын даргаар сонгогдсон юм. Гэхдээ түүнийг энэ сарын 12-нд болох намын Долдугаар их хурлаар батламжилна. Тэгэхээр АН-ын дарга З.Энхболд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар зургаан хоногийн дараа албан ёсоор суудлаа өгч, С.Эрдэнэ албан ёсоор намын дарга болно.
С.Эрдэнэ албан ёсоор намын дарга болсоноор АН-ын “гал тогоо”-г хэн барих вэ гэх асуудал хамгийн түрүүнд яригдана. Учир нь ирэх сонгуульд буюу 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүн бол намын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга юм.
Мэдээж дараагийн генсекээр С.Эрдэнэ, З.Энхболд хоёр өөрсдийнхөө хүнээр гал тогоогоо бариулна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Эрдэнэ Ц.Тувааныг зүтгүүлж байгаа бол З.Энхболд Г.Байгалмааг зүтгүүлж байгаа гэнэ.
Ц.Туваан нь энэ сарын 12-нд болох АН-ын Долдугаар их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалж байгаа юм. Тэрбээр өмнө нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, “Шонхор” фракцийнхантай дөрөө харшуулах болсон юм.
Харин Г.Байгалмаагийн хувьд Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байхад Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан нэгэн. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм. Ийнхүү АН-ын “гал тогоо”-г барихад Ц.Туваан, Г.Байгалмаа нарын нэр хүчтэй яригдаж байгаа ч Ц.Тувааныг генсекээр сонгогдох магадлал хамгийн өндөр гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
Эдгээрээс гадна С.Эрдэнийг генсекээрээ Р.Амаржаргалыг тавих болов уу гэсэн таамаг сошиал сүлжээнд нэлээдгүй явж байсан юм. Улмаар Нийслэлийн АН-ын даргад Н.Нүрзэдийг томилох байх гэсэн таамаг байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол бүх ажлынх нь гол хөдөлгөгч хүч болох ёстой юм. Тиймээс генсекээ томилохдоо нэлээд бодож байж шийдвэрлэх хэрэгтэй буй за.
Б.Анир
http://www.zaluu.com/read/g09735bc
URL: