Нарантуулын дуулиант галын хэргийг шүүхээр шийдвэрлэв
Нарантуул худалдааны төвийн даавуу, бөс бараа худалдаалах хэсэгт 2016 оны гуравдугаар сарын 03-ны өдөр гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан.
Уг хэрэгт Нарантуул захын инженер, харуул хамгаалалтын ажилтнуудыгхэрэгт татан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв.
Н. Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргасан байна. Нарантуул захын инженер болон эрх бүхий бусад албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөн, харуул хамгаалалтын ажилтнууд бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон Н. Амгаланбаатар нарт 2-3 жил хорих оноожээ. Гэвч ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар болж, Ттрээслэгчдэд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа гэж УЕПГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: