Өвөл машинаа гадаа зогсоолд тавихдаа юуг анхаарах вэ?
Машинаа зогсоолд байрлуулахдаа урд хоёр дугуйгаа заавал тэгшилж бай. Энэ нь хүйтний улиралд бүр онцгой ач холбогдолтой. Урд дугуйг тэгшлэлгүй орхисон тохиолдолд хөдөлгүүр асаамагц жолооны гидронасос өндөр даралттайгаар шингэнээ шахсанаар царцуу жийргийг мулт түлхэн шингэнээ цацчихдаг.
Рулийн рейк бол орчин үеийн машины маш үнэтэй зангилаа. Дугуйгаа тэгш орхисон нөхцөлд хөдөлгүүр асаахад жолооны гидро шингэн нь рулийн рейкийг алгуур халаан хэвийн ажиллах горимд нь оруулдаг. Хөдөлгүүр халж хөдөлгөөнд оролцоход бэлэн болохтой зэрэгцээд рулийн гидро өсгөгч ч хэвийн ажиллагаанд бэлэн болсон байдаг.
Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?
Өвөл машинаа гадаа тавихаар бол яндангаа бөглөх хэрэгтэй. Янданг бөглөснөөр мотор дахь дулаан агаарыг хадгалдаг. Гэхдээ энэ аргыг удаан хугацаагаар тавих тохиолдолд хэрэглэж болохгүйг анхааруулж байна. Ер нь өвлийн улиралд өндөр чанарын синтетик моторын тос хэрэглээрэй. Түүнчлэн антифрийзийнхээ градусыг хүссэнээрээ тааруулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 50 градус дээр тааруулахад тохиромжтой. Туршлагатай жолооч нар машиндаа рестарт хэрэглэдэг. Энэ нь машинаа нэг минут орчим асаагаад унтраана. Үүнийхээ дараа аккумлятороо салгаад 4-5 минутын дараа эргэж залгаад асаана. Энэ арга нь өвлийн улиралд машиныхаа эдийг гэмтээхгүй байх хамгийн тохиромжтой арга.
Гадаа хэт удаан тавьсан машиныг шууд асаагаад явахад машины эд хэрэглэл маш амархан эвдэрнэ. Машин асаад мотор халахад сальник резинүүд гэсэж хүчтэй даралтад тосоо барьж дийлэхгүй хагарч хугарах, зад тавих аюултай. Энэ нь бензин их идэх, амортизатор муудах, тос гоожих үндэс болдог. Мөн аккумлятороо хайрлая гэвэл машинаа асаахаас өмнө холын гэрлээ асааж хэсэг байлгасны дараа машинаа асааж байгаарай.
URL: