Монголын төр шийдвэр гаргасан бол шинэ ордонтой болох байлаа
Сүүлийн хэдэн жилийн турш Төрийн ордныг барих тухай УИХ-ын төвшинд яригдсаар ирсэн ч шийдэж чадаагүйгээр барахгүй 54 тэрбум төгрөгөөр шинийг барина гэж байснаа больж хуучин барилгынхаа дээврийг хүчитгэж засвар хийхээр болжээ.
Төрийн ордны барилгыг засварлах, зарим хэсгийг шинээр барих асуудал Байнгын хороогоор хэлэлцэгдсэнтэй холбогдуулан Кувейтын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларыг Төрийн ордны барилга барихад зориулж 2007 онд олгохоор шийдвэрлэсэн байсныг манай парламентын гишүүд газар олдохгүй байна гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл аваагүй байгааг бид хөндөж байна.
УИХ-ын даргын захирамжаар 2007, 2013 онд ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд тухай бүртээ шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судлан Төрийн байгуулалтын байнгын хороонд хэлэлцүүлж байжээ.
Ц.Шаравдорж: Манай түшээд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн
УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн ордныг Кувейтын тусламжаар шинээр барих асуудлыг хариуцаж явсны хувиар энэ талаар ярьж өгнө үү?
-Монгол Улсын Төрийн ордон бол хамгийн найдвартай, бат бөх объект байх ёстой. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар бүгдээрээ энэ байшинд байна. Манайх шиг бүх төрийн удирдлагууд нь нэг дор байдаг улс байхгүй юм билээ. Бололцоо нөхцөлөө бодохоор аргагүй л дээ. Харин энэ барилгын аюулгүй байдлыг хангах ёстой. Төрийн ордон 1947 оноос баригдаж эхэлсэн, тэр үеийн технологи, барилгын хийцээр хийгдсэн барилга.
УИХ-ын Тамгын газрын даргаар тодорхой хугацаанд ажиллаж байсны хувьд барилгын чанарыг сайн мэднэ. УИХ-ын гишүүдийн өрөө тасалгаа Төрийн ордны аюулгүй байдалд Тамгын газраас санаа тавьж ирсэн. Биднийг ажиллаж байх хугацаанд хоёр ч газарт нуралт үүсч байсан. Төрийн ордны их танхимын хажуугийн гэрлийн бүрхүүл бүхий хэсэг нурж байсан. Азаар шөнө нурсан л даа.
Энэ бүхнээс үүдээд Төрийн ордны хийц барилгын чанар ямар байх талаар онцгойлон анхаарч судалгаа хийсэн. Тухайн үеийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон ЗГХЭГ-ын даргатай уулзаж байсан.
Мэргэжлийн байгууллагын хоёр удаагийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр бол ашиглалтад тэнцэхгүй гэсэн байсан. Хэдийгээр энэ байранд бид байх ёстой ч, шинэ байр зайлшгүй барих ёстой гэдгийг хэлж байсан. Энэ үед Кувэйтийн сан барилгын зургаа та нар гарга. Барилгынхаа нэг хананд л Кувейтийн сангийн тусламжаар барив гэсэн самбар тавьчих гэсэн. Энд Кувейтийн сантай анхнаасаа холбоо тогтоосон К.Сайрааны зүтгэлийг тэмдэглэж хэлмээр байдаг.
Шинэ ордон барихад нэг юм саад болдог юм. Юу гэхээр манайхны улстөржилт саад болсон. Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг оролцуулаад өргөтгөн барих зураг төслийг тухайн үед гаргасан. Гэтэл зарим гишүүн үүгээр далимдуулж дараагийн сонгуулийнхаа улс төрийг хийсэн. “Төрийн ордны хойд талын түүхэн ногоон байгууламжийг үгүй хийх нь” гэсэн яриа гаргаж байлаа. Энэ асуудлыг хэн дэвэргэж байсан бэ гэвэл, одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын улстөрчид дэвэргэж байсан. Хэвлэлийн бага хурал хийгээд тэнд мод хүртэл тариад л. Нэг их ногоон байгууламж хамгаалдаг хүмүүс гарч ирж байлаа. Гэтэл бидний тооцоогоор ногоон байгууламжийн 80 хувь нь хадгалагдаж үлдэхээр байсан юм. Тухайн үед Монголын төр шийдвэр гаргасан бол манай парламент шинэ Төрийн ордонтой болох байлаа.
-Төрийн ордны зарим хэсгийг буулгаж шинээр барих, засвар хийхэд 42.4 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ лээ?
-ЗГХЭГ-ын дарга Төрийн ордныг 42.4 тэрбумаар засварлана гэж ярьсан байна. Тийм боломж байгаа бол сайн байна. Гэхдээ Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Төрийн ордныг барихад зориулж 12 сая ам.доллар өгөхөөр шийдсэн байсныг ажил болгоогүй, харин одоо 42 тэрбум төгрөгөөр ямар засвар хийх нь сонин байна. Буулгаад дундах хэсэгт засвар хийнэ гэхээр санаанд багтахгүй л байна. Урд, хойд хэсгийг нь үлдээгээд голыг нь буулгахад Төрийн ордон тэсэх үү. Тийм дүгнэлт гарсан нь гайхалтай.
АСЕМ-ын хуралдааны үеэр томоохон хуралдаанууд Төрийн ордны Их танхимд болсон. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагад байсных ордны барилгад санаа зовж л явсан.
Одоо харахад, 42.4 тэрбум төгрөг төрд байгаа юм байна л даа. Нэгэнт ЗГХЭГ-ын дарга ийм танилцуулга хийсэн бол мэдэж байгаа биз. Зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлага бол бий. Гэхдээ амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн нь манай түшээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг хэлчихье. “Төрийн ордноо барьчих. Эхний туслалцааг аваад хэрэгжүүлж эхлэхэд дараагийн хэсгийг өгье” гэж тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг айлчлал хийх үеэр хэлж байсан. Манай улстөрчид үүнээс харахад, зөвхөн улс төрөө бодохоос биш, бүтээн байгуулалтын ажлуудаа, амин чухал асуудлуудаа орхигдуулж байжээ.
Б.Болдбаатар: Ордон барих хөрөнгийг нэмэхээр Кувейтын талтай харилцаж байна
Төрийн ордныг шинээр барих талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын 2014 оны 4 дүгээр сард хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
-Төрийн ордны шинэ барилга барих газар олдохгүй байна гэж байсан ч ажлын хэсэг хаана барихаа шийдвэрлэсэн гэж байна. Шинэ ордонтой болох ажил ямар шатандаа явна вэ?
-Парламентын шинэ ордон бариулах талаар УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд парламентын ордныг одоогийн ордны ард талын цэцэрлэгт барих санал гарсан байдаг. Гэвч зарим нэг гишүүдийн зүгээс Төрийн ордны ард талын цэцэрлэгийг байхгүй болгож, шинэ ордон барих нь буруу гэдэг санал гарснаас барилгын ажил түр хугацаагаар зогсоод байсан. Харин энэ асуудалд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, энэ ажлын хэсгээс шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судлан, Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулаад байна.
-Кувейтын талаас 12 сая ам.долларын тусламж үзүүлэхээ хэлсэн. Тэгэхээр үүнээс илүү гарч байгаа мөнгийг яах вэ. Манай улс өөрсдөө гаргана гэсэн үг үү?
-Энэ 12 сая дээр багагүй мөнгө нэмэгдэх тооцоотой байгаа. 54 сая орчим ам.доллар болох байх. Тиймээс бид ордон барихад нэмэгдэх хөрөнгийн хэмжээг нэмэх талаар Кувейтийн талтай ажлын шугамаар харьцаж байна.
Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер: Парламентын ордны барилгыг санхүүжүүлэхээр олгосон ч шийдэхгүй удааширсан
“Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим энгийн асуудал ч шийдэл байхгүйд хүрч, Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд зориулан бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар дараа нь хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал хүлээж аваад байна” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр хэлсэн билээ.
URL: