Засгийн газар: Сэжигтнийг 24 хүртэлх цаг баривчилна

1479350617582d19597f22cЖ.Эрдэнэбатын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ үеэр Засгийн газрын гишүүд санал гаргасан бөгөөд тэдний саналыг тусган УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боллоо.

Тухайлбал, сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын судалгаагаар 2014 онд 1863 хүнийг баривчилснаас 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ. Харин 913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорьсон байна. Тиймээс сэжигтнээр саатуулах хугацааг багасгах шаардлагатай гэж үзсэн юм байна.
Мөн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор төсөлд заажээ. Мөн прокуророос эцэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс буцаадаг зохицуулалтыг халахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Баривчлагдсан хүмүүсийн гуравны хоёр нь шүүх рүү буюу прокурорын шатанд яллагдагчаар татагддаггүй. Тиймээс энэ үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх ёстой. Хэрвээ, зайлшгүй баривчлах шаардлага гэж үзэж байгаа бол гэмт хэрэг үйлдэж байгаа агшинд нь барьсан бол саатуулах ёстой. Хоёрдугаарт, гарцаагүй үндэслэл, баримт байгаа бол шүүхийн зөвшөөрлөөр энэ ажиллагааг хийх ёстой гэдгийг хуульчилж байгаа.

Мөн цагдан хорихтой холбоотой өөрчлөлтүүд гарч байгаа. Хүнийг ямар нэг байдлаар, үндэслэлгүйгээр цагдан хорьж, хилийн хориг тавьдаг үйл ажиллагаа нь тусгай хяналттай, зөвшөөрөлтэй болж байгаа. Дураараа хүнийг баривчилж, цагдан хорьдог явдлыг өөрчилье гэж байгаа. Гарцаагүй зохион байгуулалттай, үндэсний аюулгүй байдлын эсрэг, тероризмын эсрэг гэмт хэргүүд дээр л цагдан хорино. Харин бусад үед буюу оргон зайлах, шалгуулахаас санаатай зайлсхийх гээд байгаа бол цагдан хорьж, бусад үед цагдан хорихгүй байх зарчмын өөрчлөлт орж байгаа юм” гэлээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих