Холливуд Трампт “дайн зарлалаа”
Тэр дунд дуучин Рианна, Майли Сайрус, реалити од Ким Кардашиан, жүжигчин Аштон Катчер, Керри Вашингтон, загвар өмсөгч Крисси Тайген ч багтаж байна. Трампын тангаргийн ёслолын дараа эмэгтэйчүүдийн жагсаалд оролцож байсан дуучин Рианна Твиттертээ “Зэвүү хүрч байна. Ямар итгэмээргүй мэдээ вэ. Америк орон нүдний минь өмнө сүйрч байна. Ямар ёс суртахуунгүй гахай нь ийм хориг хэрэгжүүлдэг байна аа” гэж дургүйцлээ илэрхийлсэн бол Майли Сайрус Эрх чөлөөний хөшөөний зургийг “Цагаачдын талд зогсоно” гэсэн тайлбартай жиргэжээ.
Харин реалити шоуны од Ким Кардашиан албан ёсны статистик мэдээнээс иш татжээ. Түүний нийтэлсэн баримтаар бол бүтэн жилийн хугацаанд лалын хэт үзэлтэй гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан америкчуудын тоо ердөө хоёр байгаа бол америкчууд нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол 11737 байна. Өөрөөр хэлбэл, америкчуудыг исламын хэт үзэлтнүүдийн аюулаас хамгаалах зорилготой гэж тайлбарласан Трампын бодлого үнэндээ бодит байдлаас хэр хол зөрүүтэй байгааг энэ баримт харуулжээ.
Жүжигчин Аштон Катчер Трампын хоригоос болоод “Цус минь буцалж байна” гэж Твиттерт бичжээ. Түүний эхнэр, жүжигчин Мила Кунис Хүйтэн дайны үед Украинаас АНУ-д дүрвэн ирж байсан учраас дүрвэгч цагаачдыг хориглох шийдвэрийг зүрхэндээ маш ойр хүлээн авснаа хэлээд “Бид энэ улсыг айдас хүйдэс дээр босгоогүй юм шүү. Нигүүлсэнгүй сэтгэл бол Америкийн ёс суртахууны үндэс юм” хэмээн бичжээ.
Оддын тэмцэл нийгмийн сүлжээнээс ч хальж, өчигдөр Лос Анжелест болсон Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр бараг тайзнаа гарсан хүн бүр хоригийн эсрэг байгаагаа илэрхийлж, талцал хуваагдлын эсрэг нэгдмэл байдлаа хадгалж, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлээр дүрвэгч цагаачдыг хүлээн авах ёстой хэмээн хэлж байлаа. Жүжигчин Аштон Катчер нээлтийн үгийг хэлэхдээ “Нисэх буудалд саатуулагдсан хүн бүр Америкт хамаатай, бидний нэг хэсэг. Бид та бүхнийг тавтай морилохыг урьж байна” гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: