Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий зураг

527-14859143232-1-3_700x700Өнөөдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль эхэлж байна. Сонгогчид зургадугаар сарын 26-нд саналаа өгнө. Ийм тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 26-нд  УИХ баталсан юм.

Энэ сонгуульд эрх баригч МАН, сөрөг хүчин АН, УИХ-д суудал бүхий МАХН, мөн УИХ-д бие дааж нэр дэвшээд сонгогдсон С.Жавхлан гэсэн дөрвөн субьектийн төлөөлөл Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай байгааг улс төрийн хүрээнийхэн, судлаачид ажиглагчид  хэлж байна.
МАН. Эрх баригч энэ намын хувьд нэр дэвшигч нь УИХ-ын сонгуулиас өмнө тодорсон гэвэл зохино. МАН-ын дарга М.Энхболд энэ жилийн Ерөн­хийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэ. Хэрэвзээ энэ эрхэм Ерөнхийлөгчөөр сонгогд­вол Монгол төрийн толгой болсон гурван албан тушаалыг хашсан хоёр дахь хүн болох юм. Учир нь М.Энхболд өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо бол УИХ-ын дарга. Тиймээс одоогоор Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан цорын ганц хүн гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхийг давтана гэсэн үг.
АН. Уг нь энэ нам сөрөг хүчин билээ. Гэвч сүүлийн саруудад тус намд болж буй үйл явдлуудыг харвал тэдэнтэй өнөөдөр улс төрийн сөрөг хүчний үүргийн тухай ярилтгүй болсон нь анзаарагдаж байна. Сонгогдоод хоёр хонож буй С.Эрдэнэ дарга нь хэр зэрэг ажиллахаас АН-ын цаашдын хувь заяа, сонгуулиудын дүн хамаарах болно. Яг одоогийн эмх замбараагүй байдал дунд  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол бүхий олон кандитат байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Гэхдээ нэр дэвшигчээ маш хурдан хугацаанд, өнөө маргаашгүй тодруулах шаардлага нэгэнт тулаад байгаа.
Хамгийн түрүүнд, намын даргын тамга атгаад байгаа С.Эрдэнэ нэр дэвших үү гэдэг асуулт босч ирнэ. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Ингэхэд сая болж өнгөрсөн намын даргын сонгуульд хамтарсан “баг”-ийнхандаа өгсөн ам нь саад болно гэж байна.
Түүнээс өөр хүн гэхээр Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, З.Энхболд, Г.Батхүү нарын нэр яригдаж байгаа. Гэхдээ тэднээс одоогийн дарга, түүнийг дэмжигчидтэй хэн учраа олсон нь нэр дэвшинэ гэдэг цорын ганц шалгуур бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Ерөөс зөвхөн дээр нэр дурдсан хүмүүс ч биш, өөр хэн ч “заал”-наас нэр дэвшиж магадгүй. Учир нь АН өнөөдөр тав хуваагдчихсан. С.Эрдэнэ намынхнаа эвлүүлж чадах уу үгүй юу гэдэг тодорхойгүй байгаа. Тиймээс намын даргын сунгаанд хүч үзсэн эрхмүүд ч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж магадгүй юм. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдийг дэмжиж, дагасан залуус ч амбийцаа даган Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэр гаргаж болно. Ер нь бол АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тун зовлонтой тодруулж магадгүй байгаа юм.
МАХН. Тус нам УИХ-д нэг суудалтай. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Харин тус намаас хэн нэр дэвших бол гэдгийг олон нийт харж байгаа. Шууд нэр дэвшээд өрсөлдөх, бэлэн нэр дэвшигч нь мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн хүчнүүд, зарим улстөрчийн сонирхол бий. Тиймээс Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэдгийг баттай хэлэх эх сурвалж одоогоор алга. Юутай ч МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлнэ гэдэг тодорхой юм.
С.Жавхлан, Г.Уянга. УИХ-ын гишүүн С.Жавхлан бол намгүй хүн. Тэрээр сүүлийн үед УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгатай сүрхий сүжирч байгаа. Энэ хоёрын “нэгдэл” чухам ямар зорилготой вэ гэдгийг улстөрчид бол “уншаад” байна. С.Жавхлан, Г.Уянга нар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулна гэж мэдэгдсэн. Гэхдээ тэдний хамтын зорилго одоогийн Ерөнхийлөгчийг унагах бус энэ онд болох ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг нийлээд дэмжихээр уулзалдаад байгаа гэнэ. Г.Уянгын нам бол үнэн хэрэгтээ “Женко” Х.Баттулгынх. Анхны хурал дээр нь ирсэн зочин гишүүдээс нь тов тодорхой харагдана. Харин С.Жавхлан бол Ц.Нямдоржтой асар ойр гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж, хэлдэг. Тэгэхээр буга намнадаг нь манайд байна, булга зүйдэг нь танайд байна гэдэг шиг С.Жавхлан гэдэг УИХ-ын гишүүн Г.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсчихвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн дөрөв дэх хүчин “төрөх” юм. Харин ингэсэн тохиолдолд С.Жавхлан, Г.Уянга нар хэнийг дэвшүүлэх вэ гэдэг мөн л тодорхой бус байна. Цаадахыг нь харвал Ц.Нямдорж, Х.Баттулга хоёр харагдана. Х.Баттулгын хувьд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шүүхээр шийдэгдэх бараг дөхсөн гэж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодох ч үгүй байгаа байх. Харин Ц.Нямдорж бол зүтгээд үзнэ гэж мэдэх хүн. Гэвч Ц.Нямдорж, Х.Баттулга хоёр нэг завин дээр суух хүмүүс мөн үү гэдэг хамгийн том асуулт бий. Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсагнал гэж байдаггүй хэмээх алдарт афоризмыг мань хоёр эрхэм баримтлаад нууцхан уулзаж, тохироогоо хийсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлж байна. Ингэхээр СЕХ-ноос гаргасан хуваарийн дагуу намууд нэр дэвшигчээ дотооддоо тодруулж, улмаар СЕХ-нд бүртгүүлэн, хуулийн хугацаанд сурталчилгааг нь хийнэ. Ингээд зургадугаар сарын 26-нд санал хураалт явагдаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодорно. Энэ удаагийн сонгуульд улс төрийн дөрвөн хүчин төлөөллөө нэр дэвшүүлнэ. Тэднээс МАН л нэр дэвшигчээ бараг тодорхой болгоод байна. МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшинэ. Харин АН, МАХН, С.Жавхлан, Г.Уянга хоёрын “нэгдэл”-ээс хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа ажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг ерөнхийлөн зураглавал ийм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих