Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсахаар төлөвлөж байна
Багш нар салбарынхаа сайдтай уулзах хүсэлтийг аль өнгөрсөн хавраас хойш тавьсан ч тэднийг хүлээж авахгүй байгаа гэнэ. Түүгээр ч үл барам өнгөрөгч Олон улсын багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр ч урилгыг нь хүлээн авч уулзалтанд нь ирээгүй болохыг МБШУ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон ярьж байна.
Яг одоо Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн үйлдвэрчний хороон дарга нар уулзалт зохиож байна.
Энэ уулзалтаар БСШУ-ы сайд Ш.Отгонбаяртай уулзаж оноос өмнө буюу арванхоёрдугаар сарын 1-нээс багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж, хэрвээ сайд уулзахгүй, шаардлагыг нь хүлээж авахгүй гэвэл ойрын хугацаанд ажил хаях талаар ярилцаж байна. Учир нь цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэж ярьж байсан ч энэ асуудлыг гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар ярьж буй ажээ. Тиймээс багш нар энэ нь хойшилсоор сүүлдээ зургадугаар сарын 1-нээс болж магадгүй хэмээн болгоомжилж байна.
Бид зарим багш нараас асуудлыг тодрууллаа. Нийслэлийн 17-р сургуулийн багш Энхтуяа:
-Багш нарын цалинг 2000 оноос хойш хоёр удаа нэмэхдээ зургадугаар сараас нэмдэг. Гэтэл багш нар зургадугаар сараас эхлээд амралтаа авчихдаг. Миний хувьд 32 жил багшилж байна. Үндсэн цалин 250 мянга, үүн дээр нэмэгдэлтэйгээ нийлээд 320 мянган төгрөгний цалинтай.
-Багш нарыг нөүтбүүкээр хангах талаарх шийдвэрийн талаар ярьсан. Энэ талаар сонссон уу?
-Ихэнх багш нар цалингаараа лизингийн зээл хийгээд нөүтбүүк авчихсан. Тэгээд ч сургууль бүхэнд компьютерийн кабинет байгаа ш дээ. Тэгэхээр ийм үр ашиггүй зүйл хийхийнхээ оронд багш нарын амьдралд хэрэгтэй нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил хийгээсэй билээ.
-Саяхан МХЕГ-аас авсан шалгалтаар хүүхдүүдийн тал хувь F үнэлгээ авч, багш нарын ажлыг “муу” гэж дүгнэсэн гэж бодож байна. Энэ талаар?
-Манай сургууль бол хотын захад байдаг сургууль хэдий ч ерөнхий шалгалтаар улсын дунджаар гарч, монгол хэлний хичээлээр хотод нэгдүгээр байранд орсон. Шалгалт авсан тухайн өдөр хүүхэд ямар ч бэлтгэлтэй, тухайн сэдэв ямар ч байсан байж болно. Энэ бол багш нартай шууд холбоход хэцүү асуудал. Багш нар бол байнга цаг наргүй ажилладаг хүмүүс шүү. Ачаалал маш өндөр.
Өглөө 08:00 цагт гараад л тэр олон хүүхдүүдтэй тулж ажиллана. Тэгээд захын хороололд ядуурлын дээд түвшинд хүрчихсэн айлын хүүхдүүд байдаг. Хүний өвчин эмчлэхээс сэтгэхүйг эмчлэх асуудал бол маш хэцүү. Ядуурлаас болж хүүхдүүд их хохирч байна. Ийм байхад багш нар цалин бага гэлтгүй эцэг, эхээс нь илүү анхаарал тавьж ажиллаж байна. Жишээ нь манай анги есдүгээр анги, 30 хүүхэдтэй. Тодорхой хаяггүй хүүхэд 5, амьдрал нэн ядуу идэх талхгүй амьдарч байгаа 18 хүүхэд байдаг.
-Хэрвээ ажлын өдөр жагсахаар бол та яах вэ?
-Улсаас тодорхой алхам хийх байх. Гэхдээ цалин хүрэхгүй байгаа юм чинь оролцоно. Өөр аргагүй.
119-р цэцэрлэг Цэрэндулам:
-Та хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
-Илүү цагтайгаа нийлээд 300 мянга. Өглөө 08.00-18.00 цаг хүртэл ажиллана. Нэг багшид уг нормоороо бол 25-30 байх ёстой байтал одоо 40-50 хүүхэд дааж ажиллаж байна.
-Таны хувьд багш нарын цалинг нэмэхгүй бол жагсана гэдэг асуудлыг дэмжиж байна уу?
-Би бүрэн дэмжиж байна. Нэгдүгээрт ачаалал их, хоёрдугаарт цалин хөлсөө нэмэгдүүлэх зүй ёсны шаардлагатай байна. Манайх хамт олноороо дэмжиж байгаа.
80-р цэцэрлэг Энхжин:
-Би 80-р цэцэрлэгийг төлөөлж ирсэн. Манай хамт олон 100 хувь дэмжиж байна. Манай цэцэрлэгт 600-аад хүүхэд байна. Өглөө 08.00-аас орой долоо, найм хүртэл ажиллаж байна. Багш нарын хувьд 250-320, асрагч багш нар бол 180-220 мянган төгрөгний цалин авч байна. Гэтэл нэг портер нүүрс гэхэд л 200 мянган байна. Тэгэхээр энэ өвлийн хүйтэнд амьдрал үнэхээр хүнд байна. Засаг төр маань хүнээ бодох цаг болжээ. Арванхоёрдугаар сарын 1-ээс цалингаа нэмээсэй гэж хүсч байна.
-Ажлын цагаар жагсах болвол та ирэх үү?
-Эх эцэг нар маш их бухимдах байх. Хүүхдүүдээ тараах л хэрэг гарах байх. Гэвч өөр арга байхгүй. Манай цэцэрлэгийн захиргаа дэмжиж байгаа.
О.Ариунбилэг
gogomn
URL: