Д.Трампын худалдааны бодлого АНУ-ын эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй
АНУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны сүүлийн гурван сард таамаглаж байснаас ч өндөр хувиар буурчээ. Худалдааны яамнаас мэдээлснээр, ДНБ 2015 оны мөн үеэс 1,9 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны 6-9 сард ДНБ 3,5 хувийн өсөлттэй байсан. Энэ үетэй харьцуулахад өнгөрсөн оны сүүлийн 3 сарын эдийн засгийн өсөлт харьцангуй саарсныг харуулж байгаа юм. Эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол шар буурцаг, будааны экспорт буурсан явдал. Аргентин болоод Бразил улсад тариа буудайн гарц муудсантай холбоотойгоор 2016 оны гуравдугаар улиралд Америкт ДНБ эрс өссөн байна.
Тогтвортой эрэлт, бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь АНУ-ын эдийн засгийг цаашид улам өсөн нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна. 2016 онд ДНБ-ий нийт өсөлт нь 1,6 хувь байсан. Энэ нь 2011 оноос хойших хамгийн бага өсөлтийг харуулсан байна. 2016 оны нэгдүгээр хагаст ДНБ-ий өсөлт, газрын тосны үнэ унаж, долларын ханш чангарсан зэргээс үүдэж буурсан гэж үзэж байна. Гэхдээ энэ онд Америкийн эдийн засгийн өсөлтийг нэлээд өөдрөгөөр харж байна. Магадгүй, ерөнхийлөгч Дональд Трампын дэд бүтцийн зардлыг нэмэгдүүлж, татварыг бууруулах зэргийн амлалт нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж болох юм гэдгийг шинжээчид хэлж байна. Гэсэн ч Д. Трамп эдийн засгийн талаар баримтлах бодлого, амлалтаа нарийвчлан танилцуулаагүй байгаа.
Д.Трамп, өнгөрсөн 7 хоногт, “Номхон Далай Дамнасан Түншлэл” нэртэй чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг албан ёсоор гаргах тухай тусгай зарлигт гарын үсэг зурсан. Энэ гэрээг АНУ-д огт ашиггүй гэж үзэж байгаагаа Трамп хэлсэн. Мөн Б. Обамагийн санаачлан баталсан “Обамагийн халамж” нэртэй хуулийн төслийг эдийн засгийн асар их алдагдал авчирсан, үр ашиггүй хууль гэж үзэж, хүчингүй болгоно гэдгээ Д.Трамп хэлсэн. Нэг талаар, Америкийн эдийн засгийн баримталж байгаа түүний энэ бодлогыг дэмжих хүмүүс байгаа ч эсэргүүцэх хүмүүс ч байгаа юм. Гэсэн ч Трампын засгийн газрын худалдааны бодлого улсын эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй гэх хүмүүс бас байгаа юм.
Э.Лхагва
URL: