Урлагийн салбараас “урвасан” одууд
Мэргэжил боловсролоо орвонгоороо өөрчилж урлаг уран сайхны тавцангаас улстөр, төрийн байгууллага руу шургалсан одод манайд цөөнгүй бий. Тэгвэл тэдгээр оддын заримаас нь уншигч танд сонирхуулж байна.
Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр дуучин болохоос улс төрд хүч үзэх нь илүү гэж шийдсэн нэгэн. Түүнийг урлагийнхан Бэки гэх нэрээр нь илүүтэй таньдаг. Гэхдээ дуулсан дууг нь төдийлөн мэдэхгүй хүмүүс Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь таних болсон билээ. Урлаг, спортынхон улс төр лүү хөвөрч буй жишгийг дуучин залуу үргэлжлүүлэхээр шийдэж Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшиж байсан.
“Монголын сайхан бүсгүй – 2000” тэмцээний тэргүүн байрын эзэн Ё.Нямжавын мисс гэх сэтрийг хүмүүс бараг мартаа биз. Учир нь НАМЗХ-ны “хурган дарга” нарын нэгээр тодорсон тэрбээр нэгэн үе “Шинэ дэлхий” телевизийг удирдаж миссийн титмээ бүр мөсөн тайлсан гэхэд болно. Түүгээр ч зогсохгүй өдгөө төрийн байгууллагад эргэлт буцалтгүй орж, нам дагаж их хуралд суучих боломжийг хүлээж суугаа ч байж мэдэх.
“Номин талст” хамтлагийнхны хувьд дуучин Дээгийгээс бусад нь төрийн байгууллагад шургасан. Хаянаагийн хувьд хэдэн жилийн өмнөөс улстөрд орчих гээд тун ч их үзэж байгаа. Дуучны алдраасаа татгалзсан тэрбээр МАСЗХ-ныБодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тиймдээ ч ИТХ-ын сонгууль болгоноор нэрээ дэвшүүлдэг ч хараахан амжилт олоогүй. Харин Хаазаатөр солигдохоос өмнө Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын албыг хашиж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн байна, харин Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар тус тус ажиллаж буй.
Урлагийн салбараас магадгүй хамгийн амжилттай яваа нь С.Жавхлан байх. Нийтийн дууны ханхүү гэгддэг тэрбээр ард иргэдээ төлөөлөн Саарал ордонд сууж буй. Ийн ханхүү гэх алдараа УИХ-ын гишүүн болгосон түүний бууриа сэлгэсэн явдал нь зөвдсөн ч байж мэдэх.
Харин “Камертон” хамтлагийн хувьд дуучин Б.Эрдэнэбат буюу Эба бууриа сэлгэсэн. Хувийн бизнестээ илүү анхаарах болсон тэрбээр газар тариалангийн бизнест хөл тавьж, Сэлэнгэ аймагт хувийн томоохон тариалангийн талбайтай болсон гэдэг юм билээ. Тэр ч байтугай Чингисийн талбайд тариаланчдаа төлөөлөн жагсаал хийж, салбарын сайдтайгаа дайн зарлаж байсан.
Сонгуулийн үеэр АН-ыг магтаж хэдэн дуу дуулсныхаа төлөө Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдсон хүн бол Quiza. 2013 онд уг гарын дарга болсон Quizа буюу Б.Батцэнгэл хэд хэдэн арга хэмжээнээс мөнгө идсэн гэх хардлагад өртөж байсан. Гэвч үнэн худлыг нь тогтоосон хүн байдаггүй юм билээ. Мөнгө идсэн үгүй нь мэдэхгүй ч мань эр өөрөө сүүлд ажлаа өгсөн гэдэг.
amjilt.com
URL: