Авилгатай тэмцсэн 10 жилийн ҮНЭЛГЭЭ

1794760_526627267455486_695133704_nМонгол Улсын эдийн засгийн хямрал авлигаас үүдэлтэй гэж олон улсын “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллага дүгнээтэхэв. Учир нь 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 оны эхний есөн са-рын байдлаар хасах 1.6 болтлоо буурсан. Энэ нь түүхий эдийн уналтаас илүүтэйгээр авлигын хүчин зүйлс нөлөөлж, Монгол Улс бүхэлдээ авлигын хямралд орсны нотолгоо гэж тус байгууллагын зүгээс үзсэн байна. Энэхүү авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж, дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгожээ. Цаашлаад Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг сануулсан байна.

Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт улс орнуудын авлигын индексийг зарласан бөгөөд Монгол Улс 15 байраар ухарсан тааруу мэдээ чих дэлсэв. Монгол Улсын хувьд 2015 онд 168 орноос 39 оноогоор 72 дугаар байранд орж байжээ.

2016 онд 176 орноос 38 оноотой 87 дугаар байрт эрэмбэлэгдэв.

Уг нь Монгол Улс авлигатай тэмцээд 10 жил болсон юм. Энэ жил Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ой тохиож, Төрийн ордонд өргөн хүрээг хамруулсан чуулган зохион байгуулж, товчхондоо “сүрхий” тэмдэглэсэн.

Харин олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээрээ урагшаа ахих биш хойшоо ухарсан нь тун таагүй. Арван жил гэдэг бас чиг бага хугацаа биш. Гэтэл авлигатай тэмцэх ажил үнэн хэрэг дээрээ ердөө л хэлбэр төдий байсныг олон улсын төсөөллийн индекс батлаад өгч байна бус уу. Манай улс авлигын индексээр унах болсон шалтгаан нь төрийн институцүүд хараат байдалд орсон, авлигын гэмт хэрэгтнүүд ял шийтгэлгүй өнгөрч, хэргийг нь шийдэлгүй замхруулдаг. Үүнээс болоод улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй байгаа нь иргэдийг авлигын эсрэг тэмцэлд итгэл алдруулахад хүргэсэн хэмээн дүгнэжээ.

САНУУЛГА

Монголын авлигын нөхцөл байдал тааруу байгаа тул цаашид Авлигатай тэмцэх газрыг улам бэхжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэйг анхааруулав. Мөн шинээр баталсан Авлигатай тэмцэх хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг ч сануулахаа мартсангүй. Авлигын асуудлыг үндсээр нь устгаж, иргэдийн алдарсан итгэлийг сэргээх нь тулгамдсан асуудал болоод байгааг мөн тэмдэглэсэн байна. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх ажил төдийлэн хангалтгүй байсныг энэхүү олон улсын байгууллагын үнэлгээ нотлоод өглөө.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн үг үсгийн алдааг засах төдий зүйл хийснээр байдал сайжрахгүй хэмээн шүүмжилжээ. Эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бууруулж, буруутанд хариуцлага тооцдог системийг бэхжүүлж, хил дамнан урсдаг хахуулийн мөнгийг хөдөлгөж буй албан тушаалтанд хариуцлага тооцдог болох ёстойг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллага санууллаа.

Ийм дорвитой шинэчлэл хийж, үндсээр нь өөрчлөх арга хэмжээ авсан тохиолдолд тэмцэх ажил урагшилна гэдгийг ч онцолжээ.

Монгол эдийн засгийн эрсдэлийн үнэлгээн дээр хамгийн бага оноо авсан байна. Судалгааны байгууллага нь оноо тавихдаа улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнес эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, мөн тухайн улсын улс төр нь бизнесийн салбартай ямар нэгэн сэжигтэй хэлбэрээр холбоотой, эсэхийг судлан оноо өгдөг аж. Эл үзүүлэлтэд 31 оноо авсан нь хамгийн бага үнэлгээ нь байв.

Өөр нэгэн доогуур оноо авсан үзүүлэлт нь шүүх засаглалын үнэн төрх. Ардчиллын шинэ шинэ индикаторуудыг хөгжүүлэх зорилготой олон улсын судалгааны төслийн үнэлгээн дээр 34 оноо авчээ. Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг 170 орны 2500 судлаачийг хамруулан 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан байна. Энэхүү нүсэр ажлын дараа тухайн орны шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч, авлига хууль тогтоох, хэрэгжүүлэх шатанд хэрхэн нөлөөлж байгаагаар оноогоор тооцож гаргасан бөгөөд Монгол энэ үзүүлэлтэд 34 оноогоор үнэлэгдсэн нь мөн л таагүй үзүүлэлт юм.

АВЛИГЫН ЭСРЭГ ХЭН, ЮУ ХЭЛЭВ

2017 оны нэгдүгээр сарын 12. Энэ өдөр Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо тэмдэглэж, “Авлигын эсрэг чуулган” зохион байгуулж, ажлаа дүгнэв. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, бүлгээс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй. Шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчныг сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх болно” хэмээв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигын эсрэг үйл ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” илтгэл тавив. Тэрбээр “Авлигатай тэмцэх газар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1795 эрүүтийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас улсад 301.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 114.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан дүнтэй ажилласан” гэлээ.

Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээ дуулгав. Түүнчлэн авлигатай тэмцэх асуудал түвэгтэй, үргэлж бэрхшээл, саадтай байдгийг хэлээд цаашид хүчин чармайлт гаргана хэмээн амласан. Харин ирэх жил “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллага ямар дүн тавихаас түүний ажлын үр дүн, амлалтын биелэлт харагдах юм.

50-ИАС ДООШ ОНОО АВЛИГАД ИДЭГДСЭНИЙ НОТОЛГОО

“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр “Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан доор 2016 оны авлигын төсөөллийн индексийг зарласан гэдгийг онцлов. Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индексээр 50-иас доош оноо авсан байна. Ү үнд голлон нөлөөлж буй шалтгаан нь төрийн байгууллагын авлига болохыг тодотголоо.

Монгол Улс Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез зэрэг улстай ойролцоо оноо авчээ.

Тэгэхээр авлигатай тэмцэх ажил эдгээр нэг шугаманд жагссан орноос нэг их ялгарахгүй байгаа гэсэн үг. Хоёр хөршийн хувьд ч авлигын индескээрээ сайн үнэлгээ авсангүй. ОХУ 131, БНХАУ 79 байрт эрэмбэлэгджээ.

Тус байгууллага олон улсын есөн судалгааны газрын гаргасан үнэлгээгээр авлигын индексийг тодорхойлдог бөгөөд 0-100 хүртэл оноогоор байр эзлүүлдэг байна. Төсөөллийн индексээр 50-иас доогуур оноо авсан улс орны хувьд төрийн салбарын авлигад идэгдсэн, маш ноцтой байдалтай байгаа гэж үздэг аж.

Тухайн улс орны нийгмийн эрх мэдлийн тэгш бус хуваарилалт, баялгийн хүртээмжийн тэнцвэргүй байдал нь авлигыг даамжруулах нөхцөл болдог байна. Панам улс л гэхэд бүлэг хүмүүс хөрөнгөжиж нийтийн эрх мэдлийг уландаа гишгэсэн нь авлигын индескийг дордуулахад хүргэжээ.

ХҮЧТЭЙ АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ АВЛИГЫГ ҮГҮЙ ХИЙДЭГ

“Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угоз “Олон улс оронд хүмүүс энгийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад, эрх мэдэлтнүүд авлигаас олсон орлогоороо ял шийтгэлгүй, тансаг амьдарч байна. Авлиган асуудалд яаралтай арга хэмжээ авах ёстой. Ингэж байж л энгийн иргэдийн амьдрал сайжирна” гэдгийг онцолжээ.

Төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноотой улс орныг Дани, Шинэ Зеланд, Финланд тэргүүлэв. Эдгээр орон мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлтээр илүү оноо авчээ. Манай улс эдгээр оронтой нэг эгнээнд багтахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, авлигатай тэмцэх цогц шинэчлэл хийх шаардлага тулгарч байна.

Нөгөөтэйгүүр популист улстөрчдийн хоосон амлалтад хууртахгүй байх нь том дэвшил аж. Популист улстөрчид ардчиллыг үгүй хийж, игүүхийн хараат бус байдлыг уландаа гишгэж, авлигыг нарийн техниктэйгээр газар авахуулдаг хэмээн олон улсын байгууллага дүгнэжээ. Тиймээс хүчтэй ардчилсан засаглалтай газар иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага нь авлигатай нүүр тулж ажиллавал гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцуулж чадна гэдгийг ноён Хосе Угоз тэмдэглэв.

Манай улс ардчиллыг бэхжүүлж чадвал авлигатай тэмцэх ажил урагшлах нөхцөл бүрдэх учиртай.

Б.ГАНДОЛГОР

[ЗГМ]


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих