Нүүдлийн мал аж ахуйн ХӨГЖЛИЙН ГАРЦ
МАЛЧИН НЬ МАЛЫНХАА, МАЛ НЬ БАЙГАЛИЙН ЭРХШЭЭЛД…
Эрхэлдэг ажил хөдөлмөр, эдийн засаг, нийгмийнхээ сонирхлоор төстэй, амьдралын ахуй нөхцөл адил манай орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч тархсан Монголын нийгмийн хамгийн том бүлэг хүмүүс бол малчид юм. Тэдгээр нь олон зууны турш уламжлагдан ирсэн өрхийн нүүдлийн мал аж ахуйг бараг тэр хэвээр нь өдгөө хадгалж явна. Өрхийн нүүдлийн мал аж ахуй нь нэгж айл өрхүүдийн хэрэгцээг хангах төдий цөөн хүний хөдөлмөрт суурилсан хүч бяр боломж султай, хөгжих дэвших тодорхой зорилго чиглэлгүй амиа аргацаасан аж ахуй юм.
Өрхийн нүүдлийн мал аж ахуй нь дан ганц байгальд түшиглэсэн, байгалиас 100 хувь хараат байдгаараа онцлог. Малчдын үндсэн үүрэг нь малдаа өвсний соргогийг идүүлж, усны тунгалгийг уулгаж, аль өвс ногоо, ус хужир сайтай газарт нүүдэллэж явахад оршино. Гэтэл өнөөдөр хотжилт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар тариалан, хүнд аж үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжил зэрэг орчин үеийн олон хүчин зүйлээс шалтгаалан бэлчээр, ус, хүн хүчний хомсдол зэрэг шинэ бэрхшээл гарч ирсээр буй учир Монголын мал аж ахуй цаашид эртний уламжлалт тэр зөнгөөрөө явах аргагүй болж байна.
Одоо манай улсын 140 мянган өрх мал аж ахуй эрхэлж буй нь бидний хувьд багагүй тоо мэт боловч тэдгээр нь нэгдсэн зохион байгуулалт, удирдлагагүй тул ямар ч хүч биш юм. Өрхийн нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд хөдөлмөрөө эрчимжүүлэх, бүтээмжийг өсгөх, шинэ техник технологийн хэрэгсэл ашиглах, малын таваарлаг чанарыг нэмэгдүүлэх, өвчин эмгэгтэй тэмцэх, сэргийлэх боломж маш хязгаарлагдмал юм. Бэлчээр нутаг, нийтийн эзэмшлийнх буюу хэний ч биш байгаа нөхцөлд түүнийг арчилж өөд татах нь боломжгүй зүйл юм.
Өнөөгийн олон малчин өрх малаа бүрэн саахгүй, мах сүү арьс шир, ноос ноолуурыг хүссэн хэмжээгээрээ борлуулж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зах зээлээс газар зүйн хувьд алс хол оршдогтой холбоотой. Түүнчлэн байнга хөдөө хөрч, гадаа гандаж явдаг ажил хүмүүсийн таашаалыг тэр бүр төрүүлэхгүй болсоор байна. Залуучууд малчин нь малынхаа, мал нь байгалийн эрхшээлд байдаг аж ахуйн хэлбэрээс халширч, илүү тав тухтай, өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үетэй хөл нийлсэн амьдрал руу тэмүүлэх болсон нь зүй ёсны үзэгдэл юм. Саяхан нэгэн байгууллагаас улс даяар хийсэн судалгаанд хамрагдсан малчдын 70 гаруй хувь нь “Хүүхдүүдээ мал маллахаас өөр хөдөлмөр эрхлүүлэх зорилготой” гэж хариулсан нь бодит байдалтай нийцсэн дүн юм.
Өрхийн нүүдлийн мал аж ахуй оршин буй нөхцөлд малчдыг өндөр насны тэтгэвэрт хамруулах, үр хүүхдийг нь соёлтой орчинд өсгөн бойжуулж, боловсрол эзэмшүүлэх зэрэг нийгмийн олон асуудлыг оновчтой шийдвэрлэх боломжгүй байгаа нь харамсал төрүүлж байдаг. Товчоор хэлэхэд, өнөөдрийн манай мал аж ахуйн салбар нь зах зээлийн эдийн засгийн зарчмаар цоо шинэ замаар эрчтэй хөгжиж буй бусад салбарынхаа ард хаягдаж, хоорондын зай нь улам бүр холдсоор байна.
Гэтэл манай мал аж ахуй бол дэлхийд хаана ч байхгүй, бас шинээр бий болохгүй, эдийн засгийн элдэв хямралд өртөх эрсдэл багатай, байгалийн цэвэр органик хүнс гэдгээрээ үнэ цэнтэй салбар юм. Манай улсын 140 мянган малчин өрхийн ажил амьдралыг оновчтой зохион байгуулж зөв замд хөтөлж чадвал Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хөгжил дэвшлийн их өөрчлөлтөд хүрч болохыг олж харахад төвөгтэй биш байна.
ГАРААНААС ТҮРҮҮЛЖ ХӨДӨЛСӨН Ч ЗАМЫН ДУНД ЗОГССОН МАЛ АЖ АХУЙ
Ганц гэрээр хэдэн мал дагаж, соёл иргэншлээс “бишүүрхэн” уудам талд нүүдэллэж явах дүр төрх цаашид удаан үргэлжлэх боломжгүй. Энэ бол цаг үетэйгээ нийцсэн хөгжлийн зам биш юм. Мал аж ахуйн хамгийн том эрсдэл болох байгаль, цаг агаарын бэрхшээлийг давах гарц бол нутаг хөөсөн нүүдэл биш, оновчтой зохион байгуулалтад шилжин суурьшиж хүчээ нэгтгэх арга юм.
Хэдийгээр олон зууны уламжлалтай ч гэсэн орчин цагийн техник технологийн ололт, шинжлэх ухаанд түшиглэхгүйгээр Монголын мал аж ахуйн цаг үетэйгээ хөл нийлсэн хөгжлийн тухай ярих нь хоосон мөрөөдөл болно. Нөгөө талаас хөгжлийн суурь нөхцөл нь хөрөнгө, санхүүгийн хуримтлал байдаг. Юу ч хуримтлагдахгүй байгаа нөхцөлд хөгжлийн тухай ярих утгагүй. Өнөөдөр энд, маргааш тэнд нүүдэллэж яваа нөхцөлд өчигдрийн босгосон уяаны ганц шонгоо тун удалгүй буцааж сугалдаг юм. Материаллаг хуримтлалыг суурин амьдрал бий болгодог. Харин малын тоо толгойн өсөлт бол хуримтлал, хөгжлийн хэмжээс ч биш юм.
Ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд малыг малчдад өгч, хэсэг иргэнээ жинхэнэ хувийн өмчтэй болгосон нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинэчлэх эхний алхам гэж харагдаж байв. Харамсалтай нь, хоёр дахь алхмыг хийлгүй 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Замын дунд ийнхүү алгуурлаж цаг алдсан нь эхний алхмын үнэ цэнийг алдагдуулж, хөгжлийн процессийг түгжиж байна. Монголын мал аж ахуйг хөгжил дэвшилд хүргэхэд төрийн зөв цогц бодлого, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй. Олон зууныг дамжиж ирсэн мал маллагааны уламжлалт аргаа шинэчлэх шаардлагатай болжээ. Өнөө цагийн малчид ганц, нэг гэрээр нүүдэллээд юунд ч хүрэхгүй, юу ч бүтээхгүй, үр хүүхдүүддээ юу ч үлдээхгүй. Өрхийн нүүдлийн мал аж ахуйд цааш энэ хэлбэрээрээ явах зам алга, мухардалд оржээ гэдэг дүгнэлтэд аяндаа хүрч байна. Уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарыг хэт шүтэх бус уламжлалт мал аж ахуйг өөрчлөн шинэчлэх замаар Монгол орныг бүхэлд нь хамарсан, айл өрх, хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн хүчтэй салбарыг бий болгох боломж бий. Үүний тулд нэн тэргүүнд мал аж ахуйн асуудалд шинэлэг сэтгэлгээ, хандлага шаардлагатай. Жилд нэг удаа “Мянгат малчин” шалгаруулж шагнах төдийгөөр мал аж ахуйн хөгжлийг дэмжих боломжгүй. Түүнчлэн өөрсдөө Улаанбаатар хотод шигдчихээд нүүдэлчин ахуйг үе улиран мөнхөд орших эрхэм дээд хувь тавилан мэтээр тунхаглах нь мал аж ахуйн шинэчлэлийн асуудалд дэм тус болохгүй. Харин мал аж ахуйг эрхлэх сонирхол, сэтгэл зүтгэлтэй малчин түмэнд өөрсдийгөө өөд татан авч явах нөхцөл боломжийг нь төрөөс бүрдүүлж өгөх ёстой.
ЖАЛГА ДОВ, ХАД ЧУЛУУ БОЛГОН ЭЗЭНТЭЙ БОЛНО
Монголын мал аж ахуйг тогтвортой хөгжлийн зам дээр гаргаж өнөөгийн хөгжил дэвшлийн шаардлагад нийцүүлэх хамгийн бодитой гэмээр гарц бол өрхийн нүүдлийн мал аж ахуйг хувьцаат компанийн зохион байгуулалтад оруулж, өөрийн тодорхой эзэмшил газар нутагтай болгосноор хагас нүүдлийн, хагас үйлдвэрлэлийн хэлбэрт шилжүүлэх арга юм. Үүнд хагас нүүдлийн хэлбэр гэж малыг зөвхөн өөрийн компанийн бэлчээр нутаг дээр маллахыг зааж байгаа бол хагас үйлдвэрлэлийн хэлбэр гэдэг нь малыг зориулалт, нэр төрлөөр нь ангилан маллаж үр шимийг нь өсгөхийг хэлж байгаа болно. Хувьцаат компанийн зохион байгуулалтад шилжих нь малчин өрхүүд хөрөнгөө нэгтгэн хувь нийлүүлсэн дундын өмчтэй болж түүнийгээ өсгөн үржүүлэхээр хамтарч хөдөлмөрлөхийг хэлж байгаа болно. Хувьцаат компаниуд нь малчдын хоршоо нөхөрлөлтэй харьцуулшгүй их хүчтэй, хариуцлагын чанд тогтолцоо бүхий үйлдвэрийн газар юм.
Мал аж ахуйн хувьцаат компани нь 60-80 өрхөөс бүрдэж, нэг суманд 4-6 том компани үйл ажиллагаа явуулна гэж төсөөлж байна. Ийм хувьцаат компани бий болсноор үйлдвэрлэлийн шинэ зохион байгуулалт, хөдөлмөрийн шинэ хуваарь, төрөлжилт, хариуцлагын шинэ тогтолцоо, орлого ашгийн шинэ хэлбэр, үйл ажиллагааны шинэ арга барил, дүрэм журам бий болно. Хамгийн гол нь мал аж ахуй маань үйлдвэрлэлийн шинжийг бүрэн агуулсан урт хугацааны бодлого төлөвлөлттэй эдийн засгийн хүчирхэг сектор болно. Товчхондоо, малчид малдаа хөтлөгдөж биш хөтөлж аж төрөх болно. Ингэснээр малаас гарах бүтээгдэхүүний хэмжээг олон дахин өсгөх боломж бүрдэнэ. Өнөөгийнх шиг зөвхөн малын эзэн нь бүх ажлаа хийх биш хөлсний ажиллах хүчийг татан үйлдвэрлэлээ явуулах өргөн боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр төрөлжиж хөдөлмөрийн хуваарь бий болно. Тэр нь ид шидийн гэмээр хөгжил дэвшлийг авчирна. Ажилгүйдэл устаж, Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл зогсч, хөдөөг чиглэсэн нүүдэл эхэлнэ гэж төсөөлж байна.
Хувьцаат компаниуд бий болсноор малчдын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг зөвхөн төрөөс бус хувьцаа эзэмшигчид өөрсдөө шийдвэрлэх боломж бүрдэнэ. Жишээ нь, компанийн гишүүдийн хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, эмнэлэг орон сууц барих, санхүүжүүлэх мэтийн асуудал нь зөвхөн төсвийн мөнгөнөөс шалтгаалдаг байдал өөрчлөгдөнө. Урьд өрхийн нүүдлийн аж ахуйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байсан байгаль орчиндоо эзэн болох, өвс тэжээл ус ундаагаа өөрсдөө бэлтгэх, малаа эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, хүнсний бага оврын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэлчээр нутгаа усжуулах ургамалжуулах зэрэг олон зорилтыг компанийнхаа хэмжээнд үр ашигтай шийдвэрлэх өргөн боломжтой болно. Иймэрхүү үр өгөөж бүхий ажлын шинэ хэлбэр, зохион байгуулалтыг олон малчин хүсдэг. Тэд түшиж тулах, харж хандах өөрийн гэсэн байгууллага, аж ахуйн газар, хамт олонтой байхыг хүсч байна. Тэд өрхийн нүүдлийн мал аж ахуйд гэрэлт ирээдүй байхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрч байна.
Мал аж ахуйн компанид урт хугацаагаар газар эзэмшүүлж өөрийн гэсэн бэлчээр нутагтай болгох нь энэхүү шинэчлэлтийн суурь зарчим болно. Өөрийн эзэмшил бэлчээр нутаггүй нөхцөлд мал аж ахуйн ямар ч компани оршин тогтнохгүй. Нийтийн эзэмшлийн буюу хэний ч биш бэлчээр нутаг бол чинийх ч бас биш тул түүнд түшиглэн мал аж ахуй эрхлэх нь утга учиргүй зүйл болно. Тэгэхээр мал аж ахуйн хувьцаат компаниудыг зохион байгуулахад хувь хүмүүсийн өмч малаас гадна төрийн өмч буюу газар оролцож буйгаараа онцлог юм. Эндээс мал аж ахуйн хувьцаат компани байгуулахад төр засгийн идэвхтэй оролцоо хэрэгтэй гэдэг нь харагдана. Олон зуун мянган малчин өрх тус бүрт бэлчээр нутаг эзэмшүүлэх бараг боломжгүй бол нэг суманд дунджаар 4-6 компани үйл ажиллагаа явуулах нөхцөлд бэлчээр нутгийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ингэж мал аж ахуйн компаниудад бэлчээр, газар нутаг эзэмшүүлсний үр өгөөж асар их юм. Юуны өмнө эзэмшлийн газар нутаг нь байнгын үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртөг, ашиг хуримтлал бий болгох, ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт хийж байх талбар болох юм. Өөрийн гэсэн газар бэлчээрээ улам илүү үр ашигтай эзэмших талаар олон хүн бодол оюунаа уралдуулж, хүч хөдөлмөрөө зориулах тул жалга дов, хад чулуу болгон эзэнтэй болж, байгаль орчноо харж хамгаалах, газар нутагтаа үе дамжсан жинхэнэ эзэн байх тогтолцоо бий болно.
Үргэлжлэл бий
Ц.САМПИЛНОРОВ
URL: