Б.Нарантунгалаг: Би өөрийн сонсох дуртай дууг л бусадтай хуваалцдаг

16358730_1767272653599690_608135833_nКовер сонирхогч залуучуудын хэдийнэ танил болсон Б.Нарантунгалагтай ярилцлаа.  Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Od Byambanasan” нэрээр өөрийн дуугаа хүргэдгийг залуус андахгүй мэдэх билээ.

-Ковор хийдэг залуус ихэвчлэн нэр хүндтэй уран бүтээлчийн олонд хүрсэн дууг дуулж байгаа нь ажиглагддаг. Ингэж олон нийтэд хүрсэн дууг дахин дуулж хүнд хүргэх нь хэцүү биш үү?

-Би дуу, хөгжимд хайртай. Гунигласан, шантарсан, сэтгэл таагүй, эсвэл бухимдсан үедээ гитараа бариад хэдэн сайхан дуу дуулчихад сэтгэл сэргээд л явчихдаг. Хөгжим тоглох боломжгүй үедээ дуу сонсохоор сэтгэл сэргээд, нэг л гоё болчихдог. Яг ийм үедээ дуулж байсанн дуунуудынхаа бичлэгийг хийж, сүүлийн үед өөрийнхөө facebook-д тавьсан. Олон хүн үзээд урмын үгтэй сэтгэгдлүүд бичиж байгаад баярлаж, урам авч байгаа.

-Дуугаа хэрхэн сонгодог юм бэ. Мэргэжлийн багш, зөвлөгөө авдаг хүн байдаг уу?

-Мэргэжлийн багш байхгүй. Гоё үгтэй, сайхан аялгуутай эсвэл миний хоолойнд тохирно гэж бодсон дуугаа л сонгодог.

-Хэзээнээс эхэлж олон нийтийн сүлжээнд дуугаа байршуулж эхэлсэн бэ?

-Дөрвөн жилийн өмнө их сургуулийнхаа н.Төгөлдөр гэдэг найзтай хамт “Sir Alex” хамтлагийн “Минийх” нэртэй дууг оюутны зөвлөлийнхөө өрөөнд дуулж байсан. Тэр үед тог тасарчихсан, бас орой болчихсон байсныг хэлэх үү видео ямар ч дүрсгүй. Тэр бичлэгээ youtube-д байршуулсан. Харин маргааш өглөө нь сургууль дээрээ ирэхэд маш олон оюутан гар утсандаа татаад авчихсан миний дууг сонсч байсан. Оюутан залуусын хайр сэтгэлийн тухай дуу болохоор бид хоёр ч тухайн үед их л сэтгэлээсээ дуулж, оюутнуудад ч хүлээж авахад ойр байсан юм шиг санагддаг. Түүнээс хойш 14 дууг дүрсжүүлж, цахим найзууддаа хүргэсэн байна. Мөн олон нийтэд хүргээгүй ковор 100 орчим бий.

-Өөрийн тань дуулах бусдад таалагдаж байгааг мэдэх анх ямар байсан бэ?

-Хүмүүст таалагдана гэж огт бодоогүй. Зүгээр л дуулж байгаагаа бичиж аваад утасны маань багтаамж дүүрчихээр facebook-т  хийчээд устгаад байсан юм аа. Тэгтэл энэ дуунууд маань олон хүнд таалагдаж эхэлсэн. Хүмүүс ч урам өгч, үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Үнэндээ тухайн үеийн тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү байна. Ямартай ч хувьдаа маш их баярласан.

-Тэгвэл дөрвөн жилийн өмнөх бичлэгээ харахаар ямар санагддаг вэ?

-Сүүлд  харахаар гоё байдаг. Тухайн үед яаж дуулж байснаа бодохоор хөгжилтэй санагддаг. Аль болох алдчихгүй юмсан гэж их л хичээж байгаа нь хүртэл гоё санагддаг.

-Ковор хийхдээ уран бүтээлчээс нь зөвшөөрөл авдаг уу?

-Би өөрийн сонсох дуртай дуугаа л бусадтай хуваалцдаг шүү дээ. Тиймээс зөвшөөрөл авч байгаагүй. Мөн ямар нэгэн гомдол ирж байсангүй. Ер нь нэртэй уран бүтээлчийн дуу олон хүнд таалагдаад тэрийг нь залуу үе дуулж байна гэдэг сайн уран бүтээл болсны илэрхийлэл байх гэж би ойлгодог. Магадгүй өөрийнх нь дууг шинэ үеийн залуус дуулаад эхлэхээр тухайн уран бүтээлчид сайхан санагддаг байж болох шүү дээ. Харин клип хийж, стиудэд бичүүлж өөрийн уран бүтээлийн санд авахдаа тухайн дуучин, дууг бүтээсэн уран бүтээлчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байх.

-Хэзээ өөрийн уран бүтээлтэй болох вэ?

-Өөрийн гэсэн дуутай болохыг маш их хүсч байгаа. Гитараа бариад суухаар гоё гоё ая орж ирдэг. Тэрнийгээ рекорд хийгээд хадгалчихдаг. Гол нь дууны үг гэдэг бас их чухал юм шиг санагддаг. Би өөрөө дууны үг бичих гэж их л хичээж байгаа. Саяхан хамтлагийн маань хоёр залуу их сайхан ая бичсэн. Тэрэнд нь тохирсон үг бичих том даалгавар авсан. Одоохондоо бичиж амжаагүй л байна.

-Өөрийн гэсэн хамтлагтай болж амжжээ. Хамтлагийнхаа тухай яриа?

-Бүгд тус бүртээ ажилтай боловч хоббигоороо нэгдсэн залуус байдаг. Хамтлаг маань таван гишүүнтэй. Бөмбөрчин, басс гитарчин, соло гитарчин, пиано-эрэгтэй дуучин, тэгээд би…

-Ярилцсанд баярлалаа.

Д.Ганбаатар

 


URL:

Сэтгэгдэл бичих