Шатахууны татварыг дахин буулгах шаардлагагүй

e91d031ec77a6a6cbigЗасгийн газар шатахууны Онцгой албан татварыг гурав дахиа бууруулах шийдвэр саяхан гаргав. Урд нь өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл нэг тонн шатахуунд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан. Харин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх үед уг татварыг  бууруулж 160-180 мянган төгрөг болгосон. Эдүгээ бас л дээрх онцгой албан татварыг бууруулаад байгаа юм. Ийнхүү татвар бууруулснаар улсын төсөвт төвлөрөх орлого 110 тэрбум төгрөгөөр багасах тооцоо бий.  Энэ нь дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаж жижиглэнгийн үнийг буулгадаггүй шатахуун импортлогчдын толгойг илсэн, хүндхэн байгаа улсын төсөвт төвлөрөх мөнгөө хорогдуулсан шийдвэр гаргалаа гэсэн шүүмжлэл дагуулах болсон билээ. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Засгийн газраас гадаад зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулж газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг бууруулах үе шаттай арга хэмжээ авч ирлээ. Ингээд дотоод зах зээлд борлуулж буй шатахууны үнийг тогтворжууллаа. Газрын тосны үнэ 2015 оны сүүлчээр буурсан. Иймд нэг тонн газрын тосны бүтээгдэхүүнд 420-520 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байв. Үүн дээр гаалийн таван хувь, НӨАТ-ын 10 хувийн татвар нэмж авч ирсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас газрын тосны үнэ дэлхийн зах зээлд өссөн юм.

Үнэ өсөх үед Онцгой албан татварыг хоёр удаа бууруулсан. Гэтэл газрын тосны үнэ дахин өссөн тул Засгийн газраас саяхан онцгой албан татварыг 30-70 мянган төгрөг болголоо.

Шинжээчид энэ онд дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 60 орчим ам.долларт байна гэсэн таамаг гараад байна.

Хэрэв газрын тосны үнэ энэ хэмжээнд байвал газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах импортын Онцгой албан татварыг дахин буулгах шаардлагагүй. Манай улсад борлуулж буй нэг литр шатахууны үнэ 80 цент орчим байна. Харин хоёр хөршид нэг ам.доллар гарсан үнэтэй байгаа” хэмээн мэдээллээ.
Манай улсад оруулж ирж буй шатахууны үнэ өссөн мэдээлэл бий. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр авч байсан үнэ тонн тутамдаа шатахууны төрөл тус бүр дээр 31-60 ам.доллараар өсчээ.  Ингээд одоо оруулж ирж буй  АИ-92 автобензины нэг тонн нь 590 ам.доллар, дизелийн түлш 542 ам.долларын үнэтэй байгаа аж. Үнийн энэ өсөлт нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой.   Газрын тосны үнэ ийнхүү нэмэгдэхэд  ОПЕК-ын орнууд олборлолтоо бууруулсан явдал нөлөөлжээ.

Газрын тосны үнийн өсөлт  манай улсад нэг литр шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэх нь тодорхой.  Ийм учраас Засгийн газраас шатахууны жижиглэн худалдааны үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татварын зохицуулалт хийж ирсэн. Харин 2015 оны сүүлч өнгөрсөн оны эхээр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд огцом буурсан. Гэтэл энэ үед  манай улсад борлуулж буй нэг литр шатахууны үнэ зах зээлийн ханшаа дагаж хямдраагүй. Энэ нь шатахуун импортлогчдыг үнэ өсгөх болохоор зах зээлийн ханш ярьдаг. Харин буурах үед зах зээлийн ханш үйлчилдэггүй гэж шүүмжлэхэд хүргэж байв.

Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилт тавьж ирсэн. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд унасан үед хөдөө орон нутагт борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг бууруулсан. Ингэснээр орон нутагт нэг литр шатахууны үнэ  Улаанбаатар хотод борлуулж буй үнийн түвшинд хүрсэн юм. Үүнээс гадна Улаанбаатар хотод борлуулж буй нэг литр шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буураад байна.

Манай улсын шатахууны гол нийлүүлэгч нь ОХУ-ын “Роснефть” компани. Тус компанитай хоёр жилийн өмнө гэрээ хэлэлцээр хийж дэлхийн зах зээлийн үнээр шатахуун авч байгаа. Ингэснээр ирэх сард авах шатахууны тонн тутмын үнэ ямар байхыг тооцож гаргах бүрэн боломжтой болсон. Иймд шатахууны үнэ өсөх, буурахыг урьдчилан харж цаг алдалгүй арга хэмжээ авч байна” хэмээн тайлбарлав.

Газрын тосоо боловсруулбал 1.2 тэрбум ам.доллар хэмнэнэ

Манай улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж буй. Тухайлбал, 2015 онд 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн жил 1.2 сая тоннд хүрсэн. Ирэх гурван жилд 1.4 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Зөвхөн сүүлийн таван жилд шатахууны хэрэглээ 66 хувиар өссөн судалгаа гарсан. Энэ нь автомашины тоо хурдацтай өсч буйтай холбоотой. Оношилгоонд хамрагдсан автомашины тоо мөн л сүүлийн таван жилд 53 хувиар нэмэгджээ. Тэгвэл Монгол Улсад нэг авто машин жилд дунджаар 1.8 тонн шатахуун хэрэглэдэг тооцоо бий. Энэ нь нэг автомашин өдөрт зургаан литр шатахуун шатаадаг гэсэн үг юм. Импортолж буй шатахууны төрлөөр нь авч үзвэл  сүүлийн арван жилд А-80 автобензины хэрэглээ эрс буурсан бол АИ-92 автобензиных өсөөд байна. Харин дизелийн түлшнийх уул уурхайн салбарын өсөлт бууралтаас шалтгаалж өндөр хэлбэлзэлтэй байгаа юм. Гэвч нийт хэрэглээний 50 хувийг эзэлж буй билээ.

Шатахууны хэрэглээ, автомашины тоо ийн өсөх нь Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж буй. Гэтэл манай улс газрын тосны 332 сая гаруй тонн нөөцтэй ч боловсруулах үйлдвэргүй юм. Иймд олборлогч компаниудтай газрын тосоо Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж экспортолж байгаа.  Тухайлбал, 1996-2015 оны хооронд 35.5 сая баррель буюу 4.8 сая тонн газрын тос олборлож, 4.5 сая тонныг нь Хятадад экспортолжээ. Үүнээс 952 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн онд 1.3 сая тонн газрын тос экспортлох төлөвлөгөөтэй байв. Гэвч үнэ ханшийн уналтаас үүдэн нэг сая орчим тонныг экспортолсон дүн бий. Ингээд газрын тосны экспортоос улсын төсөвт 92.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Одоогоор газрын тосны 32 талбай ялган тогтоосон байгаа. Үүний 25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан билээ. Одоо Шарга III талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй юм. Эдгээрээс Эргэл XII талбайд энэ онд 28.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гурван жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж тусгасан. Тус үйлдвэрийг дотоодод олборлож буй газрын тосоор хангахаар тогтсон билээ. Энэ үйлдвэрийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж барина. Одоогоор судалгааны ажил хийж буй гэдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар Засгийн газрын тогтоол гараад буй. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар гэсэн дүн бий. Үүний 700 сая нь боловсруулах үйлдвэр, 264 сая нь тос дамжуулах хоолойд зарцуулах тооцоо байдаг. Тэгвэл жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 160 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Ингээд жилд 1.5 сая тонн газрын тосноос евро-4-5 стандарт хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий тус тус үйлдвэрлэнэ хэмээн урьдчилсан ТЭЗҮ-д тусгаад байгаа юм. Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 40-60 ам.доллар байх үед тус үйлдвэрийн нэг литр бүтээгдэхүүн 866-1244 төгрөгийн өртөгтэй байх нь.  Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улсын импорт 1.2 тэрбум ам.доллараар буурч энэ хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ Засгийн газар хэлсэндээ хүрч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь аль, аль талдаа ашигтай байна.

 

 

Т.ЖАНЦАН
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих