Грект хугацаанаас өмнө сонгууль явуулж магадгүй

Хэрвээ Европын Холбооноос олгох зээлийн шинэ багцын талаар Грект явуулах бүх нийтийн санал асуулгын дүн «таагүй» гарвал парламентын сонгуулийг хугацаанаас өмнө зарлах болно. Энэ тухай тус улсын Хөгжил, тэнгисийн флот болон өрсөлдөх чадварын асуудал эрхэлсэн яамны сайд Михалис Хрисохоидис телевизийн «Мега» сувгаар мэдэгджээ.

«Брюссельд болсон Европын Холбооны уулзалтын үеэр гаргасан шийдвэр нь олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэхэд хүргэсэн. Иймээс Засгийн газар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан» гэж тэрбээр хэлсэн байна.
Грекийн парламентын саяхан баталсан Үндсэн хуульд «бүх үндэстнийг хамарсан амин чухал асуудлаар» эсвэл батлагдсан хуулийн талаар» гэсэн хоёр хэлбэрээр санал асуулгыг явуулж болно гэж тусгажээ.
Эхний хувилбараар санал асуулга явуулахын тулд 300 суудал бүхий нэг танхимтай Грекийн парламентын гишүүдийн 151-ийнх нь саналыг авах ёстой бол хоёр дахь хувилбараар дийлэнх олонх буюу 180 депутат зөвшөөрсөн байх ёстой юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”

URL:

Сэтгэгдэл бичих