АН-ын гишүүд “Ардчиллын өргөө”-гөө нэхлээ

d52b47c3d81ffe5dbig2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намын олон мянган гишүүн “Ардчиллын өргөө”-ний шавыг тавьж байсан. Тухайн үед АН-ын дарга Н.Алтанхуяг байсан ба Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байх АН-ын байрны  оронд “Ардчиллын өргөө”-г барихаар болсон юм. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан 20 давхар байшин барихын тулд хандивын аян орон даяар өрнүүлж байсан. Зураг төслийг “Baldan’s” ХХК хийж, 27,780 ам.метр тайлбатай, А, Б гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэхээр, 120 метрийн өндөр цамхагтай, пирамид оройтойгоор гаргажээ.

“Ардчиллын өргөө”-д хандив өргөсөн АН-ын гишүүддээ бэлгэдэл болгон тоосго, дурсгалын зүйлс өгч ч байсан. Гэвч одоог хүртэл энэ ордны сураг гарах нь бүү хэл, газар нь АН-ын мэдэлд байгаа юу гэдэг асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ талаар Ардчилсан намын олон мянган гишүүдийн өмнөөс тодруулахаар мэдээлэл хийлгэсэн юм. АН-ын ахмад гишүүн О.Цоодол, Д.Батсайхан, Н.Төмөрбаатар нар дараахь баримтыг өглөө.

“Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш өөрийн гэсэн байргүй болж, Шинэ дэвшил холбооны байрыг түрээсэлж суух болсныг жирийн гишүүд дэмжигчид ойлгохгүй байгаа. Тэр үед Н.Алтанхуяг “Ардчилсан намын байр ард түмний өргөө байх болно. Бид 2012 оны сонгуулиас өмнө “Ардчиллын өргөө”-гөө сүндэрлүүлнэ” хэмээн амлаж байсныг АН-ын 180 мянган гишүүн тодхон санаж байгаа. Хоёр сонгуулийн хугацаа өнгөрсөн ч энэ амлалт биелсэнгүй. СТӨ-ний хүзүүвчин дэх байр болон 3350 ам.метр газрын гэрчилгээ АН-ын мэдэлд байхаа больж нэр бүхий арилжааны банк худалдан авсан тухай гэрээ, баримт байна. 2013 оны аравдугаар сарын 4-ний өдөр тухайн үеийн намын удирдлагууд долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө авах заалт бүхий гэрээнд нууцын зэрэглэл тогтоон гарын үсэг зурсан байдаг. Гэвч өнөөдөр намын байр, гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгө, намын дансанд орсон долоон тэрбум төгрөгийн аль нь ч алга. Учир мэдэх хүмүүсийн яриагаар долоон тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор үрж дуусгасан гэдэг. Тиймээс Н.Алтанхуяг энэ болчимгүй үйлдэлээ залруулж, АН, АН-ын 180 мянган гишүүнээс уучлал гуйхын зэрэгцээ учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж байна” гэж мэдээлэлдээ дурдсан юм.

“Ардчиллын өргөө”-д хандивласан мөнгө юунд зарцуулагдсаныг тайлагнахыг АН-ын анхдагч гишүүд хүслээ. Зарим эх сурвалжийн хэлснээр “Ардчиллын өргөө”-д зарцуулахаар цугласан долоон тэрбум төгрөгийн 900 орчим сая төгрөг нь зарцуулагдсан баримт байгаа бол 3-4 тэрбум төгрөгийг хэрхэн юунд зориулсан ямар ч баримт сэлт байхгүй гэнэ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн АН-ын байрыг Н.Алтанхуягийн хамаатан Ө.Пүрэвбаатар, хуучин эхнэрийн дүү н.Сайнтөгс нар хувьдаа авсан тухай баримт байгаа гэв.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих