П.БАЯРХҮҮ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ШАТ ДАРААТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ БОЛНО
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЯН”-НЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Тэнүүн Огоо ХХК, Сутайн буянт ХХК, Эрдэмтранс ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж, удирдлагуудтай уулзан санал солилцлоо.
ТОДРУУЛГА:
Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа ажлын өдрүүдэд 926 автобус, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийт 20 нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр нийт 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэж үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байх үедээ утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээний байдалтай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр:
Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгардаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харилцаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна. Мөн бид цоо шинэ 300-аад том оврын автобусыг мөн БНСУ-аас авахаар ярилцаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар бид аж ахуйн нэгжүүдэд дээрх автобусны гааль, татварын зардлыг даагаад хариуцаад явах боломж байгаа эсэхийг нь тодруулж, санал солилцоод явж байна. Харин эдгээр аж ахуй нэгжүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан үүрэг хүлээж ажиллах нь зөв гэж үзэж байна. Тухайлбал Улаанбаатар хотын захын хорооллын хүүхдүүд тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна. Тиймээс ЕБС-дад ч автобус хуваарилахаар төлөвлөж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг нь ЕБС-иуд өөрсдөө хариуцах бололцоогүй тул аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
????????????????????????????????????
Дараагийн гол асуудал бол иргэд, олон нийтээс бидэнд хамгийн их ирүүлдэг санал, гомдол бол нийтийн тээврийн автобус эмх замбараагүй явдаг, цэвэрлэгээ, үйлчилгээ тааруухан, суудал сандлын бүрээсний үзэмж хангалтгүй зэрэг автобусны ариун цэвэр, наад захын соёлын талаарх шүүмжлэл юм. Үүнийг нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийнхтэйгээ хамтраад шийдэх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн өөрсдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд эрс өөрчлөлт, дэвшил гаргах хэрэгтэй байна. Та бүхний зүгээс долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэхийг хүсч байна. Хотын соёл, өнгө үзэмж хотоор зорчих нийтийн тээврээс хамгийн их шалтгаалдаг гэдгийг бид мартаж болохгүй.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр зорчдог болгохоор ярилцаж байна. Нийт төрийн албан хаагчид хэрэв нийтийн тээврээр зорчдог болвол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох тооцоо байна. Нөгөөтэйгүүр замын түгжрэл ч буурахад нөлөөлнө гэж үзэж байна.
Зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна гэсэн гомдлууд нэлээд ирж байна. Тиймээс та бүхэн иргэдийн санал гомдолыг анхаарч, үйлчилгээгээ сайжруулах тал дээр бүхий л бололцоогоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд цаашид шат дараатай ажлуудыг тогтмол хийх болно. Мөн нийтийн тээврийг бэлэн мөнгөгүй, бүрэн картын системд шилжүүлэх шаардлагатай байгаа тул Улаанбаатар Смарт карт ХХК болон нийтийн тээврийн газарт холбогдох үүрэг даалгаваруудыг өгч, бэлтгэл ажил хийгдээд явж байна. Удахгүй энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд дээр дурьдсан байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож, хамгийн их гаргаж буй зөрчлүүдийг танилцуулж, анхааруулаад явж байна.
????????????????????????????????????
Уулзалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудал, бэрхшээл дутагдлаа арилгах, шинэ зүйлийг дэмжиж ажиллах талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Сутайн Буянт ХХК-ний дэд захирал Б.Лхагвадулам: Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж байгаад баяртай байна. Та бүхний санал шийдэл, хийж хэрэгжүүлж буй ажлыг сонсч мэдлээ. Бид ч мөн адил бүхий л боломжоороо үйлчилгээгээ сайжруулж, иргэдийг цэвэрхэн, тав тухтай орчинд зорчуулахын төлөө ажиллана. Манай баазын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явагддаг. Ажилчдынхаа нийгмийн асуудалд манай компани илүү анхаарч ажилладаг бөгөөд 20 жилийн хугацаанд 60 ажилтныг орон сууцтай болгосон. Ер нь нийтийн тээврийн салбар нь хүнд нөхцөлд ажилладаг, стресс ихтэй ажлын байр. Энэ үүднээс ажилчдынхаа нийгмийн асуудал, ар тал, ахуй амьдралыг нь анхаарах нь бидний үүрэг гэж боддог. 2017 оныг манай байгууллагын зүгээс “Аваар осолгүй жил” болгон зарласан. Манай автобусаар үйлчлүүлэхэд цэвэр орчин, үйлчилгээний соёлтой байдлаар угтахыг бид хичээж ажилласаар байна. Жишээ нь 2013 оны хавраас эхлэн манай компанийн жолооч нар дулааны улиралд цагаан цамц, бээлий, зангиа өмсөж хэвшсэн. Энэ нь мөн л ажлын байрны нэг эмх цэгц, соёлтой үйлчилгээний илрэл юм. Үүгээрээ бид анх удаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жолооч нартаа цагаан цамц өмсүүлж, жигдлэн үйлчилгээнд гаргасан анхны компани гэгдэх болсон. Манайхаас ажлын өдөр 61, амралтын өдөр 45 тээврийн хэрэгсэл шугаманд явж байна. Бид боломжоороо насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслүүдийг акталж байна. Хэрэв нийслэлээс үнэгүй автобусаар дэмжинэ гэвэл бидэнд гааль, татварын зардлаа даахад татгалзах зүйл алга. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг гэж үзэж байна. Нэг үеэ бодвол бидний тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ чанаржиж, сэлбэг хэрэгслийн хангалт сайжирсан ба үйлчилгээгээ улам сайжруулахаар зорин ажиллаж байна.
Тэнүүн Огоо ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа бэлэн мөнгөгүй бүрэн картын системд шилжих ажлыг бид дэмжиж байгаа. Учир нь нийтийн тээвэрт бэлэн мөнгөнөөс үүдээд маш олон асуудал үүсдэг. Орлого бүрдэхгүй байх, уранхай, хуурамч мөнгөн тэмдэгт хийх, жолооч мөнгөө төл гэж шаардлага тавьсаны хариуд элдвээр хэлэх, биед нь хүрэх гэх мэт олон зөрчил илэрдэг. Бүрэн картын системд шилжчихвэл аль ч талдаа амар байх болно. Смарт карт бол маш зөв шийдэл. Парк шинэчлэлтийн хувьд бид та бүхний саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Хэрэв цаашид газын түгээх төв, станцыг байгуулвал түлшний тухайд асуудалгүй байх биз. Ямар ч утаа гаргадаггүй, цэвэрхэн, эдэлгээ даадаг давуу тал бүхий автобустай болоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Нийслэлийн зүгээс ингээд дэмжиж өгвөл бид засвар, үйлчилгээ болон бусад зүйлийг бүрэн хариуцаад аваад явах боломжтой. Манай байгууллага нь ажилчдын хувцас, автобусны бүрээсээ өөрсдөө оёдог ба 14 хоногт нэг удаа бүрээсээ сольж байна. Мөн бид ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлэгийн үйлчилгээ, фитнесс спорт заал зэргийг тохижуулан ажиллуулж байна. Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаад явж байгаа нь цагаа олсон ажил болж байна.
Эрдэмтранс ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Ананд: Та бүхний саналыг сонслоо. Манай байгууллагын хувьд бид зуслангийн чиглэлийг давхар хариуцдаг. Иргэдээс ирж байгаа “хүүхэд, ахмад настнуудыг авахгүй байна” гэсэн гомдлын мөрөөр анхааран ажиллаж байгаа. Бидний зүгээс Улаанбаатар Смарт Карт компаний цахим картжуулах ажлыг их дэмжиж байна. Удахгүй бүрэн цахим картанд шилжчихвэл ажил, үйлчилгээнд амар байх болно. Нийслэлийн удирдлагууд та бүхэн бидний зовлон жаргалыг ойлгон, дэмжиж ажиллана гэдэгт итгэн, талархаж байна. Бид ч мөн адил цэвэрч байдал, үйлчилгээний соёл дээр цаашид улам анхаарч ажиллах болно.
Автотерминал ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс: Манай байгууллагын хувьд хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардаг. Мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгах ажилд хүн хүч орохоос гадна цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс бид смарт картын системийг бүрэн дэмжиж байгаа. Бид шаардлага хангахгүй автобуснуудыг болж өгвөл нийтийн тээвэрт явуулахгүй акталж байна. Түүнчлэн автобусны угаалт, цэвэрлэгээнд анхаарч, өөрсдөө сандлын бүрээс болон ажилчдын хувцсаа оёж байна. Сард 2 удаа автобусны бүрээсээ угааж, улиралдаа нэг удаа сольж байна. Автобусаа автоматаар угааж, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлүүдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зориулалтын автобусаар үйлчилэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний төлөвлөж байгаагаар энэ долоо хоногтоо шугаманд гаргах байх.
URL: