Боов идэж, бохь зажилж, согтуурхсан МАН-тай тэмцэхэд хүчирхэг АН хэрэгтэй
Нэгдүгээр сарын 23. Баянгол дүүрэг. Өдрийн 11 цаг. “Хонх” хамтлагийн дуучин, ая зохиогч, нэрт сэтгүүлч С.Цогтсайхан агсны хөшөө. Тэр бол Монголын ардчиллын жинхэнэ “алтан хараацай”-нуудын нэг мөнөөсөө мөн.
АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван нэр дэвшигч энэ эрхэм хүний хөшөөнд Баянгол дүүргийн АН-ын гишүүдтэй хамт цэцэг өргөв. Дөнөн үхрийн эвэр тас хөлдөөдөг гэх дөрвөн есийн хүйтэн жавар хацар нүүр байтугай гол хайравч “Хонхны дуу” сэтгэл дотрыг халааж байлаа. Намын даргад нэр дэвшигчид эндээс шууд Баянгол дүүргийн АН-ынхантай уулзахаар “Улаанбаатар палас”-ыг зорьсон юм.
Элдэв шоу, концерт тоглоход зориулагдсан хамгийн том, хамгийн олон хүний суудалтай газар бол “Улаанбаатар палас” цогцолбор. Энд Баянгол дүүргийн АН-ын гишүүд багтахгүй шахам битүү цугласан байлаа. Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас 31 төлөөлөгч сонгогдон үнэмлэхүй ялалт байгуулсан нь 21 аймаг, болон бусад 8 дүүргийн АН-ын гишүүдийн хувьд бахдам жишээ болдог гэсэн үнэн ажээ. Намын даргад нэр дэвшигчид хөдөө орон нутагт уулзалт хийж явахад АН-ын олон гишүүн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс “Та ямар арга туршлага хэрэгжүүлж Баянгол дүүрэгт байнга ялалт байгуулдаг вэ, таны удирдсан Баянгол дүүргийн АН яагаад ийм хүчтэй байна вэ?” гэж асууж байсан юм. Энэ асуултанд С.Эрдэнэ гишүүн “Туршлага гээд онцолж дурдаад байх юмгүй ээ. Дүүргийнхээ намын гишүүн бүхэнтэй нүүр тулж уулзаж нягт хамтран ажилладаг” гэж хариулж байсан билээ.
Уулзалтын өмнө уламжлал ёсоор хэн нь хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрөө танилцуулах вэ хэмээн шодоход Баянгол дүүргээр овоглох шахуу явдаг С.Эрдэнэ тодорсон нь сонирхолтой санагдаж байв. Тэрбээр том танхим дүүрэн цугласан намын гишүүддээ хандан ихэд баяртай “Нэг дугаартай сугалаа таарч уулзалтыг нээж байгаадаа баяртай байна. Дүүргийн намын үүрийн даргын хувьд анхан шатны намын байгууллагынхаа дуу хоолойг сонсохоос эрхэм зүйл үгүй. Гэтэл манай төв намын удирдлагууд гишүүдийнхээ үгийг сонсохоо болиод арван жил боллоо. Одоо чихээ онгойлгох цаг болсон.Манай дүүргийн намын үүр ИТХ-ын сонгуульд удаа дараа үнэмлэхүй ялалт байгуулж байгаа. Харин үүнд хорсч бачимдсан хүмүүс сүүлийн үед намайг элдвээр гутаан доромжлох нь ихэссэн. Эрдэнэ ван энэ тэр гээд. Яахаараа би Баянгол дүүргийн 240 мянган иргэний ван болчихдог юм бэ? Энэ дүүрэгт амьдарч байгаа иргэд өөрийн гэсэн толгойгүй юм уу? Хорин нэгдүгээр зуунд ганцхан хүнд захирагдаад явна гэж юу байсан юм бэ? Гэхдээ би ийм шалдир бульдир хов жив, гүжир гүтгэлгийг даваад гарна.
Ийм юмаар намайг няцааж мохоохгүй. Өнөөдөр төрийн ордон дотор, төрийн хэргийг боов идсэн шиг, бохь зажилсан шиг, согтуурхсан шиг явж байгаа 65 хүнтэй
хамтарч төр барих, төрийн ажил хийнэ гэдэг үнэхээр хэцүү байна. Бид ийм юмны эсрэг хүчирхэг сөрөг хүчин болж зогсох ёстой. Иймийн тулд хүчирхэг нам байх хэрэгтэй байна.
Хүчирхэг АН-ыг бий болгохын тулд би намын даргын сунгаанд оролцож байгаа” хэмээн хэлсэн юм. Түүний дараа бусад нэр дэвшигчид ар араасаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, намын дарга болбол хэрхэн ажиллах, ямар ямар өөрчлөлт хийх зорилго хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд тэдний хэлж байгаа үг ерөнхийдөө хөдөө орон нутаг дахь уулзалтуудын үеэр хэлж байсантай адилхан байгаа учраас ахин давтах нь илүүц биз гэж бодож байна. Баянгол дүүрэгт болсон уулзалт дуу хуур, бүжиг наадамтай дөрвөн цаг гаруй үргэлжлээд өндөрлөхөд Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа “АН-ын даргаар хэн ч сонгогдсон бай манай дүүргийн намын гишүүд чин сэтгэлээсээ дэмжиж, хамтарч ажиллах болно” хэмээн хэлж тус дүүргийн гишүүд уухайлан алга ташиж нэр дэвшигчдийг урмаар шагнан үдсэн юм.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид эндээс МҮЭСТО-д хүлээж байгаа Сонгинохайрхан дүүрэг дэх намынхаа гишүүдийн төлөөлөлтэй уулзахаар яаран ирсэн билээ. Уулзалт товлосон ёсоор 16 цагт эхэлсэн ба АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Лу.Г антөмөр хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад “Саяхан хийсэн нэг судалгаанаас харвал ард түмний 60 хувь нь улс төрийн намуудад итгэхээ больсон байна. Жирийн гишүүдийнхээ мөрөн дээр гишгэн гарч ирсэн дарга нар зөөлөн тавлаг суудал дээр аль болох удаан суухыг хүсч байна.
Намын гишүүд ч даргыг шүтдэг цаг ирж. Намынхаа төлөө үнэнч сэтгэлээр явдаг хүн ховорджээ. Сонгууль болоход ухуулагч хийх хүн олдохоо больсон. Намын гишүүн ухуулагч нар намын сурталчилгаанд оролцохдоо намаасаа мөнгө нэхдэг, шаарддаг болсон байна. Надад хэдэн төгрөг өгөх юм бэ гэсэн үг л сонсогддог болсон. Ийм учраас намаа шинэчлэхээс өөр арга алга” гэсэн бол нэр дэвшигч Н.Алтанхуяг “Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар нэг жил гаруй ажилласан. Энэ хугацаанд дүүргийн намын үүрийг байртай болгосон. Ер нь бол би АН-ын даргаар ажиллахдаа 16 үүрийг байртай болгож өгсөн хүн” гэж онцолж байлаа. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Сунгааны явцаас харахад манай намын бодит байдал, үзэл бодлын зөрүү, ирээдүйн чиг хандлага гэдэг зүйл дээр байсан олон янзын саналууд нэг тал руугаа цэгцэрч чадаж байна. Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван хүн өөр өөрийн өнгөөр, өөр өөрийнхөө үзэл бодлоор санал бодлоо илэрхийлээд явж байгаа нь энэ намын давуу тал. Би энэ таван өнгийг энэ намаас өөр хаана ч харахгүй. Ийм сунгааг өөр ямар ч юм бэ нам хийхэд хүнд гэдэгт итгэлтэй байна. Энэ бол АН-ын дотоод ардчиллынх нь мөн чанар юм” гэсэн юм.
Түүний дараа Ж.Батзандан нэр дэвшигч “Хэрвээ би намын дарга болчихвол хуучин удирдлагын хэвтээ тогтолцоог халж, хагас босоо тогтолцоотой нам болгоно. Ардчилсан нам нь мэргэжпийн холбоод, иргэний нийгэмтэй хамгийн ойр улс төрийн хүчин байх болно. Намын гишүүдийн эв нэгдлийг хангах зорилгоор “Ёс зүй-Эв нэгдлийн хороо”-г байгуулна. Эвдрэлцүүлдэг бус эвлэрүүлдэг хороо хэрэгтэй байна. Намын эв нэгдлийг бусниулж байгаа явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлүүдэд суурилсан нэгдмэл АН-ыг бий болгоно” гэж хэлсэн нь цугласан хүмүүсийн “цөсийг хөөргөж” байв. Хамгийн их хүн үг хэлж, гомдол шүүмжлэл тасралтгүй цуурайтсан уулзалт чухам энд л болов. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн байхгүй, дүүргийн ИТХ-д ч бараг төлөөлөлгүй аж. Өдөр болгон л АН-ын гишүүд ажлаасаа халагдаж байгаа гэдгийг өөрсдийн биеэр жишээлэн маш их бухимдаж яваагаа илэрхийлж байв.
Нэгдүгээр сарын 24. Налайх дүүрэг. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн сүүлчийн буюу 30 дахь уулзалт тус дүүргийн “Уурхайчдын соёлын ордон”-д 12 цагт эхэллээ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санаж сэдэж, зорьж тэмүүлж яваа зүйлийнхээ талаар ярьсан бөгөөд тэндээс Д.Эрдэнэбат нэр дэвшигчийн үгийг онцолмоор байна. Тэрбээр “Налайх дүүргийн ИТХ-ын 25 суудлаас дөрвийг нь манай нам авчээ. Үүнд АН-ын гишүүд буруугүй Намым удирдлагуудын буруу бодлогоос болж ийм байдалд хүрсэн юм.
Үүнийг засч залруулах хэрэгтэй” гэсэн билээ. Түүнчлэн Н.Алтанхуяг нэр дэвшигч “Шинэчлэлийн Засгийн газар төр барьж байх үед Налайх хэрхэн өнгө зүс зассаныг та бүхэн мэдэж байгаа. Улс орны хөгжлийг иргэд нь яаж амьдарч байгаагаар хэмждэг. Манай нам ард иргэдийнхээ боловсрол, орлого, эрүүл мэндийн асуудалд ямагт санаа тавьж, эдгээр асуудлыг шийдэхийн төлөө тусгайлан бодлого боловсруулж ирсэн. Улс орны хувьд амин чухал дээрх асуудлыг намын бодлогын цөм болгодог, ухамсартай, өндөр боловсролтой, сэтгэлтэй хүнийг АН-ын даргаар сонговол Монголын төрийн бодлогод их хэрэгтэй” хэмээн захиж байсан юм.
АН-ын даргад нэр дэвшигчдийн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт очиж намынхаа гишүүдтэй нүүр тулан уулзсан их сунгаа ийнхүү өндөрлөлөө. Одоо АН-ын гишүүдийн идэвх, сонголтоос бүх юм хамаарна. Тэдний хийсэн сонголт хэр оновчтой байх вэ гэдгээс АН-ын хувь заяа шийдэгдэнэ. АН-ынхан шинэчлэл хийж чадвал Монголын улс төрд ч томоохон шинэчлэл гарна. Хэрвээ АН нэгдмэл бодлоготой, хариуцлагатай, эв нэгдэлтэй, нээлттэй, шударга санхүүжилттай, засаглаж чаддаг, дотоод ардчилал сайтай нам болбол Монгол Улсын ирээдүйд ч хэрэгтэй.
Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч
Б.Галсансүх
URL: