Ходоод чимээгүй мэгшсээр л
Өчигдөр нь архи уусан, өнөөдөр нь тагтуритин идсэн, цусаар бөөлжсөн, эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон байсан. Энэ Монголын нийтлэг дүр төрх бололтой. Монголд ходоод нь өвддөггүй хүн ховор байх, дийлэнх хувь нь л ходоодны шарх болон түүнтэй холбоотой өвчин олсон.
Хар нялхаасаа өвчин олох сууриа тавьдаг. Аав ээж нь амандаа хийж, үмхэж үмхэж бантан өгөх нэрийдлээр хамаг микробоо өгнө. Дараа нь чихэр, чипс гэх мэт амтлагчаар хооллож хүнсний будагтай ундаа уулгана.
Тэгээд сургуульд орлоо. Өглөөний цай уухгүй өлөн гараад л гүйнэ. Тэгж тэгж айхтар өлссөн хүн орж ирээд гэнэт их иднэ. За оюутан болно, бас л адилхан. Газтай ундаа ууж юу билээ тэр нэр шошготой транс тосонд хайрсан пирошки иднэ. Ус ууна гэж байхгүй дэлгүүрээс амтгүй ус худалдаж авахаар Кола авахыг илүүд үзнэ.
Ажил дээр гарна бас л хэвээрээ. Цуйванд нүдээ ухаж өгөхөөс наагуур дуртай. Бүр эрчүүд нь эхнэрээ цуйван сайхан сэгсэрдэг байхыг шаардах нь энүүхэнд. Тэгээд болоогүй энэ явцад цагаан сар тэргүүтэй түм буман баяр тэмдэглэнэ. Сархад гэх идээг сав дүүрэн майонезтай саладтай, жигнүүр дүүрэн буузтай хамт хүртэнэ. Харин маргааш нь Нонгшимдаж шараа тайлна.
Ходоод чимээгүй мэгшсээр л…
Харин нэг л өдөр тэр тэсэрч танд тэсэхийн аргагүй өвдөлт өгнө. Ийнхүү шинж тэмдэг илэрч эхний мөрөн дээр очно. Нэг ийм циклтэй.
Ажил төрөл, карьер яах вэ дээ. Резинэн бөмбөг тул ойгоод л ирнэ. Эрүүл мэнд чинь шилэн бөмбөг учир хагараад ахиж хэзээ ч бүтэн болохгүй. Чи бүтэн болгох гээд нөгөө биеэ гаргуунд гарган байж ажиллаж хөдөлмөрлөж байж олсон хэдэн төгрөгөө бариад гүйнэ.
Яаж амьдрах вэ… Өөрөө л мэд!!!
URL: