80,000 иргэний санал төрийн шийдвэрийн хувь заяаг шийдэх боломжтой юу?
-Ерөнхийлөгчийн бүрэн эрх цаг, минутаар хэмжигдэж байгаа энэ үед түүний санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл парламентын босгыг давж чадах эсэх нь эргэлзээтэй-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахад хагас жилийн хугацаа үлдээд байна. Бүрэн эрх нь цаг, минутаар хэмжигдэж байгаа энэ үед төрийн тэргүүн маань Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, түүнийг нь өнөө, маргаашгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна.
Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан эл хуулийн төсөл парламентын босгыг давж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, хуулийн төсөлд гишүүдэд халгаатай, таалагдахгүй ч байж мэдэх ганц, хоёр заалтыг тусгажээ.
Өөрөөр хэлбэл, нэг үзэл бодолтой, нэг үзүүрт чиглэсэн 80 мянган иргэн төрийн хувь заяаг шийдэх эхлэлийг тавих нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг юм.
Эсрэгээрээ хэн бүхэн хуулийн төсөл санаачилж болно. Гол нь түүнийгээ УИХ-ын Тамгын газарт бүртгүүлэх бөгөөд гурван сарын дотор 5,000-аас дээш хүний гарын үсгийг цуглуулж чадвал тэрхүү хуулийн төслийг нь парламентын түвшинд хэлэлцэх нөхцөл бүрдэнэ.
Ингэснээр иргэдийг жинхэнэ утгаар нь Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд тусална гэж хуулийн төсөл дээр ажилласан хуульчид хэлж байна.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Монгол Улсын иргэн… шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж заасан байдаг.
Харамсалтай нь, хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах, санал асуулга явуулах зэрэг арга хэрэгсэл нь хууль зүйн хувьд хангалттай зохицуулагдаагүй, иргэд болон төрийн байгууллага, албан тушаалтны хоорондын харилцааг нарийвчлан тодорхойлоогүйгээс олон нийт бодитойгоор төрийн үйл хэрэгт нөлөөлөх, оролцоогоо хангах, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн хангагдаагүй явж ирсэн хэмээн хууль санаачлагчид нь үзэж байгаа аж.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс “Энэ хуулийн төсөл нь маш том асуудлыг хөндсөн.
Шинэ Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хэрэгжилт нь ямар байх бол гэдэгт итгэл үнэмшил төдий л сайнгүй байна. Иймээс төслийг заалт нэг бүрээр нь ярилцаж, нухацтай хандах шаардлагатай” гэх утгатай зүйлийг цухалзуулсан нь хуулийн төслийг парламентын танхимд “унагах” магадлалтайг илтгэж байна.
Дээр нь хуулийг санаачилсан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахад хэдхэн сарын хугацаа үлдсэн зэргээс шалтгаалж эл хуулийн төсөл олонхын саналыг авахгүй байж ч мэднэ.
Гэвч хөндлөнгийн судалгааны байгууллагаас “Сүүлийн жилүүдэд иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн тухай саналаа уламжлах харилцаанд хамаарах иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг, сонсгол хийх тухай хууль тогтоомжийг УИХ-аас батлан хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 105 хуульд иргэний оролцооны хэлбэрүүд болох төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч хуулийн зохицуулалтууд нь харилцан адилгүй, нэгдмэл бус, уялдаагүй байна” гэх дүгнэлтэд хүрчээ.
Энэ мэт зүйлээс шалтгаалж иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах асуудлыг хуульчлан зохицуулахаар Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан талаараа хэлж байна. Уг хуулийн төслийг анхдагч төслийн хэлбэрээр боловсруулсан бөгөөд долоон бүлэгтэй.
Мөн хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлахаар санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах, шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулсан байна.
Түүнчлэн ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөн хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх, ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдсэн гэж үзэхээр тусгаж өгчээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа Австрали, АНУ-ын Калифорни муж, Беларусь, Казакстан, Киргизстан, Косово, Латви, Литва, ОХУ, ХБНГУ-ын Доод саксон муж, Швейцарь, Эстони зэрэг улсын ард нийтийн санал асуулгын талаарх хууль тогтоомжийг харьцуулан судалж, мөн олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа, үнэлгээнд тулгуурлан боловсруулсан аж.
Мөн хуулийн төсөл дээр батлагдсан арга зүйн дагуу үр нөлөөний үнэлгээ болон Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээг шинжээчдийн багаар хийлгэж, санал дүгнэлтийг тусгасан байна.
Хуулийн төслийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар нийт 31 удаа хэлэлцүүлж, 1,700 орчим хүн оролцсон бөгөөд нийт агуулгын хувьд багцалбал 200 зарчмын болон найруулгын санал гарсныг ажлын хэсгээс төсөлд тусган сайжруулж боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэнэ. Гагцхүү парламентын босгыг давж чадах эсэх нь эрхэм түшээдээс хамаарах бөгөөд хэрхэн шийдвэрлэхийг нь харах л үлдлээ.
URL: