Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө

148538963658893f44d3a6fҮндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Төлөвлөгөөний дагуу макро эдийн засгийн бодлогын хүрээнд 31, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын хүрээнд 118, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд 64, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлогын хүрээнд 65, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд 64, нийт 342 үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Энэ онд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшинг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар бүрийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарна.

Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн бодит өсөлт 3 хувь, инфляцийн түвшин 6.5 хувь, төсвийн тэнцлийн алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 9.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9 хувиас ихгүй байна гэж тооцоолжээ.

Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөг, үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 353.9 тэрбум, гадаад эх үүсвэрээс 825 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байна.

“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталлаа

Цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутан, политехник, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх харилцааг энэ журмаар зохицуулах юм.

“Оюутан-Цэрэг” сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч нь тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор харьяа аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлэх ёстой.

Оюутан, суралцагчийг сурлагын голч дүн /2,8-аас дээш/, бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур болгон сонгох юм. Хүсэлт гаргагч нь иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургалтад хамрагдах сургуулийн зөвшөөрөл, тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт,  суралцахыг хүссэн өргөдлөө бүрдүүлэх юм байна.

Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах  салбарт зарцуулахаар төлөвлөж байна.

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монгол Улсад ахмадын байгууллага  үүсч хөгжсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

-  Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь байхаар тогтоолоо.

-  Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болж, ой тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

-  Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах жагсаалтыг хавсралтаар баталлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 1187 цэргийн албан хаагч дэлхийн зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.


URL:

Сэтгэгдэл бичих