АНУ-ын батлан хамгаалахын сайд Япон, Өмнөд Солонгос улсуудад айлчлал хийнэ
АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Сенатын танхим хэдхэн өдрийн өмнө тус улсын Батлан хамгаалахын сайдаар чөлөөндөө гарсан генерал Жеймс Маттисыг томилсон. Тэрээр ажлаа авсан даруйдаа Япон болон Өмнөд Солонгос улсуудад ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу тэрээр ирэх 2 дугаар сард айлчлах бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн шинэ засгийн газар байгуулагдсанаас хойшх шинэ удирдлагаа төлөөлөн гадны улс оронд хийх хамгийн эхний айлчлал болох гэж байгаагаараа онцлогтой юм.
Харин тус 2 оронд айлчлал хийх гэж байгаа гол зорилго бол АНУ-ын Азийн орнуудын эвсэл, хамтын ажиллагааг дахин бататгах явдал юм. Тэрээр албан тушаалаа хүлээж авах үеэрээ, АНУ-ын холбоотнууд улстай харилцаагаа бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах болно хэмээн хэлсэн байна. Түүнчлэн тэрээр Их Британи болон Канад улсын удирдлагуудтай утсаар ярьжээ.
Гэхдээ түүний энэхүү айлчлалтай холбоотой Япон улсын холбогдох албан тушаалтнууд санаа зовниж байна. Учир нь АНУ-ын засгийн газраас Япон улсад байрлаж байгаа АНУ-ын цэргийн хүчинд зарцуулах төсвөө нэмэх шаардлагатай талаар хэлэлцэж магадгүй болоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сонгуулийн компанийн үеэр, Япон улс өөрийн үндэстний батлан хамгаалах асуудалд бусад салбараас илүүтэй хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.
URL: