УЛСТӨРЧИД УТААТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙГААГИЙН ЖИНХЭНЭ ШАЛТГААН
“Улс төрчид утаатай тэмцэх хүсэлгүй болсон”. Ийм том дүгнэлтийг хийхэд бодитой шалтгаан, ноцтой баримт хэрэгтэй. Гэвч ингэж хэлэх чухал учир шалтгаан байна. Юу гэвэл, улстөрчид утаатай тэмцэх зардлыг хоёр жилийн өмнөөс зоригтойгоор танаж эхэлсэн. Олон нийт ч үүнийг нь уухайлан дэмжсэн тал бий.
2016 оны төсөв хэлэлцэж батлахад иргэдэд нэг зүйл их таалагдаж байх шиг санагдаж байж билээ. Тэр нь Утаатай тэмцэх зардлыг хасч, энэ зорилгоор хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг зогсоосон явдал байв. Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг гардан зохион байгуулсан байгууллагын удирдлагууд албаны хөрөнгө шамшигдуулсан хэргээр ар, араасаа “аавын” хаалга татаж, хотын утаа харагдах байдлаараа “багасаагүй” нь иргэдэд “Утаатай тэмцэхэд мөнгө гаргаад нэмэргүй юм байна” гэсэн ойлголт төрүүлээд байсан үе. Ингэснээр утаатай тэмцэх төсвийг хасчихвал ард түмнээс эерэг үнэлгээ авах түрхэн зуурын нөхцөл үүсч, тэр нь төсөв батлахтай цаг хугацааны хувьд давхцаж таарснаар 2016 оны төсөвт утаатай яг “тэмцэх” зорилгоор таван тэрбум төгрөг л суусан билээ. Гэхдээ энэ мөнгөнөөс орон нутагт бас хуваарилсан учраас утааны яг үндсэн голомт дотор амьдарч байгаа нийслэлчүүдэд энэ мөнгөний тал нь л хамаатай байсан юм. 2017 оны төсөвт нь энэ байдал давтагдсан. Эдийн засгийн хямрал, төсвийн гачигдлаас болоод шинэ Засгийн газар утаатай тэмцэхэд зориулж илүү мөнгө төсөвлөх ямар ч боломжгүй байсан гэхэд болно. Боломжгүй дээр хүсэлгүй нэмэгдсэнээр ийнхүү утаатай тэмцэх ажлыг төсөв мөнгөгүйгээр шийдэх арга хэлбэрийг хайх буюу зөвхөн ярьж л чадах хэмжээнд хүрч очсон нь энэ юм.
Уг нь Үндсэн хуульд “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж тодорхой заасан байдаг. Гэвч шуналтай дарга даамлуудын балгаар иргэд нь ч, эрх баригчид нь ч эрүүл мэндээ мөнгөнөөс доогуур тавьж байна. Төсвийг хассанаараа төр засаг ард иргэд бүгдээрээ утаатай зарласан дайнд гар өргөн бууж өгсөн хэрэг боллоо. “Ядаж байхад” гэдэг шиг энэ жил их ч хүйтэн өвөл болж байна. Саяхнаас хэрэгжүүлсэн “Цахилгааны шөнийн төлбөрийг чөлөөлөх” хөтөлбөрт 120 мянган айл өрх хамрагдсан гэх тоо баримт байгаа ч утаа багассангүй. Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоотойроо хотын утаа эрс нэмэгдлээ. Нийслэл агаарын бохирдлын хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын стандарт, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандарттай харьцуулж мэдээлдэг юм байна. Тэгвэл зарим үед хотын утаа ДЭМБ-ын стандартаас 20-30 дахин ихэсч байгаа ажээ. “Цэвэр агаар” сан, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд утаатай холбоотой асуудлаар хандах ганц газар нь Нийслэлийн харъяа, Агаарын чанарын алба болж хувирчээ. “Хүмүүс зун болохоор таг дуугүй байсан мөртлөө өвөл утаа гарч ирэхээр л гэнэт утааг санах юм. Уг нь зун ч гэсэн энэ асуудлыг байнга сөхөж, сануулж байх ёстой шүү дээ. Төсөв батлах үед одоо байгаа шигээ “Утааг бууруулах ёстой” гэж олигтой дуугараад өгчихгүй байж нэгэнт төсөв танагдсан хойно “Утаа их байна” гэж ярих юм” гэж тус албаны мэргэжилтэн гомдоллож байна. Түүний зөв. Утаатай тэмцэх ажилд зарцуулах хөрөнгө 2014 оноос эхлэн огцом буурсан ажээ. Үүнтэй холбоотойгоор утааг бууруулах чиглэлээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд бараг бүгд зогсов.
“Утаатай хийх тэмцэл” зогсонги байдалд орсон гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрсөн байдалтай өдөр хоногууд өнгөрч байна. “Ам.долларын өсөлтийг ажиглаж байгаа” гэдэг Сангийн сайдын трэнд үг шиг “Агаарын бохирдлыг зүгээр л ажиглах” бодлогыг одоогийн нийслэлийн удирдлагууд хэрэгжүүлж байна.
Б.Цогт-Ирээдүй
ZINDAA.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эргүү юмаа