Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ?

527-14853066221201605241464058083Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн болдог болсон. Тавантолгойн орд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гээд олон нийтийн анхаарлыг татсан асуудалд МАН эрх баригч намын хувьд шийдвэр гаргах учиртай.

Тэдний чухам ямар шийдвэр гаргахаас олон нийтийн эрх ашигтай холбоотой дээрх асууудлуудын хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс 2016 оны сонгуулийн дүнгээр хэт олон суудал авсан МАН-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж бүлгийн хурал дээрээ ширүүхэн үзэлцэх болсон юм. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “мөнхийн” эсрэг байр суурьтай. Тэрээр өчигдөр ч бас хэвлэлийн бага хурал хийсэн.
Мөн 2016 оны нэгдүгээр сарын 12-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураасан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжвэл Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр  Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болно гэсэн мэдээлэл байсан юм. Гишүүдийн саналыг хураахад 53 гишүүний 19 нь зөвшөөрч, 34 нь татгалзсан. Өөрөөр хэлбэл, О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нарын 19 гишүүн Олон улсын гэрээний тухай хуулийг хэлэлцэх нь зөв гэж кнопоо дарсан юм. Тэгвэл үүний дараа болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр дээрх 19-ийн хоёр ч гишүүн нь “…Намайг байгаагүй атал кнопыг маань дарсан байна” гэсэн гомдлыг гаргажээ. Энэ мэтчилэнгийн том асуудал тойрсон хэл ам эрх баригч намын бүлэгт тасралтгүй гарч байгаа ажээ.
Хамгийн сүүлд, уржигдар болсон хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир бүлгийнхээ гишүүдийг цочтол “мэдэгдэл” хийсэн тухай Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэцгээж байна. Тэрээр “…Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя. Зардал, мөнгөө босго гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэж мэдэгдсэн байна. Л.Элдэв-Очирын энэхүү гэнэтийн үгэнд цочирдсон гишүүд нь “…Хэн тэгсэн, ямар гишүүд тан дээр орсон юм.
Нэрийг нь хэл” хэ­мээн шаардсан аж. Харин мань гишүүн нэлээд сууж байснаа “…Манай намын ги­шүүд биш” гэжээ. Гишүүд “…Тэгвэл АН-ын гишүүд гэсэн үг үү?” гэж, харин Л.Элдэв-Очир гишүүн өөр элдвийн тайлбар хэлээгүй байна. Харин МАН-ын бүлгийн зарим гишүүн “…Энэ тухай гишүүд амаа хамхиарай. Бүлэг дээрээ ийм юм яриад сууж байна гээд задрах юм бол нам муухай харагдана” гэж анхааруулжээ. Бусад нь үүнийг дэмжсэн байна.
Л.Элдэв-Очир гишүүн 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. 2016 оны сонгуулиар Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин, “Женко” Х.Баттулгыг ялж УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих