Сайн суурьгүй барилга, өвсөн овоохойноос хэврэг
Барилга барихын тулд эхлээд суурь цутгадаг. Хэдий чинээ сайн цутгана төдий чинээ чанартай барилга барина. Энгийн гэмээр энэ технологийг зөвхөн барилгын инженер бус жирийн нэгэн ч мэддэг. Харин суурь цуггасан болоод өнгөрвөл түүн дээр ямарч гоё сайхан шийдэлтэй, өндөр барилга сүндэрлэхэд өвсөн овоохойноос хэврэг болно. Үүнтэй агаар нэгэн нөхцөл байдал өнөөгийн Ардчилсан намд тулгараад долоон сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрсөн зургадугаар сарын 29-нөөс хойшхи хугацааг тооцож үзвэл шүү дээ. Тэгэхэд намын дарга З.Энхболд хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа огцорч буйгаа мэдэгдсэн, Үндэсний эөвлөлдөх хорооны отгон хурлаар дараагийн дарга нь тодоргол “төрхөмдөө буцсан”, залуусын, дунд үеийн, ахмадын зэрэг шинэчлэлийн хөдөлгөөнүүдийн жигүүр шил шилээ даран өдөлсөн, VI Их хурлаа хуралдуулсан, сунгаа зарласан гээд хэд хэдэн акц АН-д өрнөсөн билээ.
Эдгээрээс өнөөдрийг хүртэл хоёрхон асуудал олон нийтийн анхаарлын төвд яваа нь намын даргын сунгаа хийгээд АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэл. Ямартай ч намын даргын сунгаанд оролцож буй таван нэр дэвшигч 21 аймаг, есөн дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ хийх уулзалт өчигдрөөр дуусгавар болж байна. Ингэснээр тэдний сургалчилгаа хийх хугацаа энэ сарын 28-наар албан ёсоор эцэс болж, 29-нд АН-ын шинэ дарга тодорч ирэх сард товлосон VII Их хурлаар батламжлах юм. Гэхдээ АН-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчдийн зүгээс шинэ намын даргаа “өлгийдөх” VII Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэх асуудлыг давхар хөндөхөөр санал нэгдэж эхэлжээ.
Тодруулбал, АН-ын үүрийн дарга нарын холбоо, Үндэсний зөвлөлдөх хорооноос байгуулсан АН-ын дурмийн шинэчлэлийн ажлын хэсэг, АЗХ-той хамтран өнгөрсөн хугацаанд нийслэлийн 152 хорооны үүрийн дарга, 19 аймгийн орон нутгийн намын анхан шатны 250 гаруй гишүүдийг оролцуулсан хэд хэдэн хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулж Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Мөн АН-ын үүрийн дарга нарын холбооноос намын шинэчлэлийг дэмжиж, дүрмийн нэмэлт өөрчлөлтөд анхан шатны байгууллагын саналыг тусгаж шийдвэрлүүлэх зорилгоор цуврал хэлэлцүүлгийг хагас жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Шат дараатай хийсэн тухайн хэлэлцүүлэгт 1754 үүр бүрээс таван хүний төлөөлөл бүхий нийт 9000 гаруй анхан шатны байгууллагын гишүүн оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.
Улмаар гурав дахь шатны хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар өчигдөр зохион байгуулж, АН-ын шинэчлэлийн талаар гарсан бодитой саналыг нэгтгэж VI Их хурлаас байгуулсан дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын хэлж буйгаар намын шинэчлэлийн хүрээнд бодлого суурьтай, анхан шатаа сонсдог, эрх ашгийн төлөө хуваагддагтүй, бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, боловсон хүчний оновчтой системтэй, дэргэдээ Бодлогын судалгааны төв, Зөвлөхүүдийн танхим зэрэг ажил үүргийн зөв хуваарилалттай байх ёстойг онцолж байв. Хамгийн гол нь, эдгээрийг АН-ын дүрэмд суулгах нь шинэчлэлийн бодитой алхам гэдгийг Ажлын хэсгийнхэнд дайж байв. Ингэхдээ АН-ын шинэчлэл дээрээ хэдхэн дарга нарын хүрээнд биш, доороосоо анхан шатнаасаа сайтар ярилцаж байж гаргах нь бүх нийтийн дэмжлэг авч, урт хугацаанд амьдарч, дараа дараагийн сонгуульд ялалт байгуулах үндэс суурь болохыг хэлж байсан юм. Харин цөөн хэдэн хүний хүрээнд шинэчлэлийн асуудлыг хөндөх нь олон мянган гишүүний эрх ашиг зөрчиж, суурь шинэчлэл зогсоохыг сануулж байлаа.
Жишээ нь, АН-ын нарийн бичгийн дарга, Үүрийн дарга нарын холбооны тэргүүн Г.Батхүү “Сонгогчдын гол шүүмжлэл нь Ардчилсан нам тулхгүй, засаглаж чаддаггүй, хоорондоо эв түнжингүй, цаг үргэлжид толхилцдог гэх юм. Товчхондоо эв нэгдэл дутагдсанаас бид ялагдсан. Үнэн хэрэгтээ АН-ын жирийн гишүүд үүнд буруугүй. Харин үнэт зүйлс, үзэл баримтлалаа умартсан хэдхэн дарга дүрмээ мөрдөхгүй хөсөр хаяж, ҮЗХ-ны хурлаа ч хуралдуулахгүй, Их хурлаараа намын даргаа батламжлуулахгүй чаргааж, зөвхөн өөрсдөдөө таалагдсан шийдвэрийг хүслээрээ гаргадаг, жирийн гишүүдийнхээ үгийг үл тоомсорлох үзэгдэл хавтгайрснаас болсон. Үүнээс болж АН олон түмнээсээ хөндийрч, цөөнхийн мэдэлд орсноор эв нэгдэл суларч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ялагдал хүлээж, олигтой ч сөрөг хүчин болж чадахгүйд хүрсэн нь гашуун үнэн” хэмээв. Мөн тодорхой үзэл баримтлал, тогтсон, мөрдөгддөг дүрэмтэй институц, доод шатнаасаа намын даргаа хүртэл тууштай, эв нэгдэлтэй болж байж олон удаагийн ялалтад хүрнэ. Энэ тулгын гурван чулуугаа зөв тавьж чадвал АН-ыг шинэчилнэ. Суурь шинэчлэлийн эхлэл цэг эндээс зхлэх ёстой. АН-ын шинэчлэлээс Монгол Улсын хөгжил цэцэглэл, монгол хүн бүрийн амьдрал ахуй хамаарна гэдгийг бусдадаа уриална лээ. Түүний дараа намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж найруулгын төслөө танилцууллаа
Ажлын хэсгээс боловсруулж, хар зургийг нь гаргасан төслөөр АН-ын Үндсэн дүрэм есөн бүлэгтэй байх аж. Тэдгээрээс онцлох заалтыг дурдвал намын удирдах дээд байгууллага Их хурал байсныг Их хуралдай хэмээн нэршлийг нь өөрчилжээ. Мөн Их хуралдайг жил бүр нэгээс доошгүй удаа намын дарга, Үндэсний бодлогын хорооноос товлон хуралдуулахаар төсөлд тусгасан байна. Одоогийн мөрдөж буй АН-ын дүрмээр Их хурлын товыг Үндэсний зөвлөлдөх хорооноос зарлах заалттай. Үүнээс гадна Үндэсний бодлогын хорооны хурлын дарга, орлогчийг хоёр жилийн хугацаатай сонгож байхаар заажээ.
Үүнээс гадна дунд шагны үүрийн дарга нарыг намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулах гэж өөрчилжээ. Ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж хэлэхдээ “Бидний хувьд олон удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ингээд аливаа дүрэм, журмыг Үндэсний зөвлөлдөх хороогоор биш Их хурлаараа баталж байя гэдэг асуудлаар санал нэгдсэн. УИХ-ын сонгуулийн дараа АН-ыг шинэчлэх олон хөдөлгөөн өрнөлөө. Бид ганц л зүйлийг хэлж байгаа. Ерөөсөө тоглоомын дүрмээ тодорхой болгоё гэж. Одоогийн боловсруулж байгаа дүрмийн шинэчлэлийг боловсруулахад АН-ын үүрийн дарга нарын холбоо нэлээд дэмжлэг үзүүллээ. Учир нь, намын удирдлага огцорсон байсан болохоор төвөөс ямарч дэмжлэг аваагүй. Тиймээс боловсруулсан төслөө намын дунд шатны байгууллагууддаа хүргүүлж дахин саналыг нь авъя. Дараа нь VII Их хурлаар Үндсэн дүрмээ батлуулаад авъя. Тийм боломж нь ч бий. Тэгэхгүйгээр намын даргыг батламжилбал одоо боловсруулсан төслийг өөрчлөх гээд явчих магадлалтай. Гэхдээ өнөөдөр сонгуулийн ялагдлын дараах давалгаа одоо харьцангуй намжсан” гэлээ.
Ийнхүү АН-ын гол тулгуур болсон Үндсэн дүрмийн өөрчлөлтэй холбоотой асуудлаарх хэлэлцүүлгээр намын шинэчлэлийг зөвхөн дарга солих төдийд ойлговол бүлэг фракцуудын зөрчилд дахин орохыг оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Мөн цөөн хэдэн хүний хүрээнд, тэр дундаа дүрмийн ажлын хэсгүүдийн гишүүдийн саналаар хийвэл намын олон мянган гишүүний эрх ашиг зөрчищөж, суурь шинэчлэл зогсохыг анхааруулсан юм. Тиймээс ийм алдаа гаргахгүй, даамжруулахгүйн тулд, анхан шатны гишүүдийнхээ дуу хоолойг дүрмэнд тусгах хэрэгтэй. Ингэхийн тулд нийг гишүүдээ мэдээллээр хангаж, санал бодлыг нэгтгэх ёстой хэмээж байв. Хамгийн гол нь, АН-аас гарч буй аливаа шийдвэрийг жирийн гишүүдийн оролцоогүйгээр гаргадаг, эрх мэдлийн төлөөх хэдэн бүлэглэл, фракцын дарга нар хуйвалдааны зарчмаар шийддэг сүүлийн жилүүдийн практикт цэг тавих учиртай хэлж байв. Эндээс харахад сайн суурьгүй барилга барихгүйн тулд анхан шатныхаа гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний саналыг дүрмийн өөрчлөлтөд тусгахыг АН-ынхан дээр, дооргүй хүлээн зөвшөөрч эхэлсэн бололтой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: