Тяньжинд агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч, хөл хорио тогтоолоо
Хятадын хойд хэсэгт орших томоохон хот Тяньжины агаарын бохирдолын хэмжээ дээд цэгтээ хүрч, гамшгийн төвшин “улаан”-д хүрэх тул иргэддээ болгоомжтой байхыг анхааруулан хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн тоо “тэгш-сондгой”-оос шалтгаалан ээлжилж явна. Хотын иргэдийг чухал шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, аль болох битүү газар байж өөрт байгаа боломжоороо амьсгалын замаа хамгаалахыг зөвлөжээ.
Түүнээс гадна байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг өөрчилж, хотод хийгдэж буй барилгын үйл ажиллагааг хориглосон байна. түүнчлэн задгай талбайд хийгдэх том хэмжээний арга хэмжээг хүчингүй болгохыг зөвлөж байна. Тяньжин дахь том аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлээ багасгах, эсвэл бүр зогсоохыг тушаажээ.
Өчигдөр өглөө Тяньжинь хотын агаарын бохирдлын хэмжээ 1 м3-д 320 микрограмм буюу дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоож өгсөн дээд хэмжээнээс (1 м3- 25 микрограмм) даруй 13 дахин их байжээ.
Хятадын агаарын бохирдолын гол эх үүсвэр нь тээврийн хэрэгсэлийн шатахууны утаа, нүүрний цахилгаан станц болон томоохон үйлдвэрүүд юм. Утаа тортогт агуулагддаг тоосонцор нь уушигаар дамжин хүний биед орж хуримтлагддаг. Хуримлагдсан тоосонцор нь зүрх судасны системд асуудал үүсгэх боломжтой.
С.Төгөлдөр
URL: