Америк гэдэг үгийг Монгол гээд сольчихвол…

1-24-3_700x700“…Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө. Вашингтон цэцэглэсэн ч ард түмэнд баялгаасаа хуваалцаагүй.

Улстөрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан. Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ. Тэдний ялалт Америкийн ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа. Энэ бүхэн яг эндээс, яг одооноос өөрчлөгдөх болно.

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин Засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм.

…Америкчууд үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага.

Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч хэмхэрсэн үйлдвэрүүд байна. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг булаан дээрэмдсээр байна.

Эцэст нь хэлэхэд, бид илүү томыг бодож, илүү томыг мөрөөдөх хэрэгтэй. Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улстөрчид хэрэггүй. Хоосон ярих цаг дууссан. Одоо хийх цаг ирлээ”.

Энэ бол АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үг.  Дональд Трампыг тангараг өргөх ёслол дээрээ ямар үг хэлэх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гэвч ардчиллын эх орны Төрийн шинэ тэргүүн улс оронд маань ардчилал, хүний эрх, нийгмийн баталгаа алга гэж шуудхан шахам хэлсэн юм. Трампын үгийг дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөөрөө “орчуулж” байна. Зарим нь Трамп шинэчлэлийн, өөрчлөлтийн зарчмаа хэллээ гэж байна. Харин нөгөө талд популист мэдэгдэл хийлээ хэмээж буй. Гэхдээ ажиглагчдын дийлэнх нь Трампын үгнээс Америк цаашид өмнөхөөрөө замнахгүй нь тодорхой харагдаж байна гэцгээж байна.

Харин дэлхийг дэлдийлгээд байгаа Трампын үг манай Монголд бол байдаг л нэг мэдэгдэл юм. Улстөрчид хэлж л байдаг. Ард түмэн сонсч л байдаг үг.

Зүгээр л Трампын хэлсэн үгэн дэх Америк гэдэг үгийг Монгол гээд солиод уншихад л болохоор байгаа юм.

Ингээд үзвэл нэг талаас Монголын улстөрчдийн “поп”-ддог ердийн яриа. Ийм яриаг та өдөр бүр телевиз, сонин, сайтуудаас сонсдог, уншдаг. Нөгөө талаас Монголын нийгэм, улс төрийн байдал Трампын хэлсэн шиг л болчихсон. Тэгэхээр Америк гэдэг үгийг Монголоор сольчихвол бид өөрсдийгөө олж харах болно гэсэн үг. Ерөөсөө л Трампын хэлчэнчлэн Монголд өнөөдөр “…Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө.

…Улстөрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан. Тэдний ялалт Монголын ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа.

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин Засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм.

…Монголчууд үр хүүх­дүүддээ сайн боловс­рол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага юм.

Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улстөрчид хэрэггүй” билээ.


URL:

Сэтгэгдэл бичих