Хямралын ёроол хаана хүргэх вэ?
Чангарч буй америк доллар, татварын ачаалал, алдагдсан зохицуулалт, худалдааны бодлого зэрэг нь өнөөгийн сэргэж буй дэлхийн эдийн засгийн томоохон эрсдэл хэмээн Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон санхүүгийн салбарын лидерүүд үзэж байна.
Төсөөлөгдөөгүй олон үйл явдлууд 2017 оны урьдчилсан төлвийг нурааж мэднэ гэж ОУВС-гийн дарга К.Лагард АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд буй Доналд Трампын үгнээс иш татан өгүүлснийг томоохон мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
2016 оноос үлдсэн үр дүн 2017 онд сөргөөр эргэж, урьдчилан төсөөлөгдөж буй таамаглалууд батлагдвал татвар, худалдаа, санхүүгийн зохицуулалт зэрэгт өөдрөг төсөөлөл тавих хэрэггүй гэж тэрээр үзэж буйгаа ч илэрхийлсэн байна. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон бизнесийн лидерүүд, төрийн бодлого боловсруулагчид шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засгийг сэргээн босгох төлөвлөгөөг сайшаалтайгаар хүлээн авч байгаа юм. Гэвч одоо хэр нь томоохон бөгөөд санаа зовоосон таагүй зүйлс хэвээр байгаа билээ. Дэлхийн хамгийн том санхүүгийн менежер BlackRock-ийн тэргүүний үзэж буйгаар АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бодлого наад зах нь эхний 100 хоногийн дотор үр дүнгээ мэдэгдэж эхлэх учиртай.
Тэгвэл зарим шинжээч АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөснөөр ам.доллар чангарч эхлээд байгаа нь аюул занал учруулж болзошгүй гэж үзэж байна. “Холбооны нөөцийн сан ам.долларын үнэ цэнийг өсгөхийн тулд бодлогын хүүгээ чангаруулах бодлого барьж байна. Тиймээс бид одоо чангарч буй ам.долларын дэлхийд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглах хэрэгтэй” гэж BlackRock-ийн тэргүүн хэлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 10 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа өсгөсөн билээ. Энэхүү мөнгөний чангаруулсан бодлого нь санхүүгийн хямрал улам гүнзгийрч буй дохиог дэлхий нийтэд өгсөн юм.
Одоо ам.доллар еврогийн эсрэг сүүлийн 14 жилийн хамгийн өндөр ханшид хүрээд байгаа. Энэ нь Трамп хөрөнгө оруулалт болоод ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргаж эхэлсэнтэй нь давхцаж байна. Японы Төвбанкны ерөнхийлөгч Харухико Курода “АНУ-ын хүлээгдэж буй өсөлт нь ам.долларыг чангаруулж улмаар дэлхийн эдийн засагт эерэг хүлээлт бий болгож байна. АНУ-ын эдийн засаг энэ жил болоод ирэх жилд хурдацтай өсч, улмаар үнийн инфляц ч тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Эдгээр хүчин зүйл нь бодлогын хүүг өсгөснөөр ам.доллар бодитоор үнэлэгдэх байх” гэжээ. Түүнчлэн Курода АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын бодлого, Европын сонгууль нь энэ жил глобал гаалийн татвараар дамжуулан хамгаалах бодлогыг өдөөж, дэлхийн худалдаанд цохилт өгөх магадлалтай хэмээн бас дүгнэжээ.
Мөн тэрээр “Их 20, Их долоо болоод ихэнх улсууд глобал худалдааг дэмжих чухал үүрэг хүлээсэн. Тийм ч учраас гаалийн татвараар дамжуулан хамгаалах явдлыг багасгахад оролцоотой” гэжээ. Гэсэн хэдий ч ОУВС-гийн ерөнхийлөгч Лагард “АНУ-ын шинэ засаг захиргааны гаалийн татвараар дамжуулан хамгаалах бодлогоос эдийн засагт сөрөг цохилт ирж болзошгүй, бас сэргэж буй эдийн засгийн эерэг арга хэмжээнүүдийг харлуулах магадлалтай. Ерөнхийдөө энэ нь тэр чигтээ эерэг нөлөө үзүүлэхгүй” гэжээ.
ОУВС-гаас энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.4 хувьд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Тус байгууллагаас өнгөрсөн жил энэ үзүүлэлтийг 3.1 хувь байна хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин ирэх жил манай гаригийн өсөлт 3.6 хувьд хүрэх аж.
Ж.ЦОГЗОЛМАА
URL: