Хөршүүдийг тайван байлга, сошиалчид аа

7263

Сошиал гэх солиорлын “ертөнц” байх. Тэдэнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нэрээр бусдыг дайрч доромжлогсод, өшөө авагчид, турхирагчид, өдөөн хатгагчид, худал мэдээлэл цацагсад, мушгин гуйвуулагчид гэхчлэнгээр муугийн дүр голлоно. Мөн их мэдэгчид ч олон. Энэ “ертөнц”-д амьдрагчдын нөлөөгөөр гэр бүл салж, хөршүүд муудалцахдаа хүрч ч болзошгүй. Гэвч тэмээ туйллаа гээд тэнгэрт гарахгүй.

 

Хамгийн сүүлд “Хятад иргэд Монгол Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болжээ” гэсэн мэдээлэл өвсөнд тавьсан түймэр мэт түгэв. time.mn сайтад бичсэнээр энэ мэдээллийг Асашёрюү Д.Дагвадорж  түгээсэн гэнэ. Энэ мэдээллийн мөрөөр төр засгийг хараан зүхэгчид, хятадуудыг үзэн ядагчид идэшээ харамлаж буй өлөн чоно мэт боорлож, нэг хэсэгтээ өөрсдийгөө “баясгасан”.  Нэг хэсэг нь завшааныг ашиглаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг, Засгийн газрыг, МАН-ыг муулж, өшөөгөө авна. Нөгөө хэсэг нь нийгмийн сүлжээний онцлох сэдвийг ашиглаж, дагагчийг тоогоо нэмэхийг хичээнэ. Нийгмийн сүлжээг уншдаг, ажигладаг, хэрэглэгчдийн хэн нь хэн бэ гэдгийг гадарладаг хүмүүст бол нэг хэсэг арчаагүй, нөгөө бүлэг нь өрөвдөлтэй харагдаж буй.

 

 

“БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино” гэсэн мэдээлэл ХУДЛАА  болохыг Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж, “ХАРИУЦЛАГАТАЙГААР” гэсэн тодотголтойгоор олонд түгээв. Энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ талаар Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй гэдгийг төрийн яамнаас мэдээлэв.

 

Гадаад харилцааны яамны мэдэгдэлд тун чухал зүйлийг дурджээ. “Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул…” хэмээн иргэдэд анхааруулга өгчээ. “Ц.Мөнх-Оргил хятадуудаас уучлалт гуйжээ” гэх мэдээллийн араас гарсан энэ цуурхал сайныг авчрахгүй. Дутуу дулимаг мэдээлэлтэй, үнэн худлыг ялгахыг хүсээгүй омог ихт залуус гудамжинд нэг хятадыг гөвшихөд л асуудал үүсч эхэлнэ. Албаны хэлээр бол хоёр улсын харилцаанд сэв суух эхлэл болохыг ч үгүйсгэх аргагүй.

 

Тэгэхээр олон нийтийн сүлжээний хэрэглэгчид болоод тэндээс мэдээлэл авч буй хүмүүс шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Хийрхэгчдийг дагаж хийрхэх нь сайн нэр авчрахгүй.

 

Өнгөрсөн онд дуучин Амарааг Оросын иргэн зодсон хэрэг гарсан. Тухайн үед нийгмийн сүлжээ хэрхэн хийрхэж байсныг та бүхэн санаж буй. “Муу сайн оросууд, танхай балмад” хэмээн цоллож, иргэнийг нь эх оронд нь зоддог хэн бэ гэхчлэнгээр “дайн” зарлах хэмжээний юм болсон. Оросын Элчин сайдын яамны гадаа жагсаал хийнэ гэж төвчигнөж ч үзсэн. Харин С.Амармандах “Ганц хүнээс болж агуу их Оросын ард түмэн муу хэлэгдэх ёсгүй” хэмээн энэ үйл явдал хоёр улсын харилцаанд ямар нэг байдлаар нөлөөлөх ёсгүй учраас дэвэргэх хэрэггүй гэдгийг хүссэн.

 

Ардчилсан, эрх чөлөөт Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ энэ эрх төрийн ажлыг өмнөөс нь хийх гэж хийрхэх, санаачилга гаргасан хэмээн өөрийгөө дөвийлгөхийн нэр биш. Бас олон нийтийн сүлжээгээр хувь хувьсгалын өш хонзонгоо авах гэж улайрах нь ч явуургүй арга.

 

Тулга тойрсон хэл ам, хэрүүлд нийгмийн сүлжээнийхэн хүчтэй байж болох. Гэвч дүрдээ итгэх хэрэггүй. Улс хоорондын албан ёсны дипломат харилцаа фэйсвүүк, твиттерээр өрнөдөг хэрүүл биш. Тиймээс хөршүүдийг тайван байлга, сошиалчид аа.

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/478734.htm


URL:

Нэр: Hi Огноо: 23 January 2017

Dalai lamiin tuxai xariu ogoxgui udsan bj, neg muu visanii tuxai yasan shuurxai Xariuzlaga ve

Сэтгэгдэл бичих