АСА циркийн гурван жүжигчин амиа алджээ
Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Тус сумын нутаг дэвсгэр дэх “Тээг толгой” гэх газарт амины “Toyota Estima” маркийн автомашин, “Daewoo Ultranovus”, “Lexus 570″ маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар циркийн жүжигчид амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд зургуулаа Баянхонгор аймагт урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар ослын улмаас газар дээрээ амьсгал хураасан байна.
Харин гэмтэж, бэртсэн гурван жүжигчний нэг нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэжээ.
Ослын шалтгааныг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалжийн ярьснаар, ”Тэдний явж байх замд шөнө ачааны машин гэрлээ унтраасан зогсож байсан. Түүнийг тойрч зам руу орох гэтэл урдаас нь жийп машин гарч ирэн хоёр талаасаа мөргөлдөж, осол гарсан” бололтой. Үнэхээр харамсалтай дөнгөж 25-30 орчим насны залуус байсан юм.
Гурван жүжигчний ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн болон циркийн уран бүтээлчид цахим ертөнцөөр дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.
Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ
URL: