Үйлчилгээ гэж үнэхээр алга, “Хүннү молл”-д

210f909b5bdbefff7cd9e68e210f526e_1200Нэг хэсэг ““Хүннү молл” орж хүн болъё” гэх сурталчилгаа чихтэй болгоны сонирхлыг татаж, тэр хэрээр тус төвд орж хүн болоогүй нэгэн ховорхон үлдсэн гэхэд болно. Нийслэлд шинэхэн байгуулагдсан худалдаа, үйлчилгээний төв сар хүрэлгүй үйлчилгээ, уриа лозон нь хуучирдаг жамтай. Үүний нэгэн адил Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох “Хүннү молл” ч анхны уриа, лозонгоо мартсан бололтой.

Эргэн сануулахад амьдралын аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлэх, соёл урлаг, зугаа цэнгэл, худалдаа үйлчилгээний төвүүдтэй, Монгол Улсын тэргүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аз жаргалын өргөө болохын төлөө бид эрмэлзэн ажиллана хэмээх тус төвийн зорилго бодит байдал дээр эсрэгээрээ байна.

Учир нь өнгөрсөн бямба гарагт найз нарын хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээр “Хүннү молл” төвийг зорьсон юм. Гэвч цагийг зугаатай өнгөрүүлэх нь битгий хэл зохион байгуулалтгүй үйлчилгээнээс болж бухимдсаар гарч ирэв. Басхүү бухимдсан нэгэн ч цөөнгүй байсныг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн хэд хэдэн зүйл байсан юм.

Тухайлбал, “Хүннү молл” худалдааны төв хэрэглэгчдэд дулаан орчинд тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай ч хэт халууцсан хүмүүс гадуур хувцсаа гартаа барьсаар явж байв. Алхам бүртээ хувцсаа чирсээр залхсан зарим нэг нь “Ядаж хувцсаа хийчих, түр орхичих газар байхгүй юм байх даа, арай ч дээ” хэмээн халаглаж байх. Нэг үеэ бодвол иргэд “Хүннү молл”-ыг хол гэж төвөгшөөлгүй зорьж очин үйлчлүүлдэг болчихлоо. Ялангуяа амралтын өдрөөр гэр бүл, найз нөхдөөрөө амарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр машинтай нэгэн нь машинаараа, машингүй нэгэн нь автобусанд суугаад очдог болсон.

Гэтэл хөгжилдөх, зугаацах гэж ирсэн иргэд гадуур хувцастайгаа зууралдсаар таарах аж. Тэр дундаа эрэгтэйчүүд нь эхнэр, хүүхдийнхээ гадуур хувцсыг тэврээд ачаатай тэмээ шиг юм л явж байх жишээтэй. Ингээд хэлэхээр зарим нэг нь “Юун сүртэй юм. Хийж, бүтээж байгаа нэгнээ мууллаа” хэмээж магадгүй. Гэхдээ бүхэл бүтэн худалдаа, үйлчилгээний цогцолбор байж энэ асуудлаа шийдмээр л байгаа юм. Ямар “Дүнжингарав”, “Сандэй” худалдааны төв биш. Эдгээр худалдааны төвд хүмүүс зөвхөн худалдаа хийх гэж л очдог. Харин “Хүннү молл”-д худалдаа хийхээс илүүтэйгээр амралт, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхийн төлөө очдог гэдгийг санах хэрэгтэй болов уу.

Анхнаасаа л амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухай орчин хэмээх имижийг бүрдүүлсэн “Хүннү молл”-ынхон ашиг орлого олохыг зорилго болгохоос илүү үйлчлүүлэгчдээ нэн тэргүүнд тавих хэрэгтэй болов уу. Хувцасны өлгүүр, хувцасны шүүгээ гээд олон шийдлүүд байна шүү дээ, цаана чинь. Иргэдийн бухимдал үүгээр ч дуусахгүй. Тус төвийн кино театрын үйлчилгээ иргэдийн бухимдлыг хамгийн их хөдөлгөж байлаа.

Ямар сайндаа л кино үзэхээр хамт явсан найзууд маань тус тусдаа тасалбартай хэрнээ нэг суудал дээр хоёулаа сууж үзэж байх вэ дээ. Энэ үйлчилгээний доголдол хүүхдийн тасалбар дээр том хүний тасалбарыг давхар бичсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдэд 11 дүгээр суудал дээр 5000 төгрөгийн тасалбар биччихээд дахиад 11 дүгээр суудал дээр том хүнд 8000 төгрөгөөр давхар суудал бичжээ. Энэ мэтчилэн үйлчилгээний ажилтнуудын буруугаас болж үйлчүүлэгчдийн хооронд үл ойлголцол үүсч байв.

Зарим нэг нь кино эхлээд 20 минут өнгөрчихөөд байхад суудалгүй зогсож байх жишээтэй. Суудалгүй зогсож байгаа үйлчлүүлэгчдийг суулгах гэсэн ажилчид нь хүртэл үйлчлүүлэгчтэйгээ хэрэлдэж, загначихаад зогсож байх юм. Үйлчилгээний наад захын доголдлоо засаагүй байж юун аз жаргалын өргөө болох тухай ярина вэ. Нэгэнт байгууллагынхаа үнэт зүйл, үзэл баримтлалд хэрэглэгчээ дээдэлж, үйлчилгээний өндөр стандарт, аюулгүй байдлыг чухалчилж ажиллана гэсэн юм чинь энэ алдаагаа засмаар юм даа. Тэгэх­гүй бол өнөөдөр танайхаас уурлаж гарсан үйлчлүүлэгч дахиад ирэхгүй л болов уу.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих