МАН нүүрээ нуусан “лаларууд”-ын горыг амсч байна даа

738eab855fcd9b40a7bcc01712e7e146_1200

Дэлхий дахинд цахим ертөнц дээд цэгтээ хүртэл хөгжиж, амьд бүхнийг өөртөө “уусгаж” байгаа билээ. Энэ хөгжлөөс Монгол Улс ч яаж хоцрох билээ. Сүүлийн үед цахим ертөнцийн “дайн” нэлээд ширүүсч байна. Жиргээчид гэж бүхэл бүтэн арми гарч ирж, мөнгө аваад хэнийг ч од болгож чадна. Бас хэн нэгнийг ч “булшилж” байна. Цахим ертөнц, фэйсбүүк, твиттер ийм хүчтэй болсон. Худал ч бай, үнэн ч бай мэдээллийг тараахад амархан болчихож. Сүүлийн үед эрх баригч МАН-тай холбоотой, цаашлаад Гадаад харилцааны яам, сайд руу нь чиглэсэн элдэв мэдээлэл тарах болоод буй.

Цөс ихтэй хэсэг бүлэг нөхдийг юунд ч хүргэж мэдэхээр. Нөгөө Э.Бат-Үүл дарга хэн болох нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан “лалар”-ууд сошиал ертөнцөд дуртайгаа ярьж, бусдыг харааж зүхэж, хүмүүсийг хүчирхийлэлд турхирч, гүтгэж, доромжилж байна гэдэг МАН-ынхны орой руу орж байгаа биз, одоо.

Тэр үед ард түмнээ лалар гэлээ гээд л дайраад байсан. Яг л тэр болж байна. Саяхан Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх гэж байна гээд л баахан цуурав.  Ерөөсөө хэн хүнгүй л давхар иргэншлийг зөвшөөрөх гэж байна гээд дайраад байхаар бүх нийтээрээ үнэмших шахав.

Худлаа үгийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг энэ буюу. Сүүлийн үед Хятад улсын иргэдийг Монголд 30 хоногийн хугацаатай визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ирэх сарын 1-нээс энэ журам хэрэгжиж эхлэх юм байна гэсэн мэдээлэл цацагдав. Олны танил, нэр хүнд бүхий хүмүүс ч гэсэн энэ тухай жиргэсэн байсан. Түүний хариуд Гадаад харилцааны сайд худлаа мэдээлэл гэж бас л цахим ертөнцөөр цацав. Үүнийг албан ёсны мэдээлэл гэж үзэх үү. Хамгийн гол нь энэ мэт мэдээллийг хэн, ямар зорилготой цацаад байна вэ.

Эсвэл үнэхээр ийм асуудал яригдаад, ямар нэг албан тушаалтан нь журам гаргах гээд чичрээд байна уу. Түүнийг нь мэдээлэлд илүү ойр хүмүүс сонсчихоод, твиттер хуудсаар цацав уу. Тийм л биш бол албан ёсоор тайлбар хийгээд, энэ мэт худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Хувь хүний тухай хортой мэдээлэл ингэс тэгэсхийсгээд өнгөрч болдог юм байж. Харин энэ мэтчилэн улс үндэстэнтэй холбоотой эмзэг асуудал бол аюул дагуулах магадлалтай.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр худалдаж авах болов гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж эхэллээ. Үнэн, худал нь бүү мэд. Төр хувийн өмчийг дээрэмдэн авах гэж байгаа хэрэг үү, тэгвэл. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах мөнгийг Монголбанк хэвлээд, Худалдаа хөгжлийн банкинд өгчихсөн ч гэх шиг.

Ерөөсөө нэг асуудалтай холбоотой, жаахан шуугиан тарихаар мэдээллийг оруулчихад л вирус аятай цаашаа тардаг. Хэн ч үнэн, худал эсэхийг хянахгүй байна. Тийм хяналтгүй орчин бий болчихлоо. Хамгийн энгийн жишээ татахад, зээгээ салхилуулаад явж байсан өвөөг хүүхдээ архинаас зарах гэж байна гээд л зургийг нь зөвшөөрөлгүй аваад цахим ертөнцөд цацсан.

Тэр нь ямар хурдан Монгол даяар вирус адил тархаа билээ. Цагдаад хандаж, зээгээ салхилуулж явсан гэсэн залруулга явсан. Үнэн мэдээ нь харин хэдэн хүнд хүрсэн бол. Яг л ийм маягаар одоо МАН руу дайрч байна. Эрх барьж байгаа нам “буудуулдаг” нь жам хойно. Өнгөрсөн хэдэн жил АН төр барьж байхад бас л энэ аргаар “намнасан”.

Тиймээс эрх барьж байгаа намынханд анхааруулах гээд байна. Цахим ертөнцөд “үүрлэж”, элдэв хуурамч хаягны цаана нэр, нүүрээ нууж, захиалгаар худлаа мэдээлэл тараадаг “лалар”-уудтай тууштай тэмцэхгүй бол 2020  онд горыг нь амсана шүү. Зөвхөн хуурамч нэр, хаягаар элдэв мэдээлэл тараагчид биш түүнийг нь шүүрч авдаг, ямар ч хяналтгүйгээр тараадаг редакцигүй сайтанцаруудтай ч гэсэн тэмцэх цаг болсон.

Тэгэхгүй бол дураар нь тавьсны горыг одоо ч амсч байгаа биз дээ, угаасаа. Дараагийн сонгууль болтол зай ч байна, лай ч байна гэж суух хэрэггүй. Энэ хугацаанд ямар худлаа мэдээллийг яаж цацаж, нийгэмд дуулиан шуугиан үүсгэхийг хэн мэдлээ. Ядаж байхад хандалт авахын тулд хүний санаанд багтамгүй гарчиг өгч, түүнийгээ фэйсбүүк, твиттерээр цацаж байгаа шүү дээ, зарим сайтынхан. Угаасаа ямар ч редакци байхгүй, сэтгүүлчдийн баггүй, нэг нөхөр жорлонгийн суултуур дээрээ сууж байгаад  бусдын хөлс хөдөлмөрөө зарж, гутлын улаа элээж, оюунаа дайчлан байж бичсэн материалыг хуулж тавьдаг, тэд. Үүнийг яаралтай цэгцлэхгүй бол Монгол Улсад л хохиролтой. Вирус тараагчид нэг л мэдэхэд Монголыг хэнд ч өгчихөж магадгүй нь.

mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих